NBA: Хасагдах шатны тоглолтууд эхэллээ

NBA-ийн хасагдах шатны эхний тулаан өнөөдөр боллоо. Өнгөрсөн жилийн аварга “Голден Стэйт Уорриорс”-“Сан Антонио Спэрс”, Дорнод бүсийн тэргүүлэгч “Торонто Рэпторс”, “Вашингтон Визардс”, Дорнодын гурваар шалгарсан “Филадельфи 76” баг “Майами Хит”, Өрнөдийн гурваар тодорсон “Портлэнд Трэйлблазерс”, “Нью Орленс Пеликанс”-тай эхний тоглолтоо хийв.

Голден Стэйт Уорриорс 113:92 Сан Антонио Спэрс



Аваргуудын гол тоглогч Стефен Карри гэмтлийн улмаас “Спэрс”-тэй хийх цувралд оролцохгүй. Тэрбээр хоёрдугаар шатнаас талбайд гарахаар төлөвлөж буй. Хэдийгээр лидер тоглогчгүй нэг шат уруудсан ч гэлээ “Спэрс” энэ боломжийг ашиглахад хэцүү бололтой. Учир нь залуу лидер Кави Леонард нь хэзээ эргэн ирэх нь тодорхойгүй хэвээр. Улиралд С.Карригийн оронд залуу холбогч Куинн Күүк гараанд гарч байсан ч хасагдах шатанд Стив Керр ахмад довтлогч Андре Игоудалаг холбогч дээр гаргажээ. Куинн Күүкийн гараанд гарсан 16 тоглолтод “Дайчид” хамгаалалтын үзүүлэлтээр лигт 17-д бичигдэж байв.

С.Керр Иггиг гараанд гаргасан шигээ үүнээс ч дутахгүй эрсдэлтэй нэг шийдвэр гаргасан. Тодруулбал, ЖаВайл МкГеег төвийн тоглогчоор тоглуулсан юм. МкГее 16 минутад 15 оноо авч, эсрэг багийн лидер ЛаМаркус Олдрижийг тун сайн хамгаалав.

Грег Попович олон жил хасагдах шатанд өрсөлдөхдөө нээлтийн тоглолтод 21 оноогоор хожигдсон тохиолдол урьд хожид байгаагүй. Өмнө нь 2015 онд “Лос Анжелес Клипперс”-т 15 оноогоор дийлдэж байв. “Спэрс”-ийн гарааны тавт нийлээд 33 оноо авсан нь энэ улиралд хамгийн бага авсан оноо болж, багаараа 30 самбараас бөмбөг авсан нь 2014 оны шигшээ цувралын гурав дахь тоглолтоос хойш хамгийн бага самбар авсан үзүүлэлт болжээ.

Торонто Рэпторс 114:106 Вашингтон Визардс



Д.Дерозан холоос шиддэг болсон, К.Лоуригийн бөмбөггүй тоглолт сайжирсан, “Рэпторс”-ын сэлгээний тоглогчид мундаг… Энэ бол улиралд үзүүлсэн “Торонто Рэпторс”-ын амжилтыг нь дүгнэсэн шинжээчдийн бараг амны уншлага болсон үгс. Сүүлийн жилүүдэд “Торонто” шиг тогтвортой амжилт үзүүлсэн баг Дорнод бүсэд алга. 2013-14 оноос эхэлсэн тэдний түүх энэ жил оргилдоо хүрч, 59 ялалт байгуулснаар бүсээ тэргүүлсэн. Хоёр жил эхний шатанд долоон тоглолт хийсний эцэст мултарсан гашуун түүхтэй Канадын баг эцэст нь бүсийнхээ финалд хүрч, өнгөрсөн жил хагас шигшээд “Хаан” Жэймсийг бараагүй. Дуэйн Кэйси энэ багийг 7 улирал удирдаж, энэ жил хүссэндээ хүрэхээр тэмүүлж буй. Гэхдээ хасагдах шатанд Д.Дерозан, К.Лоури нарын тоглолт уначихдаг байдал энэ жил хаашаа эргэх бол?

Эхний тоглолтод “Торонто” зорилгодоо хүрсэн. Уламжлал ёсоор тэд нээлтийн тоглолтод хожигдож, оноо дутуу эхлүүлсэн ч дөрөвдүгээр үед сэлгээний тоглогчид нь тэсэрсэнээр багаа аварсан билээ. Тэд хасагдах шатны 10 цувралд буюу 17 жилийн турш нээлтийн тоглолтод хожоогүй хар цувралдаа цэг тавьж, өрсөлдөгчөө дарж унав.

