НБА-д технологийн давуу талыг харж, үйл ажиллагаандаа нэвтрүүлдэг хамгийн инновацлаг багуудын нэг нь яах аргагүй Сакраменто Кингс юм байна.
Тэд технологи, чип үйлдвэрлэлийн мангас Интел Спорттой хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байгаа. Энэ хүрээнд Интел Трү Виюү технологийг өөрсдийн Голден 1 Центрт нэвтрүүлж, үзэгч, хөгжөөн дэмжигчдэд цоо шинэ боломж олгоно.
Систем бүрэн нэвтэрсэнээр багийн АПП болон медиа сувгуудаар дамжуулан хөгжөөн дэмжигчид тоглолтын дүрс дамжуулалт, давталт зэргийг 360 өнцгөөс үзэж, сагсан бөмбөгийн гоё сайхныг төсөөлснөөсөө ч илүүгээр мэдэрнэ.
“Бид үзэгчдийг тоглолтын онцлох агшинд ойртуулж, тэднийг талбай дээр үйл явдлын цөмд авчирах гэж буйдаа баяртай байгаа”
“Интелийн гайхалтай технологийн ачаар хөгжөөн дэмжигчид урд нь үзэж, харж байгаагүй өнцгөөс тоглолтыг үзэж баг, тоглогчидтой ойр байх болно.”
Үйл ажиллагаа хариуцсан захирал: Ж.Райнарт
Өнгөрсөн 2020 оны хоёрдугаар сард Интелтэй хамтран өөрсдийн талбайд НБА-н багуудаас анх удаа “судалгаа, хөгжүүлэлтийн төв”-ийг байгуулсан. Энэ төв НБА тоглолтын дамжуулалтыг түвшин ахиулах, шинэ үеийн технологи нэвтрүүлэх зэргээр медиа салбарт цоо шинэ туршлагыг авчирна.
Өнгөрсөн онд тоглолтын явцыг гурван хэмжээст өгөгдөлд хөрвүүлэн бичих чадамжтай камер, төхөөрөмжийн суурьлалт хийгдсэн. Ингэж бичсэн дүрсийг эргээгээд 360 өнцгөөс хүссэнээрээ харах цаашлаад тоглогчийн нүдээр харж буй мэтээр дүрслэх юм байна. Интел Трү Виюү технологиор секундэд 85 гигабайт буюу 50 гаран кинотой тэнцэхүйц хэмжээний дүрс бичнэ.
“Сакраменто Кингс баг манай Интел Спортсын хувьд гайхалтай хамтрагчид”.
“Тэд тоглолт мөшгин бичих, дамжуулах технологийг сайн нэвтрүүлсэн. Энэ ч хэрээр хаадын хөгжөөн дэмжигчид хүссэнээрээ тохируулж үзэх боломжтой, өөрт нь зориулсан хувилбарыг хүсэх болсон. Үүний дагуу бид Трү Виюү технологидоо үндэслэн илүү чадалтай, илүү боломжтой шийдлүүдийг нэвтрүүлэхээр ажиллахдаа баяртай байна”
Интел Спортсын ерөнхий менежер Ж.Карвана
Нэмэлт мэдээлэл:
Сакраменто Кингс баг 2016 онд шинэ ордонтой болж байлаа. Бусад спортын төрлүүд болон коллежийн спортууд энэ ордонд зохиогддог. Дээр дурдсанчлан технологийн дэвшлүүдийг нэвтрүүлэх болсоноор Калифорни, Сакраменто орчмын инновацийн хаб төв ч болоод байгаа аж. Өнгөрсөн АНУ ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын нэг төвөөр ч ажилласан юм байна.