Азийн наадмын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг талбайн эзэн Индонезтой шийдвэрлэх тоглолт хийсэн ч харамсалтай нь, дараагийн шатанд шалгарахад хоёр оноо дутлаа. Энэ тоглолтод долоон оноогоор илүү хожсон тохиолдолд Монголын шигшээ баг дараагийн шатанд шалгарах байв. Гэвч эцсийн үр дүн 74:69-өөр өндөрлөсөн тул бид гэртээ харих болж, Индонезийн шишээ баг БНХАУ-ын багтай дараагийн шатанд өрсөлдөх боллоо.
Тоглолтын дундуур манай сагсчид санаачилгыг гартаа авч, 18 оноогоор хол тасарсан ч төгсгөлд тааруу тоглолт үзүүлээд таван оноогоор хожсон нь хангалтгүй үзүүлэлт болов.
Эхний хагаст индонезчууд дөрвөн оноогоор илүүрхсэн ч хоёрдугаар үед манай тамирчид 15 оноогоор хожсон юм. Ялангуяа Т.Санчир хоёр удаа дараалан гурваас амжилттай гүйцэтгэж, баг нь 10 оноо дараалан авч, оноогоор холдож эхэлсэн. Индонезчууд оноог ойртуулахыг хичээсэн ч энэ үеийн төгсгөл манайхны давамгайллаар өндөрлөсөн юм.
Гуравдугаар үед Монголын баг онооны тэргүүллээ улам холдуулж, 55:37 буюу 18 оноогоор тасарч эхэлсэн. Гэхдээ үеийн төгсгөлөө хийж чадсангүй. Б.Билгүүн гуравдугаар үе дуусах дөхөхөд дараалан хоёр алдаа хийж, нийт алдаа тав болсноор сэлгээнд суулаа. Түүний эзгүйд багийн хамгаалалт нурж, довтолгоо ч эзгүйрч эхэлсэн. Үр дүнд нь олон онооны зөрүүгээ хадгалж чадаагүй.
Б.Билгүүний хамгаалалт байхгүй болсноор Индонезийн америк легионер Андре Жонсонг зогсоох тоглогч манайд өөр байсангүй. Тэрбээр багтаа тун чухал дөрвөн оноог авч, багаа дараагийн шатанд шалгарахад онцгой үүрэг гүйцэтгэв. Дөрөвдүгээр үеийн төгсгөлд Т.Санчираар гурваас шидүүлсэн. Хэрвээ энэ шидэлт орсон бол Т.Санчир баатар болж, Монголын баг дараагийн шатанд шалгарах байв. Гэвч гурван хамгаалагчийн эсрэг зүтгэж шидсэн нь түүний шидэлт дутаж, довтолгооны самбараас авсан ч Б.Болдбаатар гурваас шидэхийн оронд хоёр оноо авсан. Цаг дуусахад 2.2 секунд үлдсэн үед Б.Болдбаатар ийм шийдвэр гаргасан нь багаа хөөдсөн явдал болов. Уг нь манайд хоёр бус гурван оноо л хэрэгтэй байсан юм.
Шийдвэрлэх тоглолтод Т.Санчир 28 оноо+10 самбар, 17 оноо+6 самбараар багтаа тусалж, эсрэг багаас гурван тоглогч 10-аас дээш оноо авсан үзүүлэлттэй дууслаа.