Өдгөө NBA-гийн ертөнцөд хамгийн их яригдаж буй тоглогч бол Кавай Леонард юм. Тэрбээр “Торонто Рэпторс” багт ирсэн эхний жилдээ багаа аваргын төлөө шалгаруулсан нь нэгэн үе мартагдсан Кавайг сагсан бөмбөг сонирхогчдод дахин сануулсан гэхэд болно. Тэгвэл К.Леонардын хувийн амьдрал тун нууцлаг. Түүний ийм нууцлаг амьдралтай салшгүй холбоотой хүн бол Кишел Шиплэй гэх эмэгтэй юм.
Өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр Кавай Леонардын найз бүсгүй Кишел Шиплэй Канадад хоёр дахь хүүхдээ төрүүлсэн юм. Олны анхаарлыг хамгийн их татсан зүйл нь олон сэтгүүлчдийн хэн нь ч Кишелийг бие давхар гэдгийг мэдээгүй явдал. Үнэндээ К.Леонард болон түүний хамтрагч К.Шиплэй нарын амьдрал тун нууцлаг байдаг. Өдгөө торонточуудын хайртай хүү болоод буй К.Леонардын зүрх сэтгэлийг татсан энэ эмэгтэй хэн бэ?
1. Кишел Шиплэй гэж хэн бэ
Кишел 1989 оны дөрөвдүгээр сарын 10-нд Кеннет болон Катигийн гэр бүлд мэндэлсэн юм. Тэр ирээдүйн найз залуугаасаа хоёр насаар эгч (Кавай 1991 оны зургадугаар сарын 29-нд төрсөн). Кишел айлын ганц охин биш. Түүнээс гадна Кассандра, Кениша хэмээх хоёр эгч, дүүс бий.
2. Тэд яаж танилцсан бэ?
Кишел Сан Диегогийн их сургуулийг 2012 онд төгссөн. Их сургуулиа төгсөөд мэргэжлээрээ хэсэг ажиллаж байсан аж. Харин Кавай NBA-д хөл тавихаасаа өмнө Сан Диегогийн их сургуулийн тоглогч байлаа. Хосуудыг их сургуульд суралцаж байхдаа танилцсан гэж таамагладаг. Ямартай ч Кавайг “Сан Антонио Спэрс”-т драфтаар очих үед Кишел Техас руу нүүсэн байдаг.
3. 2016 онд охиноо төрүүлжээ
Кавай 2016 оны долдугаар сард охинтой болсон. Калия охин төрсөн нь багаасаа эцгээсээ өнчирсөн Кавайгийн амьдралд том нөлөө үзүүлсэн гэдэг.
4. Гэрлэсэн эсэх нь тодорхойгүй
Хэдийгээр 2014 оноос хойш таван жилийн хугацаанд хамт амьдарч байгаа ч тэдний харилцаа ямар түвшинд байдаг нь одоог хүртэл тодорхойгүй. Учир нь хосууд албан ёсоор гэрлэсэн тухай бүртгэлгүй, сүй тавьсан эсэх нь ч тодорхой биш байдаг. Ойрын эх сурвалжийн мэдээлснээр бол тэд тун удахгүй хуримаа хийхээр төлөвлөж байгаа гэнэ.
5. Нууцлаг нэгэн
Кавай Леонард бол бусад NBA-гийн одуудтай харьцуулахад тун нууцлаг нэгэн. Тэрбээр твиттер, фэйсбук, инстаграм зэрэг цахим хуудас ашигладаггүй. Тэгвэл Кишел ч мөн адил цахим хуудас ашигладаггүй. Мөн түүний гэр бүлийнхэн нь охин болон Кавайгийн зургийг цахимд байршуулах дургүй байдаг гэнэ.