Ирэх зун чөлөөт агент болохоосоо өмнө “Торонто Рэпторс”-ын довтлогч Кави Леонард пүүзний зах зээлд ч чөлөөт нэгэн болох бололтой.
ESPN-ий сэтгүүлч Ник ДеПаулагийн мэдээлснээр Жордан брэнд түүнтэй байгуулсан гэрээгээ дуусах үед сунгахгүй гэдгийг албан ёсоор мэдээлэв. Тэдний гэрээ энэ улирлын эцэс гэхэд дуусах юм. Уг нь Жорданы зүгээс өнгөрсөн улирлын эхэнд түүнтэй дахин дөрвөн жилийн 22 сая ам.долларын гэрээ санал болгосон ч татгалзсан юм.
Өдгөө 27 настай К.Леонард ганцаараа пүүзний зах зээлд сулрах том нэр биш аж. Тодруулбал, энэ улирлыг дуусгаад “Филадельфи 76”-гийн төвийн тоглогч Жоэль Эмбийд, “Миннисота Тимбэрволвес”-ийн довтлогч Андрей Уиггинс, “Бостон Селтикс”-ийн Гордон Хэйвард, “Голден Стэйт Уорриорс”-ын ДеМаркус Казинс, “Денвер Наггетс”-ын холбогч Айзья Томас, “Вашингтон Визардс”-ын Келли Оубре Жуниор нарын гэрээ дуусч байгаа гэнэ.
К.Леонардын хувьд жилийн 5.5 сая “ногоон” халааслах саналаас татгалзсан нь хачирхалтай. Өнгөрсөн оны зургадугаар сарын байдлаар одоогийн болон өмнө нь тоглож байсан тоглогчдоос 10 хүн л түүнээс илүү мөнгийг пүүзний зах зээлээс олж байв. Тодруулбал, нэг жилд олсон орлогоороо Майкл Жордан (110 сая), Лэброн Жэймс (32 сая), Кевин Дюрант (25 сая), Коби Брайант (16 сая) нар тэргүүлж байжээ.