Эмэгтэй сагсан бөмбөгчид хасагдах шатанд Тайванийн багтай өрсөлдөнө

Сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтоо Тайландын эсрэг хийж, 62:39-өөр ялагдлаа. Ингэснээр Монголын эмэгтэй шигшээ баг хэсэгтээ дөрөв тоглоод нэг хожиж, гурав ялагдсан үзүүлэлттэй болов.

Энэ тоглолтод манайхаас М.Булбул 11 оноо+8 самбар, Б.Өнөрзаяа 10 оноо+5 бөмбөг тасалсан ч бусад нь хангалтгүй тоглоллоо. Багаараа холын зайнаас 38 шидэж, тавыг л оруулжээ.

Тайландаас Супира Кланбут 11 оноо+9 самбар, Тидапорн Майхом 11 оноо+8 самбар авчээ.

Гэхдээ манай тамирчдын тэмцээн дуусаагүй. Тэд хасагдах шатанд Тайванийн багтай өрсөлдөх юм.

Тайванийн шигшээ баг энэ удаагийн тэмцээнд дөрөв дараалан хожиж, хэсгээ тэргүүлсэн хүчтэй баг.

Тайанчууд хэсэгтээ Казахстаныг 72:42, Солонгосын шигшээ багийг 87:85, Энэтхэгийг 84:61, Индонезийг 115:51-ээр илүүрхсэн аж. “А” хэсгийн сүүлийн тоглолт Энэтхэг – Индонезийн тоглолтын дараа хасагдах шатанд өрсөлдөх багууд эцсийн байдлаар тодорно.

 

Start a Conversation

Your email address will not be published. Required fields are marked *