Эрчүүд хэсгээ тэргүүлж байна

Нидерландын Амстердам хотод болж буй 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-ий эхний өдөр манай эрчүүд гараагаа амжилттай эхлүүллээ.

Хэсгийн эхний шатанд чансаагаар хоёрдугаар бичигдэж байгаа ОХУ-ын багтай учраа таарсан юм. Оросын багт 25+ насны ганц ч тоглогч байхгүй. Бүгд нас залуу бөгөөд 22 настай Александр Зуев дэлхийд чансаагаар 22-т бичигддэг. А.Зуев өнгөрсөн жил U23 хүртэлх насны залуучуудын ДАШТ-ий үнэ цэнэтэй тоглогчоор тодорч, олны анхааралд өртсөн билээ.

Дэлхийд багийн чансаагаар наймдугаарт жагсдаг манай багт Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Э.Цэрэнбаатар, Ц.Отгонжаргал нарын бүрэлдэхүүнтэй. Тэднээс хамгийн залуу нь 25 настай Ц.Отгонжаргал.

Э.Дөлгөөн

Тоглолт дуусахаас дөрвөн минутын өмнө ОХУ-ын баг 8:5-аар тэргүүлж эхэлсэн ч үүнээс хойш манай сагсчид гурав дараалан оноо авч, тоог тэнцүүлсэн. Тоглолтын төсгөлд санаачилгыг гартаа авч, улмаар 11:12-оор тэргүүлж эхэлсэн юм. Оросууд тоглолт дуусахаас 15 секундын өмнө тоог тэнцүүлж амжсан ч 8.7 секундэд Э.Дөлгөөн дээр алдаа гаргасан. Энэ боломжийг тэр алдсангүй.

ОХУ 12:14 Монгол тойм

“B” хэсгийн эхний тоглолтод украинчууд гол өрсөлдөгч пуэрто риког ялсан юм. Харин эхний тулаандаа ялагдсан оросууд Украиныг ялснаар анхны хожлоо авсан. Пуэрто рикочууд Эстонийг буулган авснаар мөн 50 хувийн амжилттай болжээ.

Манай залуус дэлхийд чансаагаар 16-д эрэмбэтэй Эстониг 20:17-гоор буулган авч, ДАШТ-ий хоёр дахь ялалтаа байгуулснаар хэсгээ тэргүүлж байна.

Монгол 20:17 Эстони тойм

Ийнхүү эхний өдрийн дараах байдлаар Монголын эрэгтэй шигшээ баг хэсгээ тэргүүлж байна. Манай залуус хэсгийн үлдсэн хоёр тоглолтынхоо нэгт нь хожиход л хэсгээсээ шалгарах сайхан боломж бүрдэх юм.

Манай шигшээ хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо энэ сарын 20-нд буюу маргааш 16:20 цагаас Пуэрто Рикотой, 19:50 цагаас Украинтай тус бүр хийнэ.

Start a Conversation

Your email address will not be published. Required fields are marked *