“Голден Стэйт Уорриорс” багийн лидер Стефен Карри баруун шагайны гэмтлийн улмаас зургаан тоглолт өнжсөн бөгөөд өнөөдөр “Атланта Хоукс” багийн эсрэг тоглолтод эргэн ирсэн ч тоглолтын гуравдугаар үед зүүн өвдгөндөө бэртэж, талбайг орхисон юм.
Багийн зүгээс түүнийг шөрмөсөндөө гэмтэл авсныг тодруулж, маргааш буюу орон нутгийн цагаар бямба гаригт шинжилгээнд оруулахаар болжээ. Энэ үер гэмтэл нь хэр ноцтой болохыг тогтоох юм.
Бичлэгнээс үзэхэд багийнх нь тоглогч Жавайл МкГее эсрэг багийн довтолгоог зогсоох оролдлого хийгээд унахдаа Карригийн зүүн хөлийг гэмтээсэн байна.
Энэ жил 30 настай С.Карри хэдийнэ 21 тоглолт өнжөөд буй. Үүний ихэнх нь шагайны бэртэлтэй холбоотой байлаа. “Уорриорс”-ын гол довтлогч Кевин Дюрант түүний эзгүй байсан үеийг “Бид түүнгүйгээр талбайд тоглох нь эрс өөр байдаг. Тэр бол энэ багийн систем. Стив Керр дасгалжуулагчийн арга барилын гол хүн бол Карри” гэж ярьсан удаа бий.
С.Карригийн бэртлийн нарийвчилсан онош одоогоор тодроогүй. Гэхдээ бэртэл хэр ноцтой эсэхээс шалтгаалж бүрэн эдгэрэхэд дунджаар зургаан долоо хоног шаардлагатай аж. С.Карри өөрөө талбайгаас гарч явсан учир үүнээс ч бага хугацаанд эдгэрэхийг үгүйсгэхгүй юм. Мэргэжлийн тамирчдын дийлэнх нь 6-8 долоо хоног чөлөө авдаг билээ.