Ахлах сургуулийн тоглогчид G лигт тоглох уу

NCAA буюу Америкийн оюутны дээд лигийн хэд хэдэн томоохон албан тушаалтан, багийн ерөнхий менежер, ахлах дасгалжуулагч тэргүүтэй хэд хэдэн хүмүүс авилгалын хэрэгт холбогдож, холбооны мөрдөх товчооноос шалгалт явуулсан билээ. Багадаа 25 тоглогч энэ хэрэгт холбогдсон бөгөөд Мичиган их сургуулийн Майлс Брижес, Алабамагийн Коллин Секстон, Дюкийн Венделл Картер болон өнөөгийн NBA-ийн тоглогч Кайл Кузма, Деннис Смит Жуниор, Бэм Адебайо, Айзья Уайтхид, Маркель Фультц зэрэг томоохон нэрс холбогдоод байгаа юм.

Эдгээрээс Секстон болон Картер нар 2018 оны NBA-ийн драфтад нэрээ дэвшүүлсэн билээ. Өнгөрсөн жилийн сонгон шалгаруулалтаар лигт элссэн Смит, Адебайо, Фультц нар коллежийн сагсан бөмбөгт нэг жил тоглоод л дээд лигийн тамирчин болсон.

Тэгвэл их сургуулиуд шилдэг залуу тоглогчдыг урвуулахын тулд их хэмжээний мөнгө цацдаг болох нь тогтоогдсон. Томоохон их сургуулиуд тамирчдыг зөвхөн үнэгүй сургалт, шилдэг хөтөлбөр, үүх түүхээрээ урхиддаг байсан цаг ард хоцорчээ. Тэд их хэмжээний мөнгө эргэлдүүлж, ар гэрт мөнгөн тусламж, тамирчиндаа элдэв үнэтэй бэлэг өгөх зэргээр “өрсөлддөг” болсон юм.

Энэ асуудлаас болж, NBA ахлах сургуулийн шилдэг тоглогчдыг шууд “G лигт” элсүүлж магадгүй гэнэ.

“G лиг” гэж юу вэ?

“G лиг” бол NBA-ийн доод лиг гэсэн үг. Дээд лигийн баг бүр доод лигийнхээ аль нэг багтай холбоотой байдаг аж. Ингэснээр тоглогч нь гэмтсэн тохиолдолд цөөн хоногоор зарим тоглогчтой гэрээ байгуулж, гэмтлийн хүнд үеийг даван туулдаг. Түүнчлэн дээд лигт орон зай олдоогүй тамирчид энэ лигт өөрийгөө харуулах үүрэгтэй. Зарим үед их спортоо орхих цаг нь болчихсон ахмад тамирчид, хүнд гэмтлээс эргэн ирэх оролдлого хийж буй сагсчдын хувьд энэ лиг NBA рүү гарах нэг алхам болдог.

Коллежийн сагсан бөмбөгт тухайн тоглогч нэг ч ам.долларын цалин авах ёсгүй байдаг. Харин “G лиг”-ийн хамгийн өндөр цалин нь 25 мянган ам.доллар. Энэ нь Дюк болон Кентаки гэх мэт нэр хүндтэй коллежийн тоглогч байхтай харьцуулагдахгүй ч энэ лигт агент болон бусад ивээн тэтгэгчийн цалинтай байж болдог давуу талтай.

Өдгөө ахлах сургуульд тоглож буй чадварлаг тоглогчдын нэг Зион Уильямссон энэ лигт тоглохоор болвол “Adidas”, “Nike”, “Under Armour” зэрэг компаниуд ивээн тэтгэх сонирхолтой байгаа аж.

Коллежоос илүү “G лиг”-ийг сонгосон тоглогч NBA-д нэг бус удаа бий. Тодруулбал, Латавоус Уильямс ахлах сургуулиа төгссөнийхөө дараагаар хөгжлийн лигийн “Тулса 66” багт зүтгэж байв. Тэрбээр 2010 оны драфтад нэрээ дэвшүүлж, “Майами Хит” багт сонгогдсон билээ. Харамсалтай нь, Уильямс дээд лигт тоглож чадаагүй юм. Тэр хөгжлийн лигт дахин нэг улирлыг өнгөрүүлээд Испанийн Валенсиад мөн Пуорто Рико, Доминикан, Венесуэль, ОХУ-ын багт тоглосон билээ.

Түүнчлэн хөгжлийн лигт тоглож буй тамирчид цахимаар дээд сургууль төгсөх бүрэн боломжтой байдаг билээ.

 

 

 

 

Start a Conversation

Your email address will not be published. Required fields are marked *