“Майами Хит”-ийн хамгаалагч Дуэйн Уэйд одоогоор чөлөөт агент болоод буй. Өнгөрсөн долдугаар сарын 1-нээс хойш тэр аль багт очих нь тодорхойгүй байгаа. Тэгвэл Д.Уэйд ирэх улиралд NBA-д бус Хятадын лигт тоглож магадгүй бололтой.
“Sportando”-гийн мэдээлснээр бол “Шинжан Флайнг Тайгерс” баг нэрт тоглогчид гэрээний санал тавихаар бэлдэж байгаа аж. Одоогоор үнийн санал нь нийтэд ил болоогүй байгаа юм.
Д.Уэйд Хятадад аялж яваа бөгөөд тус улсын “Li-Ning” компанитай насан туршдаа хамтрах том гэрээ байгуулаад удаагүй байгаа юм. Тиймээс хятадуудтай холбогдсон нь шинэ зүйл биш.
Тэрбээр өөрийн “Way of Wade 7” шинэ пүүзээ зарласан хэвлэлийн бага хурлын үеэр ирээдүйнхээ талаар “Хятадаас буцаж гэртээ очоод ямар шийдвэр гаргахаа шийднэ. Одоогоор бол би амарч байна. Спортод юу ч болж болно. Одоохондоо хэлж мэдэхгүй байна” гэж ярьсан юм.
NBA-гээс бусад лигт тоглогчид өндөр цалин авна гэдэг ховор үзэгдэл. 2015 онд цагтаа NBA-д данстай явсан орос тоглогч Алексей Швед нутгийнхаа “Химки” клубтэй гурван жилийн 10.2 сая “ногоон”-ы цалин авахаар тохиролцсон нь хамгийн өндөр цалин аж. Мөн 2011 оны драфтын №10-аар сонгогдож байсан АНУ-ын Жиммер Фредетт өнгөрсөн улиралд “Шанхай Шаркс” багтайгаа гэрээгээ сунгахдаа жилийн 1.8 сая ам.долларын цалин авахаар болж байв. Ж.Фредитт өнгөрсөн улиралд Хятадын лигийн үнэ цэнэтэй тоглогчоор тодорсон билээ.