АНУ-ын цагаар даваа гаригт NBA-гийн өнгөрсөн улирлын шилдгүүдийг зарлав. “Хьюстон Рокитс”-ын хамгаалагч Жэймс Харден эцсийн эцэст улирлын үнэ цэнэтэй тоглогчоор тодров. Түүнтэй энэ шагналын төлөө “Кливлэнд Кавальерс”-ийн Лэброн Жэймс, “Нью Орленс Пеликанс”-ын Энтони Дэвис нар эцсийн шатанд өрсөлдсөн ч Ж.Харден илүү санал авчээ.
2017-18 оны NBA-гийн шагналтнууд:
Үнэ цэнэтэй тоглогч: Жэймс Харден, Хьюстон Рокитс
Шилдэг хамгаалагч: Руди Гобер, Юта Жазз
Шинэ тоглогч: Бэн Симмонс, Филадельфи 76
Шилдэг зургаа дахь тоглогч: Луи Уильямс, Л.А Клипперс
Амжилт нь ахисан тоглогч: Виктор Оладипо, Индиана Пэйсерс
Шилдэг дасгалжуулагч: Дуэйн Кэйси, Торонто Рэпторс
Улирлын үнэ цэнэтэй тоглогч Жэймс Харден
Ж.Харден үнэ цэнэтэй тоглогчийн санал асуулгад хоёр жил дэд байрт орж байв. Тэрбээр 2015, 2017 онд MVP шагналын санал асуулгад эхнийхт нь Стивен Карри, дараа нь Рассел Уэйстбрукийн ард бичигдсэн. Харин энэ улиралд 30.4 оноо авч, баг нь 65-аас дээш ялалт байгуулсан учир өгөхөөс өөр аргагүй байв.
Тоглогч нь өөрөө 30-аас дээш оноо дунджилсан, баг нь 65-аас дээш ялсан тохиолдолд тухайн улиралдаа үнэ цэнэтэй тоглогч болдог бичигдээгүй хуулийг энэ удаа ч зөрчсөнгүй. “Рокитс”-ын түүхэнд улирлын үнэ цэнэтэй тоглогч болсон гурав дахь тоглогч бөгөөд түүнээс өмнө Хакем Олажувон, Мозес Малоун (2 удаа) нар энэ шагналыг хүртэж байлаа. Түүнчлэн NBA-гийн түүхэнд 30 оноо дунджилсан, баг нь 65 ялсан дөрөв дэх тоглогч юм. Түүнээс өмнө Карим Абдул Жаббар, Майкл Жордан (2 удаа), Стифен Карри нар ийм амжилт үзүүлж байв.
Шилдэг дасгалжуулагч Дуэйн Кэйси
Тавдугаар сарын 7: “Кливлэнд” “Торонто”-г шүүрдэв.
Тавдугаар сарын 9: Д.Кэйси шилдэг дасгалжуулагчид нэр дэвшлээ.
Тавдугаар сарын 11: Рэпторс дасгалжуулагчаа халав.
Тавдугаар сарын 11: Пистонс Д.Кэйсиг дасгалжуулагчаар томилов.
Тавдугаар сарын 12: Рэпторс шинэ дасгалжуулагчтай болов.
Зургадугаар сарын 25: Д.Кэйси шилдэг дасгалжуулагчаар тодров.
Шилдэг шинэ тоглогч Бэн Симмонс
Шилдэг шинэ тоглогчийн шагналыг 1952 оноос хойш олгож буй. Энэ хугацаанд “Филадельфи 76” багаас дөрвөн тоглогч уг шагналыг авч байв. Өдгөө 21 настай Б.Симмонс эхний улиралдаа 1200 оноо, 600 дамжуулалт, 600 самбараас бөмбөг авсан түүхэнд хоёр дахь тоглогч аж. Түүнээс өмнө Оскар Робертсон 1960-61 онд үзүүлж байлаа.