“Сан Антонио Спэрс”-ийн нэрт дасгалжуулагч Грегг Поповичийн эхнэр, олон жил өвчтэй байсан Эрин Попович өнөөдөр нас баржээ. Энэ талаар багийн арын алба анх мэдээлсэн бөгөөд “Спэрс”-ийн ерөнхий менежер Р.С Буфорд сэтгүүлчдэд анх дуулгасан юм.
Грегг болон Эрин нар хамтдаа 40 жил амьдарсан. Тэд хоёр хүүхэдтэй, бас хоёр ач, зээтэй.
Эрин олон жил хүнд өвчнөөр зовсон. Гэхдээ ямар өвчин туссан гэдгийг нь нууцалдаг. Ямартай ч эмч нарын хэлсэн хугацаанаас хамаагүй удаан амьдарсан гэж ESPN-ий сэтгүүлч Адриан Вожнаровски мэдээндээ онцолжээ.
Грегг Попович талийгаачтай 1970-аад оны дундуур “Эйр Форс” их сургуульд туслах дасгалжуулагчаар ажиллаж байхдаа танилцсан аж. Энэ эгэл бүсгүй дасгалжуулагчийн ажлыг ойлгодог, хүнд хэцүүг нь мэдэрсэн нэгэн. Учир нь түүний эцэг тус сургуулийн тамирчдын хүчний бэлтгэл хариуцсан дасгалжуулагчаар ажиллаж байсан юм.
Хувийн амьдралаа бусдад дэлгэх дургүй Г.Попович маргааш болох “Сан Антонио”-“Голден Стэйт”-ийн цувралын гурав дахь тоглолтод оролцох эсэх нь одоогоор тодорхойгүй байна.