Лэброн Жэймс сүүлийн найман жилийн хугацаанд хоёр дахиа Кливлэнд хотыг орхиж байна.
“Klutch Sports” группийн мэдээлснээр “Кливлэнд” багаас 35.6 сая ам.долларын цалинтай, нэг жилийн гэрээгээ цуцалсны дараа “Лос Анжелес Лэйкерс” багтай 4 жилийн 154 сая “ногоон”-ы гэрээг үзэглэхээр болсон аж.
“Лэйкерс” дахин өрсөлдөөнд оров
“Лос Анжелес Лэйкерс” дахин түрүүлэх багийн эгнээнд орж эхэллээ. Өдгөө 33 настай Жэймс өнгөрсөн улиралд 27.5 оноо, 9.1 оновчтой дамжуулалт, 8.6 самбар, 54.2 хувьтай довтолж, холын зайнаас 36.7 хувьтай шидсэн төдийгүй лигт хамгийн их буюу 36.9 минут талбайд гарсан юм.
Үүгээр ч зогсохгүй хасагдах шатны 22 тоглолтод 34.0 оноо, 9.1 самбар, 9.0 оновчтой дамжуулалт дунджилж, багаа Дорнод бүсийн аваргаар дөрвөн жил дараалан тодруулсан. Тэрбээр лигийн түүхэнд багадаа хасагдах шатны 15 тоглолт хийсэн тоглогчдоос ийм дундаж үзүүлсэн анхны тоглогч болсон билээ.
“Кливлэнд” шинэчлэлийн зам руу
Л.Жэймсийн энэ шийдвэр “Кливлэнд”-д хүчтэй нөлөөлнө. Тус багийн хувьд цаашид шинэчлэлийн зам руу орох нь гарцаагүй болох ирээдүй. Тэд Кевин Лоувыг ч явуулах арга зам хайж мэдэх юм. Гэхдээ тэдний шинэчлэл тийм ч амар байхгүй нь тодорхой. Учир нь Жорж Хилл (19 сая), Тристан Томпсон (17.5 сая), Жи Ар Смит (14.7 сая), Жордан Кларксон (12.5 сая) зэрэг өндөр цалинтай тоглогчид бий. Лэброн явсанаар санхүүгийн том хямралд өртөнө гэж шинжээчид таамаглаж байгаа юм.