Лэброн Жэймсээ алдсан “Кливлэнд Кавальерс” өөр нэг чухал тоглогч болох Кевин Лоувтой гэрээгээ сунгалаа. Тэд дөрвөн жилийн 120 сая дээр тохиролцсон байна. Түүний гэрээ дуусахад нэг жил үлдсэн, энэ хугацаанд 25.5 саяыг авах ёстой байсан ч шинэ гэрээ байгуулснаар ирэх улиралд 24.1 саяыг “халааслах” боллоо. Дөрвөн жилийн хугацаанд дунджаар 30 саяыг авах боллоо.
“ESPN”-ийн сэтгүүлч Адриан Вожнаровскигийн мэдээлснээр тэр ирэх улиралд хуучин гэрээгээ дуусгаад шинэ гэрээ байгуулсан бол таван жилийн 153 саяыг авах боломжтой байсан юм.
К.Лоув шинэ гэрээнийхээ талаар “Анх энэ багт ирсэн цагаасаа хойш удаан, тогтвортой тоглолт үзүүлэхийг хүсч байлаа. Би энэ багт ялалтын төлөө ирсэн. Бид нэг зорилго дор нэгдэж, хүссэн зүйлдээ хүрч чадна” гэж ярьлаа.