Бүтэн зуны турш ерөнхий менежергүй зүтгэсэн “Филадельфи 76” баг хайсан зүйлээ олсон бололтой. Тус клубийн удирдлагууд багийнхаа ирээдүйг довтлогч асан Элтон Брэндэд даатгав.
“Филадельфи”-гийн удирдлагууд болон ахлах дасгалжуулагч Брэтт Браун нар олон хүнтэй цаг товлож, уулзсан. Эцэст нь тэдэнд Элтон Брэндийн ярилцлага таалагдсан гэнэ. Өдгөө 39 настай Э.Брэнд өнгөрсөн жил “G” лигийн “Делавар” хотын багт ерөнхий менежерээр ажиллаж байхдаа удирдлагуудаас онц дүн авч, сагсан бөмбөг хариуцсан дэд ерөнхийлөгчийн албанд очих эсэх талаар ярилцаж байсан юм.
Э.Брэнд 2016 онд сагсан бөмбөгөө орхисон. Ийнхүү хоёр жилийн хугацаанд арын албанд хурдацтай дэвшиж, томоохон албан тушаалд очлоо.
“Филадельфи”-гийн удирдлагууд өнгөрсөн хугацаанд “Юта Жазз”-ын туслах менежер Жастин Заник, “Хьюстон Рокитс”-ын дэд ерөнхийлөгч Герссон Росас, “Голден Стэйт Уорриорс”-ын туслах менежер Ларри Харрис нарын олон хүн ярилцлагад орсон юм.