NBA хөдөлгөөнд орж эхэллээ. Учир нь тун удахгүй буюу энэ ням гаригт чөлөөт тоглогчийн зах нээгдэнэ. Лэброн Жэймс тэргүүтэй томчууд шийдвэр гаргаж, лигийн ирээдүйн өнгийг тодорхойлох болно. “Хаан”-ыг багтаа авахын тулд багууд хөрсөө бэлдэх хэрэгтэй. Түүний сайн хамтрагч нь одоогоор “Сан Антонио Спэрс”-ийн довтлогч Кавай Леонард байх бололтой. Ялангуяа “Лос Анжелес Лэйкерс” том зах зээл, бизнесийн орчинтой гэдгээрээ түрий барьж, Кавайг урвуулах ажил эрчимтэй хийж эхлэв. Уг нь “Спэрс” Өрнөдийн багууддаа зарахгүй гэж байгаа ч Лэброныг авчрахын тулд бүхнийг хийхэд бэлэн байгаа “Нуурын” удирдлагууд байнга шахалт үзүүлж байгаа гэх. Тэдний хувьд Кавайг авчирвал тэртээ тэргүй сэтгэл нь наашаа болоод буй Лэброныг багтаа харна гэсэн үг. Л.Жэймсийн том хүү саяхан Лос Анжелесийн нэгэн томоохон ахлах сургуульд бүртгүүлсэн учир гэр бүл нь энд амьдрах төлөвлөгөөтэй байгааг баталсан хэрэг. Гэхдээ Лэбронд төрөлх хотоо орхиод Лос Анжелесийг зориход сайн хамтрагч хэрэгтэй. Удахгүй 34 нас хүрэх “Хаан”-д одоогийн “Лэйкерс”-ийн залуу тоглогчдыг хөгжихийг хүлээх хугацаа ховор. Тиймээс “Шидэт” Жонсон сайн хамтрагчид авчирч, түрүүлэх хэмжээний баг босгохоор шаргуу хөөцөлдөж буй. Түүний төлөвлөгөө бүтэлгүйтвэл шуудхан ажлаа өгнө гэдгээ ил тод зарлачихсан. Лэброн долдугаар сарын 4-нөөс өмнө шийдвэрээ гаргаж, хаашаа очихоо хэлэх тул ойрын хугацаанд амжиж том наймаа хийх шаардлага “Лэйкерс”-т тулгарчээ.
Кавайд санал тавьсан дөрвөн баг бий гэдгийг бүгд мэдэж буй. Эдгээрээс “Бостон Селтикс” Лэброныг зогсоохын тулд гол өрсөлдөгчийг нь багтаа элсүүлэхийг хүсч байгаа бол бусад гурван баг “Хаан”-ыг багтаа авахын тулд түүнийг шохоорхож байгаа билээ. Энэ гурван баг бол “Кливлэнд Кавальерс”, “Филадельфи 76” болон “Лос Анжелес Клипперс”.
“Бостон Селтикс” холбогч Кайри Өрвинг дээрээ залуу довтлогч Жайлин Браун, 2019 оны “Сакраменто Кингс”-ийн драфт эрх санал тавьсан гэж шинжээчид таамаглаж байгаа. Ганц асуудал нь К.Өрвинг сүүлийн дөрвөн жилийн хугацаанд өвдгөндөө хоёр удаа мэс засал хийлгэсэн. Энэ бол түүн шиг хурдтай тоглодог хүнд бол том асуудал. Мөн 2019 онд гэрээ нь дуусч, чөлөөт тоглогч болоод яваад өгөх боломжтой.
“Филадельфи”-гийн хувьд Бэн Симмонс, Жоэль Эмбийдээс бусад тоглогчоор солилцоо хийхэд татгалзах зүйлгүй аж. Үүнд Маркель Фулц, Роберт Ковингтон, Дарио Шарич, Жэррид Бэйлисс нар багтаж байгаа. Түүнчлэн “Майами”-гийн 2021 оны драфтын сонголтыг ч явуулах бололтой.
“Кливлэнд”-ийн хувьд боломж тааруу. Гэхдээ тэд байгаа бүх боломжоо ашиглах гэнэ. Шууд Кавайг авах боломж бага учраас юун түрүүнд гурван баг оролцсон солилцоо хийхээр санаархаж буй. Энэ гурав дахь баг бол “Чарлотт Хорнетс”. Кэмба Уолкероо явуулах хүсэлтэй байгаа тэдэнд хүсээд буй авьяаслаг тоглогчийг нь өгч, оронд нь К.Уолкер, К.Лоув нарыг “Спэрс” рүү явуулаад Кавайг багтаа авах. Гэхдээ энэ нь багаа шинээр босгох хүсэлтэй “Спэрс”-ийн таашаалд нийцэх эсэх нь тодорхойгүй.