NBA: Жимми батлерын талаар тоон хэлээр

NBA-гийн хамгийн халуун сэдэв нь Жимми Батлер болоод байна. “Миннесота” багаас явах хүсэлтээ өгөөд хоёр сар гаруйн дараа “Филадельфи”-д ирсэн түүнийг шинэ багтаа хэрхэн тоглох нь олон асуултын нэг нь болоод буй. Тэр “Филадельфи”-г Дорнод бүсийн шилдгүүдийн эгнээнд оруулж чадах уу, Ирэх зун гэрээгээ дуусгаад сунгах уу, явах уу гэх мэтээр олон асуулт түүнийг дагаж байна.

Ингээд Жимми Батлерын талаар тоон баримт болон зарим сонирхолтой мэдээллийг хүргэе.

ТООН БАРИМТ:


  • Жимми Батлер сүүлийн таван улирал дараалан хамгийн багадаа 20.0 оноо, 5.0 самбар, 3.0 дамжуулалт, 1.5 “хулгай” хийсэн юм. 2014-15 оны улирлаас хойш энэ үзүүлэлтийг жил бүр дунджилсан 2 тоглогч бий. Нөгөө нь Рассел Уэйстбрук.
  • 2014-15 оны улирлаас хойш талбайд өнгөрүүлж буй дундаж минутаар түүний урд зогсох хүн байхгүй. Тэрбээр дунджаар 37.3 минут талбайд тоглож буй. Жэймс Харден (36.7), Леброн Жэймс (36.6) нар түүний ард бичигддэг.
  • Сүүлийн таван улирлын үзүүлэлтээр Ж.Батлер хамгийн бага бөмбөгөө алддаг тоглогч нарын нэг. 48 минутад дунджаар 1.7 бөмбөгөө алдсан үзүүлэлтээр 12-т бичигдэж байгаа аж. Харин замналынхаа турш багадаа 35 минут дунджлаад 48 минутад 1.6 бөмбөгөө алдсан үзүүлэлтээр бүх үеийн зургаад жагсдаг юм. Түүний урд Хорас Грант, Керри Киттлес, Уэйсли Мэтьюс, Майкл Финлей, Пежа Стоякович нар бий.
  • Ж.Батлер замналынхаа турш 468 тоглолтод оролцоод 7,728 оноо, 723 булаалт, 2,287 самбар, 1,585 дамжуулалт. Нийт 468 тоглолтод 7,500 оноо, 700 булаалт, 2,200 самбар, 1,500 дамжуулалт хийсэн NBA-гийн 16 тоглогчийн нэг. Түүнээс өмнө “Шидэт” Жонсон, Клайд Дрекслер, Пол Пирс, Дуэйн Уэйд, Скотти Пиппен, Майкл Жордан, Чарлес Баркли, Леброн Жэймс болон Рассел Уэйстбрук гэсэн шилдгүүд ийм үзүүлэлтэд хүрч байв.
  • Түүнчлэн Ж.Батлер 2014-15 оны улирлаас хойш 171 удаа 20+ оноо авчээ. Энэ үзүүлэлтээр NBA-д 14-т, харин ижил байрлалын тоглогчдоос есдүгээрт жагсаж буй. 2014 оноос хойш 20 оноо, 5 самбарыг 119 тоглолтод гүйцэтгэсэн. Уг үзүүлэлтээр мөн 9-д бичигдэнэ.

БУСАД БАРИМТ:

  1. Ж.Батлер энэ улирлын дараа чөлөөт агент болно. Тэрбээр өнгөрсөн зун “Миннесота”-гийн санал болгосон 4 жилийн 110 сая “ногоон”-ы гэрээнээс татгалзсан. Хэрвээ “Филадельфи” түүнд макс гэрээ санал болговол таван жилийн 190 сая байх болно.
  2. Тэйлор Жуниор коллежид нэг жил сурсан Ж.Батлер “Marquette University”-д гурван жил тоглосон.
  3. Түүний бага нас тун хэцүү өнгөрсөн. 13 настай хүүгээ ээж нь гэрээсээ хөөж байв.
  4. Ахлах сургуульд орох үед орон гэргүй байсан түүнийг нэг багийн хамтрагч Жордан Леслигийн ээж Мишель Ламберт өргөж авсан аж. Ж.Лесли хожим америк хөлбөмбөгөөр хичээллэсэн ч NFL-д орж чадаагүй.
  5. Ж.Батлерын солилцоо АНУ-ын цагаар даваа гаригт албан ёсоор баталгаажих юм. Ингэснээр “Орландо”-гийн эсрэг эхний тоглолтоо хийх боломжтой. Харин гэртээ хийх эхний тоглолт “Юта Жазз”-ын эсрэг АНУ-ын цагаар баасан гаригт байх болно. Тус тоглолтын тасалбар хэдийнэ бүгд борлогдсон байна.
  6. Өнгөрсөн аравдугаар сард Ж.Батлер багаасаа явах хүсэлт өгсний дараа “Хьюстон Рокитс” драфтын дөрвөн эрх, гэмтэлтэй хоёр тоглогч (Маркуис Крисс, Брэндон Найт) солилцох санал тавьсан. “Майами Хит” бас түүнийг сонирхож байв.
  7. Жимми Батлерын карьерийн хамгийн өндөр оноо 53. Тэрбээр 2016 оны нэгдүгээр сарын 14-нд “Чикаго Буллз”-ын тоглогч байхдаа “Филадельфи 76”-гийн эсрэг ийн “галзуурч” байв. Тухайн үед “76” багийн гараанд Ник Стаускас, Иш Смит, Жалил Окафор, ЖаКарр Сэмпсон, Карл Лэндри нар багтаж байлаа.

Start a Conversation

Your email address will not be published. Required fields are marked *