Кевин Дюрант + Крис Пол + Пол Жорж багтаа үлдлээ

NBA-гийн энэ зуны чөлөөт агентууд долдугаар сарын 1-нээс өмөн шийдвэрээ гаргаж, багтайгаа үлдэх эсэхээ сонгодог. Энэ жил Лэброн Жэймс, Кевин Дюрант, Крис Пол, Пол Жорж зэрэг одод чөлөөт агент болж, шинэ баг сонгох боломжтой байсан юм. Ялангуяа “Лос Анжелес Лэйкерс”-ийн сагсан бөмбөг хариуцсан ерөнхийлөгч “Шидэт” Жонсон энэ зун багтаа супер од тоглогч авчрахгүй бол ажлаа өгнө гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ түүний эхний зорилго бүтэлгүйтэв. Лос Анжелесийн унаган хүү Пол Жоржийг багтаа авах том зорилготой байсан ч тэр “Оклахома Сити”-дээ үлдэх шийдвэр гаргаж, Нуурынхан дараагийн төлөвлөгөө рүү шилжлээ.

Ингээд энэ өдөр болсон шилжилт, хөдөлгөөнийг товч танилцуулья.


Пол Жорж – Оклахома Сити Тандер – 4 жил 137 сая


“Оклахома Сити Тандер”-ын довтлогч Пол Жоржийг төрсөн нутаг болох Лос Анжелес рүү явна гэж олон хүн тооцож байв. Рассел Уэйстбруктэй цуг хийсэн үдэшлэгт “Би эндээ үлдэнэ” гэж зарласан П.Жорж цалингаа тултал буюу 4 жилийн 137 саяар багтаа үлдэхээр шийджээ. Түүний үлдэх болсон шалтгаан тун энгийн. Тэрбээр Рассел Уэйстбруктэй сүүлийн нэг жил гарангийн хугацаанд хамт талбайд өнгөрүүлэхдээ дотны найзууд болж, энэ харилцаа нь багтаа үлдэхэд хамгийн чухал нөлөө үзүүлсэн гэж ярьсан юм. Түүний гэрээний дөрөв дэх жил нь тоглогчоос хамааралтай байх аж.


Крис Пол – Хьюстон Рокитс – 4 жилийн 160 сая


33 настай холбогч “Хьюстон”-д замналаа дуусгахыг хүсчээ. Тэрбээр дөрвөн жилийн 160 сая ам.долларын макс гэрээнд гарын үсэг зурлаа. Харин одоо Пуужингууд хуучин бүрэлдэхүүнээ сайжруулж чадах эсэх нь асуултын тэмдэгтэй үлдэв. Тэд ойрын хугацаанд багтаж, 24 настай төвийн тоглогч Клинт Капелагаа авч үлдэх шаардлагатай.


Кевин Дюрант – Голден Стэйт Уорриорс – 2 жилийн 61.5 сая


Кевин Дюрантын хувьд багтайгаа олон жилийн гэрээ байгуулах хүсэлгүй гэдгээ мэдэгдсэн. Тэр зөвхөн спорт бус бизнес талаас нь ч үүнд хандаж байгаа юм. К.Дюрантын хувьд гэрээгээ сунгасан нь ирэх жилийн чөлөөт агентын зах дээр ч тунаж үлдэх боломжтой. Учир нь ирэх улиралд 30 сая “ногоон” халааслах Дюрант хоёр дахь жилийн 31.5 саяыг цуцлах боломжтой гэнэ. Тэрбээр өнгөрсөн зун харьцангуй бага буюу хоёр жилийн 51 саяын гэрээг үзэглэж, үр дүнд нь Андре Игоудала, Шон Ливингстон нарыг багтаа үлдэх боломж олгосон билээ.


ДеАндре Жордан – Даллас Маверикс – 1 жилийн 24 сая


ДеАндре Жордан анх удаагаа “Клипперс”-ийг орхиж, “Даллас Маверикс”-тай гэрээ байгууллаа. Өдгөө 29 настай Жордан 2015 онд чөлөөт тоглогч болоод “Даллас”-т очих тун дөхсөн. Гэрээнд гарын үсэг зурах л дутуу тэр үед Жордан шийдвэрээ гэнэт өөрчилж, “Клипперс”-тэй дөрвөн жилийн гэрээ байгуулсан билээ. Д.Жорданг багтаа авахын тулд Дирк Новицкигийн үйлдэл хамгийн их тус хүргэсэн аж. Д.Новицки жилд 5 сая ногоон авах өөрийн гэрээгээ цуцалж, Жордантай гэрээ байгуулах боломж үүсгэсэн. Бүх гэрээ дуусгавар болсны дараа немц эр багтайгаа дахин гэрээгээ сунгахаар тохиролцоонд хүрсэн аж.


Тревор Ариза – Финикс Санс – 1 жилийн 15 сая


Өдгөө 33 настай Т.Аризад “Хьюстон” өндөр цалин өгөх боломжгүй тул шинэ зам сонгожээ. Гэхдээ энэ удаад тэр мөнгө хөөж, “Финикс Санс”-ыг зорьсон байна. Т.Ариза “Хьюстон”-ы хамгаалалтын гол түлхүүр байв. Харин одоо тэр драфтын үдэш “Филадельфи 76”-гаас солилцоогоор авчирсан залуу довтлогч Микал Брижесийн багш болов.


Деррик Рөүс – Миннисота Тимбэрволвес – 1 жилийн 2.1 сая


Том Тибодеугийн хайртай шавь Деррик Рөүс өөрт нь боломж олгосон багтаа ахин нэг жил зүтгэх боллоо. Тэрбээр өнгөрсөн улирлын сүүлээр тус багт очиж, 9 тоглолтод оролцохдоо 5.8 оноо, 1.2 дамжуулалт дунджилсан билээ. Харин хасагдах шатанд 14.2 оноо, 2.6 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн.


Жимми Батлер – Миннисота Тимбэрволвес – 4 жилийн 110 сая


“Миннисота” Жимми Батлерт макс гэрээ санал болгожээ. Гэхдээ Ж.Батлерын хувьд гэрээгээ сунгах гэж яарахгүй хэмээн сэтгүүлчид бичиж байна. Учир нь хуучин гэрээ нь ирэх жил дуусах бөгөөд тэр үед гэрээгээ сунгавал илүү их цалин авах боломжтой аж. Ямартай ч Батлер энэ сарын 9-нд хүртэл эцсийн шийдвэрээ гаргах хугацаа бий.


 

Start a Conversation

Your email address will not be published. Required fields are marked *