“Филадельфи 76” баг цувралын тав дахь тоглолтоо гэртээ хүлээн авч, “Майами Хит”-ийг 104:91-ээр буулган авснаар 2012 оноос хойш анх удаа хасагдах шатны хоёрдугаар тойрогт үлдлээ. Одоогоос зургаан жилийн өмнө Андре Игоудала тэргүүтэй “76-чууд” лидер нь бэртсэн “Чикаго Буллз”-ыг хожиж, дараагийн шатанд шалгарч байв. Гэхдээ тэр үед Филадельфи хотынхон багаа түрүүлнэ гэдэгт итгэлгүй байсан бол одоо цаг өөр болов. Шилдэг шинэ тоглогч Бэн Симмонс, лигийн “мангас” төвүүдийн нэг Жоэль Эмбийд нар толгойлж, Брэтт Брауны удирдсан “76” бол улирлын төгсгөлд 16 дараалан хожсон баг. Одоогоос 35 жилийн өмнө 1983 онд Мозес Малоуны үед аваргын цом хүртсэн, түүнээс хойш 2001 онд Аллен Айверсоны баг шигшээ цувралд хүрсэнг эс тооцвол тус баг олон жил амжилтад хүрээгүй. Тэгвэл энэ улиралд “76-чууд” их итгэл найдвар хүлээлгэж буй.
Шилдэг шинэ тоглогчид өрсөлдөж буй, NBA-ийн ханхүү гэгдэх Бэн Симмонс тус цувралын таван тоглолтод 18.2 оноо, 10.6 самбар, 9.0 оновчтой дамжуулалт дунджилсан юм. Хэрвээ Б.Симмонс тав дахь тоглолтод 11 оновчтой дамжуулалт өгсөн бол “Шидэт” Жонсоноос хойш цувралын турш трипл дабл дунджилсан хоёр дахь шинэ тоглогч болох байлаа. Гэхдээ эрт алдааны асуудалд орсноор гуравдугаар үед сэлгээний суудал руу шилжсэн.
Хэдийгээр гол найруулагч нь сэлгээнд суусан ч “Филадельфи” өрсөлдөгчөөсөө хамаагүй илүү баг нь гэдгээ харуулж чадсан юм. Гуравдугаар үед 14 онооны зөрүүтэй дуусгасан үзүүлэлтээ шийдвэрлэх мөчид ч хадгалж, эцэст нь ялалт байгуулав.
Энэ жил 36 настай Дуэйн Уэйд тоглолтын дараах хэвлэлийн бага хуралд Бэн Симмонс болон Жоэль Эмбийд нарт сайхан ирээдүй бийг хүлээн зөвшөөрчээ. Түүнчлэн сэтгүүлчид түүнээс сагсан бөмбөгийн замналаа үргэлжлүүлэх эсэх талаар лавлахад Д.Уэйд тоймтой хариу өгсөнгүй. “Майами”-тай хийсэн гэрээ нь зун дуусгавар болох учир түүнд олон багаас сонголт хийх боломж бий. Гэхдээ үүнээс өмнө “Чикаго”, “Кливлэнд”-ийг сонгоод бүтэлгүйтсэн учир Д.Уэйд хуучин багтайгаа дахин нэг жилийн гэрээ байгуулах, эсвэл их спортын замналдаа цэг тавих гэсэн хоёр сонголтоос л шийдвэрээ гаргах болов уу.