“Сан Антонио Спэрс”-ийн супер од Кави Леонард багаасаа явах хүсэлтээ өгчээ. Нэг хэсэг бүр сураггүй болж, Нью-Йоркт эмчилгээ хийлгэж буй нэрээр багийнхаа дуудлагыг огт авахаа больсон Кавай сүүлийн үед арай зөөлөрч, Грэгг Попович дасгалжуулагчтай уулзалт хийгээд амжсан. Үүнээс үүдэн түүийг багтаа үлдэх нь гэх яриа газар авсан ч өнөөдөр солилцоо хийхийг албан ёсоор шаардсан байна.
Ингэснээр Кавид ашигтай зүйл гэж үгүй. Харин ч бизнес талаасаа тэр том алдагдал хүлээх юм. Хэрвээ “Спэрс”-тэй гэрээ байгуулвал супер макс буюу 5 жилийн 219 сая “ногоон” халааслах боломжтой бол өөр багт очоод гэрээ байгуулвал 5 жилийн 188 сая авна. Ингэснээрээ нийт 31 сая ам.долларыг салхинд хийсгэх юм.
“ESPN”-ий сэтгүүлч, хамгийн түргэн шуурхай, үнэн бодит мэдээлэл түгээдэг гэдгээрээ алдартай сэтгүүлч Адриан Вожнаровскигийн үзэж буйгаар Лос-Анжелесаас гаралтай Сан Диего Стэйтийн бүтээгдэхүүн Леонард төрсөн хотдоо эргэн очих хүсэлтэй аж. “Лэйкерс” болон “Клипперс” хоёул түүнийг сонирхож байгаа ч Нуурынханд очих магадлал илүү өндөр гэж Вожнаровски үзэж буй. Гэхдээ Г.Попович өөрийн тоглогчоо Өрнөдийн багт зарахгүй байх бодлого баримталдаг хүн. Тиймээс өөр хувилбарыг ч бас харах хэрэгтэй.
Кавайгийн Сан Антонио хотыг орхих болсон шалтгаан нь гэр бүлийнхэн нь илүү том хотод очихыг санал болгосон гэх. Үүнээс үүдэн түүнийг “Нью Йорк Никс”-т очно гэх яриа гарсан. Ингэж хардах шалтгаан ч бий. Леонард гэмтлээ эдгээх нэрийн дор Нью Йоркт багагүй хугацааг өнгөрүүлсэн юм.
Леонардыг өөрийн болгох өрсөлдөөнд “Бостон Селтикс” хамгийн хүчтэй нэрлэгдэж буй. Учир нь өнгөрсөн улирлын солилцоо наймааны цонх хаагдахаас өмнө түүнийг багтаа авахаар санал тавьсан нь саяхан ил болсон. Түүнчлэн цалингийн зай, “Спэрс”-ийн сонирхож буй залуу тоглогчид хангалттай байгаа гэх “Филадельфи 76” багийг ч бас мартаж болохгүй.
Юу ч болсон бай, “Спэрс”-ийн хувьд 20 гаруй жилийн дараа багтаа том шинэчлэл хийхээс өөр аргагүй болно.
Ингээд түүнийг авахыг хүсч буй солилцооны тааврыг хүргэе.
Нью-Йорк Никс
Сан Антониод: Энес Кантер, Франк Нтиликина, Лэнс Томас, драфтын 9 дэх эрх, 2020 оны драфтын нэгдүгээр тойргийн эрх
Нью Йоркт: Кави Леонард, Патти Миллс
Хэрвээ цуу яриа үнэн бол тэр Нью Йоркт очихоос татгалзахгүй. Том зах зээлтэй, илүү сүрдэм хотод очих хүсэлтэй гэсэн тул ийм шаардлагыг биелүүлэх цөөн хотын нэг бол Нью Йорк. Кави бэртэлтэй байх хугацаандаа нэг бус удаа Нью Йоркийг зорьсон. Шалтгаан нь энд эмчлүүлж байгаа гэж тайлбарласан ч бас өөр зорилготой байсан гэж таамаглах хүн олон.
Кантер болон Томасын гэрээ ирэх улиралд дуусч, “Спэрс”-т сонголт хийх боломж гарна. Ф.Нтиликина “нутгийн ах” Тони Паркер дээрээ очвол илүү хөгжих бололцоотой. Ингээд драфтын топ 10-т сонголт хийх эрхээс гадна “Никс” шиг бүтэлгүй багийн эхний бүсийн сонголт гэдэг байж болох хувилбар. Хэрвээ тэд Леонардтай урт хугацааны гэрээ байгуулж чадахгүй бол энэ драфтын эрх магадгүй ирээдүйн №1 болохыг ч үгүйсгэхгүй.
