Азийн наадамд өрсөлдөж буй Японы сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг дөрвөн тоглогчоо хөөж, гэрт нь буцаасан байна. Энэ талаар өнөөдөр хэвлэлд мэдэгдсэн бөгөөд Такүяа Хасимото, Кэйта Имамүра, Юяа Нагаёоши болон Такүма Сато нарыг орон нутгийн биеэ үнэлэгчтэй нэг оройг хамт өнгөрүүлсэн хэмээн буруутгасан байна.
Японы шигшээ баг хэсгийн шатанд Катарыг 82:71-ээр буулган авсны дараа дээрх явдал болсон бөгөөд хийсэн хэрэгтээ гэмшиж байгаагаа тоглогчид хүлээжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр тоглогчид шар айраг уухаар орон нутгийн бааранд очсон бөгөөд тэр үедээ эмэгтэйчүүдтэй танилцаж, “тохиролцсон” аж.
“Бидэнд заавал дагах ёстой ёс зүй гэж байдаг. Эдгээр дөрвөн тамирчин уг журмыг зөрчсөн. Тамирчид зөвхөн спортын талбарт төдийгүй олон нийтийн газарт ч биеэ зөв зохистой авч явах шаардлагатай” гэж Японы шигшээ багийг даргалж буй Ясүхиро Ямашита шийдвэрээ тайлбарласан байна.
Японы олимпийн хороо тэмцээнээс өмнө буцаж ирэх дөрвөн тоглогчийг зардлаа өөрсдөө гаргах ёстой хэмээн мэдэгдсэн аж.
Одоо Японы шигшээ баг ердөө найман тоглогчтой үлдсэн. Хэсгийн дараагийн тоглолтоо Хонконгийн багтай хийх юм. Япончууд Азийн наадамд тамирчдаа тэмцээнээс нь өмнө буцаасан түүх ганц энэ биш юм. Дөрвөн жилийн өмнө тус улсын усанд сэлэгч Нао Томита БНСУ-ын сэтгүүлчийн гар утсыг хулгайлсан хэрэгт буруутгагдаад гэртээ харьсан билээ. Үр дүнд нь Нао Томита ажлаасаа халагдаж, Японы усанд сэлэлтийн холбоо түүнийг 980 ам.доллароор торгоод, 18 сар тэмцээнд оролцохыг нь хориглосон юм.