Нью Жэрсид төрж, өссөн “Кливлэнд”-ийн ахмад хамгаалагч Нью Йоркт хэрэг тарьжээ. Тэрбээр өмнө нь 2015 онд энэ хотод явж байхдаа зургийг нь зөвшөөрөлгүй авсан хөгжөөн дэмжигчийг багалзуурдаж хэрэгт орсон ч ямар нэг ял, зэмлэл хүртээгүй.
Түүнийг саяхан бас нэгэн фанат өдсөн хэрэг гарч, энэ удаад цагдаагийнхан хэрэг үүсгэхээс аргагүйд хүрсэн байна. Орон нутгийн цагаар өнгөрсөн ням гаригт үүрийн 2:30 цагийн орчимд хотын төв цэцэрлэгт хүрээлэнгээс нэг их холгүй нэгэн хөгжөөн дэмжигч түүний зургийг зөвшөөрөлгүй авсан аж. Жэй.Ар Смит зураг авч болохгүйг сануулсан боловч тоогоогүй гэнэ. Бухимдсан тамирчин эр утсыг нь булаан авч, ойролцоо баригдаж байсан барилга руу шидсэн бололтой.
Хохирогч ойролцоогоор 800 ам.долларын үнэтэй утас нь эвдэрсэн тул Нью Йоркийн цагдаад гомдол гаргасан нь тодорхой болжээ.