Лос Анжелес Клипперс
Сан Антониод: Патрик Беверли, Тобиас Харрис, Уэйсли Жонсон, драфт 12, 13 дахь эрх
Клипперст: Кави Леонард, Патти Миллс
Леонард төрөлх Лос Анжелес хотдоо буцаж очихыг хүсч байгаа нь “Клипперс”-т найдвар төрүүлж буй. Беверли, Харрис, Жонсоны гэрээ удалгүй дуусах бол Патти Миллсийнх 2020-2021 онд төгсөнө. Хэрвээ энэ наймаа болвол Кави Леонардад өгөх цалингаар супер од авчрах боломжтой болно гэсэн үг.
Т.Харрис бас тийм ч муу хувилбар биш. Ирэх долдугаар сард 26 нас хүрэх энэ довтлогч лигт юу хийж чадахаа хэдийнэ харуулчихсан нэгэн. Одоогийнхоо авч буй цалингаас нэг их зөрөхгүйгээр гэрээ шинэчлэх боломжтой.
Кливлэнд Кавальерс
Сан Антониод: Жорж Хилл, Кайл Корвер, Седи Осман, Ларри Нэнс, драфт 8
Кливлэнд: Кави Леонард, Патти Миллс
NBA-гийн цувралд шүүрдүүлсний дараа Кливлэндийн удирдлагуудад Лэброн Жэймсийг авч үлдэх багахан шалтгаан гаргахаар эрэлд гарсан болов уу. Тэд топ 5 тоглогчоос хэн нэгнийг урвуулж, багаа сайжруулвал “Хаан”-ы шийдвэрт нөлөөлөх хүчин зүйл болно гэж найдаж байна.
Лос Анжелес Лэйкерс
Сан Антониод: Лонзо Болл, Луол Денг, Кайл Кузма, 2019, 2021 оны драфтын нэгдүгээр тойргийн эрх
Лос Анжелес: Кави Леонард, Деррик Уайт
Төсөөл дөө. Лэйкерст Лэброн Жэймс, Пол Жорж, Кави Леонард гэсэн их гурвал үүсвэл. Л.Денгийг цалин тэнцвэржүүлэх зорилгоор өгч, Л.Болл, К.Кузма гэсэн ирээдүйтэй тоглогчоо явуулна. К.Леонард явах хүсэлтээ өгснөөр бооцооны сайтуудад Лэйкерс ирэх улиралд аваргална гэж үзэх хүмүүсийн тоо их олон болсон юм.
Бостон Селтикс
Сан Антониод: Кайри Өрвинг, 2019 оны драфтын нэгдүгээр тойргийн эрх
Бостонд: Кави Леонард
Өнгөрсөн солилцооны сүүлийн өдөр Кавигийн төлөө санал хүргүүлсэн Бостоны удирдлагууд энэ удаа ч зүгээр суухгүй гэдэг нь тодорхой болсон юм. Тэдний хувьд К.Өрвингийг өгч, мөн “Сакраменто Кингс”-ээс авах нэгдүгээр тойргийн эрхээ Кавигийн төлөө зарж болох аж. Энэ нь шинэчлэл хүсч буй “Спэрс”-т сайхан боломж. Хаад сайжирч байж болох ч драфтын дээгүүр сонголт хийх боломжтой гэсэн үг.
Филадельфи 76
Сан Антониод: Жеррид Бэйлисс, Маркель Фулц, Дарио Шарич, драфт №10
Филадельфид: Кави Леонард
Филадельфид Кави Леонардын сонирхлыг татах ирээдүй бий. Тэр энэ багт очвол 76 чөлөөт агентаас супер од тоглогч авчирч, ойрын 2-3 жилдээ NBA-д ноёрхох магадлалтай. Энэ наймаанд Ж.Бэйлисс цалин тэнцвэржүүлэх зорилготой бол М.Фулц, Д.Шарич нарын ирээдүйтэй тоглогчийг “Спэрс” сонирхох нь лавтай. Түүнчлэн драфтын топ 10-аар сонголт хийх боломж нээлттэй үлдэнэ.