Филадельфи 76 130:103 Майами Хит



Лигийн комиссар Адам Сильвер нээлтийн тоглолтоос онцлон “Филадельфи 76”-“Майами Хит”-ийн цувралыг үзэж сонирхжээ.

Эхний хагаст Бэн Симмонс 5 удаа бөмбөгөө алдаж, цөөнгүй довтолгоогоо алдсан, үүний ачаар “Дөлнүүд” 60 оноо авч, 4 оноогоор тэргүүлсэн юм. Гэвч хоёрдугаар хагаст Ж.Эмбийдгүй багтаа ямар нүүдэл хийхийг хашир дасгалжуулагч Брэтт Браун тун сайн олж харсан. Тэр тоглолтыг гэмтэлтэй Ж.Эмбийдийн оронд Амир Жонсонг гараанд гаргасан ч хоёрдугаар хагаст Дарио Шарич, Ерсан Ильясова нарыг хамтад нь гаргав. Ийм хослол үүссэнээр эсрэг багийн удаан хамгаалалтыг задалж, бөмбөгний шилжилт хурдтай болсноор Хассан Уайтсайд хийх ч зүйл үлдсэнгүй. Х.Уайтсайд будагтай талбайгаа хамгаалах шаардлагагүй болсноор Эрик Споэльстра түүнийг нөөцөнд суулгасан юм. Харин цаадахь нь сэлгээнд суухдаа дасгалжуулагчийнхаа өөдөөс хатуухан үг чулуудсанаар дахин талбайд гарах эрхгүй болсон гэхэд болно.

Эхний хагаст 38.8 хувьтай довтолж, эсрэг багтаа 60 оноо өгсөн “76”-чууд гуравдугаар үеэс эрс өөр тоглолт харуулсан. Хоёрдугаар хагаст тэдний шидэлт бүр цагаригт орж, холын зайнаас нийт 28 шидсэнээс 18-ыг нь амжилттай оруулж, хасагдах шатанд багийн дээд амжилтаа шинэчлэв.

Бэн Симмонс энэ тоглолтод 17 оноо, 9 самбар, 14 оновчтой дамжуулалт өгсөн юм. Шинэ тоглогч хасагдах шатанд трипл дабл хийсэн түүх 1980 онд “Шидэт” Жонсоноос өөр тодроогүй. Б.Симмонсын хувьд энэ үзүүлэлтэд хамгийн дөхсөн тоглогч болов. “Шидэт” Жонсон 1980 онд 5 удаа трипл дабл хийсэн бол Карим Абдул Жаббар 1970 онд, Жерри Лукас 1964 онд тус бүр нэг удаа ийм амжилт үзүүлсэн удаатай. Түүнчлэн эхний тоглолтдоо 14 дамжуулалт өгсөн нь Жонсоны дараа орох үзүүлэлт. “Шидэт эр” 16 дамжуулалт өгсөн амжилтаар тэргүүлдэг бол Оскар Робертсон 13 дамжуулалтаар удаалж байв. Түүнчлэн плей-оффын цувралд 14 ба түүнээс дээш дамжуулалт өгсөн түүхэн дэх зургаа дахь шинэ тоглогч боллоо.

Портлэнд Трэйлблазерс 95:97 Нью Орленс Пеликанс

 

Энтони Дэвис удтал хүлээсний эцэст хасагдах шатанд анхны ялалтаа байгуулав. “Пеликанс” 2011 оноос хойш хасагдах шатанд зургаа дараалан хожигдсон цувралдаа цэг тавилаа. Портлэндийн лидер тоглогчид болох Дамиан Лиллард, Си Жэй МкКоллум нар эхний хагаст нийлээд ердөө гурван оноо авсан. Харин дөрөвдүгээр үед тоглолт нь сэргэж, улмаар 20 гаруй оноогоор хожигдож явсан ч гурван оноо болтлоо ойртуулсан. Эгзэгтэй үед гурваас шидэх бус оноог ойртуулах боломж хайсан ч Жру Холидэй хаалт хийснээр тэд онооны зөрүүгээ хадгалж, улмаар холдуулснаар тус тоглолтод ялалт байгууллаа.

Start a Conversation

Your email address will not be published. Required fields are marked *