NBA-гийн түүхэнд хамгийн залуудаа улирлын үнэ цэнэ тоглогчоор тодорч байсан Деррик Рөүз буцаж ирлээ. “Миннесота Тимбэрволвес”-ийн сэлгээнээс талбайд гарч буй Д.Рөүз 2010-11 оны улиралд MVP болсон түүхтэй. Харин олон жилийн дараа тэр “Юта Жазз”-ын эсрэг 50 оноо авч, баг нь өрсөлдөгчөө 128:125-аар буулган авсан юм.
Д.Рөүз 2011 оны тавдугаар сарын 6-нд 44 оноо авч, хувийн дээд амжилтаа тогтоосон бол энэ амжилтаа зургаагаар ахиулж, анх удаа 50 оноо авсан аж.
Ингээд түүний 50 онооны тухай таван товч баримтыг хүргэе.
- Деррик Рөүз хамгийн багадаа 30 оноо авсан нь 2017 оны нэгдүгээр сарын 18-наас хойш анхны тохиолдол юм.
- Түүнчлэн 30-аас их оноо авсан нь 2015 оны арванхоёрдугаар сарын 18-наас хойш анхных болжээ.
- “Миннесота Тимбэрволвес”-ийн хувьд нэг тоглолтод 50 оноо авсан тав дахь тоглогч. Өнгөрсөн онд Карл-Энтони Тоунс 56 оноо авч, багийнхаа дээд амжилтыг тогтоосон. Тэрчлэн “Halloween” буюу “Сүнсний баяр”-аар 50 оноо авсан дөрөв дэх тоглогч. Хамгийн сүүлд 2015 оны Сүнсний баярын өдөр Стеф Карри 53 оноо авч байв.
- Карл-Энтони Тоунс – 56 оноо
- Мо Уильямс – 52 оноо
- Корей Бреуер – 51 оноо
- Кевин Лоув – 51 оноо
Жич: К.Тоунс, К.Гарнетт, А.Уиггинс нар тус бүр нэг удаа 47 оноог авч байв.
- Д.Рөүз энэ улиралд 50 оноо авсан дөрөв дэх тоглогч боллоо. Хамгийн анх Блэйк Гриффин 50 оноо бичүүлж, хувийн дээд амжилтаа шинэчилсэн бол маргааш нь Стеф Карри гурван үед л 51 оноо авсан билээ. Харин хэдхэн хоногийн өмнө Клэй Томпсон 52 оноо авч, тус тоглолтод 14 удаа холын зайн шидэлтээ оруулснаар рекорд тогтоосон юм.
- Хэдийгээр Д.Рөүз 50 оноо авсан ч “Юта Жазз”-ын оноог тэнцүүлэх гэсэн холын шидэлтэд хаалт гүйцэтгэж, багтаа тус болсон юм.