NBA: Кристапс Порзингис “Даллас Маверикс”-т очлоо

“Даллас Маверикс”, “Нью Йорк Никс”-ийн хооронд томоохон солилцоо боллоо.

ESPN-ий сэтгүүлч Адриан Вожнаровски энэ долоо хоногт хоёр том мэдээллийг цацлаа. Эхнийх нь Энтони Дэвисийг гэрээгээ сунгахгүй, солилцоонд орох хүсэлт тавьсан гэсэн бол дараагийнх нь “Никс”, “Маверикс”-ын солилцоо болов.

“Никс” баг Деннис Смит ЖР, ДеАндре Жордан, Уэйсли Матьюс нарыг эгнээндээ элсүүлж, Трей Бөрк, Кортни Лий болон Тим Хардуай ЖР, Кристапс Порзингис нарыг “Даллас Маверикс” руу явуулсан юм.

Үүнээс гадна “Даллас” драфтын эхний бүсийн хоёр эрхийг солилцоонд өгчээ.


Кристапс Порзингис: Ашигтай

Кристапс Порзингис

Хэзээ нэгэн цагт Кристапс Порзингис “Никс”-ийг орхиж, шинэ багт очих нь тодорхой байлаа. КП 2017 онд “Никс”-ийн сагсан бөмбөг хариуцсан ерөнхийлөгч Фил Жексонтой уулзахаас татгалзсан юм. Хүнд бэртэл авсныхаа дараа гэрээгээ сунгахгүй гэдгээ мэдэгдэж байв. Харин одоо тэр хүссэн багтаа очсон. “Даллас Маверикс”-т түүн шиг тоглогчийг яаж ашиглах арвин туршлага бий. Учир нь энэ багт сүүлийн 20 жил Дирк Новицки тоглож байгаа юм.


Деннис Смит ЖР: Ашигтай

“Даллас Маверикс” энэ жилээс Лука Дончич хэмээх шинэ “зэвсэгтэй” болсон. Энэ “зэвсэг” өөр нэгэнд ашиггүй байлаа. К.Порзингисийг багтаа авчрах болсон гол шалтгаан Деннис Смитийг явуулах байсанд гайхах зүйлгүй. Л.Дончич, Д.Смитийн тоглолт хоорондоо зохицдоггүй, хэн нэгнийг нь сэлгээнд суулгах тааруухан шийдвэр байсан юм. Харин “Никс”-т тэр илүү үр дүнтэй тоглолт үзүүлж мэднэ. Тиймээс Лука Дончич тэр хоёрт хоёуланд нь ашигтай солилцоо юм.

Харин Фрэнк Нтиликинад энэ солилцоо ашиггүй.


Бусад

“Никс” шинээр авсан хоёр ахмад тоглогч болох Уэйсли Матьюс, ДеАндре Жорданг ашиглахгүй байх магадлалтай. Тэд тус хоёр тоглогчийн гэрээг цуцлах магадлал өндөр. Дүрэм ёсоор гуравдугаар сарын 1-нд уг хоёр тоглогчийн цуцлах боломжтой.

“Никс” энэ солилцоогоор 73 сая ам.долларын цалингийн цэс гаргах боломжтой болсон. Энэ нь Кевин Дюрантад жилд 38.2 саяыг шууд өгөх боломжтой гэсэн үг. К.Дюрантад макс гэрээг өгөхөд эхний жилдээ 38.2 саяыг авна. Үүний цаана дахиад 35 сая “ногоон”-ы цалингийн зай үлдэнэ. К.Өрвинг гэх мэт ирэх жил сулрах оддоос аль нэгийг нь авчрах бүрэн боломжтой.

Start a Conversation

Your email address will not be published. Required fields are marked *