“Голден Стэйт Уорриорс”-ын дасгалжуулагч Стив Керр багийн лидер Стефен Карригийн гэмтлийн талаар сэтгүүлчдэд ам нээжээ. Өнгөрсөн бямба гаригт нарийн шинжилгээнд орсныхоо дараа шөрмөсний гэмтлийн улмаас дор хаяж гурван долоо хоног тоглохгүй болсон Карри гурван долоо хоногийн дараа дахин эмчийн үзлэгт хамрагдаж, хэзээ эргэж ирэх нь тодорхой болно. Тэгвэл С.Керр түүнийг хасагдах шатны эхний раундад тоглохгүй гэж ярьжээ.
С.Керрийн ингэж ярьсныг С.Карригаас тодруулахад, “Дасгалжуулагч буруу таамаглаж байна. Хасагдах шатнаас өмнө бэлэн болно гэдэгтээ итгэлтэй байгаа” гэсэн юм.
С.Карри ирэх сарын 14-нд дахин шинжилгээнд орно. Харин энэ өдөр нь хасагдах шатны эхний үе нээлтээ хийх юм. С.Керрийн хувьд хоёр жилийн өмнөх алдаагаа давтахыг хүсэхгүй байгаа бололтой. Тэр үед С.Карри хасагдах шатанд шөрмөсний гэмтлийн улмаас хоёр долоо хоног талбайд тоглоогүй. С.Карри буцаж ирсэн ч өөрийнхөө тоглолтыг гаргаж чадаагүй юм. Тэр улиралд 30.1 оноо дунджилж, 50.4 хувийн оновчтой шидэлтээ гүйцэтгэж байсан бол шигшээ тоглолтод “Кливлэнд”-ийн эсрэг 22.6 оноо дунджилж, 40.3 хувьтай довтолсон билээ.