Үндэсний сагсан бөмбөгийн холбоо болох NBA “MGM Resorts International”-той хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурснаар АНУ-ын мэргэжлийн лигүүдээс мөрийтэй тоглоомны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанитай тохиролцсон анхных нь боллоо.
Орон нутгийн цагаар өнгөрсөн мягмар гаригт лигийн комиссар Адам Сильвер албан ёсоор мэдээлэл хийж, Лас Вегаст төвтэй тус казиногийн компанитай хамтарч ажиллах болсноо мэдэгдэв.
Хоёр тал гэрээ байгуулснаар “MGM” компани NBA-гийн албан ёсны стат, үзүүлэлтийг ашиглах бололцоо үүсч, мөн тохиролцсон тоглолт зэргээс сэргийлэх боломжтой гэж NBA үзэж байгаа юм.
АНУ-ын дээд шүүхээс спортын мөрийтэй тоглоом, бооцооны эсрэг хуулийг ихэнх мужид хүчингүй болгосон юм. Энэхүү хуулийг хүчингүй болгосон тухай захирамж гарсанаас гурван сар хүрэхгүй хугацааны дараа NBA мөрийтэй тоглоом, казиногоор дагнасан спонсортой боллоо.