NBA-гийн “Оклахома Сити Тандер” багийн төвийн тоглогч Мейерс Леонард е-спортын нэг төрөл болох “COD Warzone” тоглоомын шууд дамжуулалтын үеэр ёс зүйн алдаа гаргасан нь түүний замналыг шороотой хутгав.
“Twitch” хуудсанд 70 мянган дагагчтай М.Леонард шууд дамжуулалтын үеэр еврей угсаатан хүмүүсийг доромжилсон үг хэллэг ашигласан нь олны дургүйцлийг төрүүлжээ. Түүний ашигласан хараалын үгийг өнгөрсөн зуунд Европ болон Америк руу цагаачилсан еврейчүүдийг шоглоход ашигладаг аж.
Энэхүү асуудлын дараа түүнийг лигийн зүгээс долоо хоног үйл ажиллагаанд оролцохыг хориглон 50 мянга “ногоон”-ы торгууль оногдуулж улмаар баг нь солилцоонд оруулсан билээ.
Tэрбээр энэхүү үйлдлийнхээ төлөө лигээс шийтгүүлээд зогссонгүй шууд дамжуулалтыг нь ивээн тэтгэдэг “Faze Clan” хэмээх е спортын байгууллага гэрээгээ цуцалж цаашид хамтран ажиллахгүй гэдгээ мэдэгдсэн билээ. Mөн шууд дамжуулалт хийдэг “Twitch” компаниас түүний хаягийг хаажээ.
Леонард тухайн үед энэ үгийг хэлэхдээ ямар учиртайг нь мэдээгүй гэсэн бөгөөд олон нийтээс уучлал хүссэн ч нөхцөл байдлыг зөөллөхөд дэндүү оройтсон юм.
Бусдыг арьс өнгө , угсаа гарвалиар нь ялгаварлан гадуурхах нь хувь хүний ёс зүйд байх ёсгүй асуудал гэдгийг энэ явдал бидэнд харуулж байна. Үгээр хүнийг алчхаж ч болно , амьдруулж ч болно гэдгийг харуулсан тод жишээ болов.