“Майами Хит”-ийн хамгаалагч Дуэйн Уэйд ирээдүйд өөрийн багтай болохыг хүсч байгаа гэдгээ ярьжээ. Тэрбээр Блүмбергийн сэтгүүлч Жоэль Уэбертэй өөрийн ирээдүйн зорилгын талаар ярилцсан юм. Д.Уэйд “Би НБЭ-д боломжийн багийн эзэдтэй хамтарч, хувьцаа эзэмшихийг хүсч байгаа. Аль нэг багийг худалдаж авах бус бусад хүмүүстэй хамтарч ажиллах нь миний зорилго. Яг Грант Хилл “Атланта Хоукс”-ын, Шакил О’Нил “Сакраменто Кингс”-ийн хувьцаа эзэмшдэг шиг. Гэхдээ эхлээд зодог тайлах хэрэгтэй. Үүний дараа төлөвлөсөн зүйлээ хийнэ” гэж ярьжээ.
Түүнээс сэтгүүлч ямар багийн хувьцаа эзэмшихийг хүсч байгаа талаар лавлахад “Сеатл Суперсоникс. Би энэ багийг буцаж ирээсэй гэж хүсдэг. Миний бодлоор Сеатл бол сагсан бөмбөг хөгжсөн гайхалтай хот” гэсэн юм.
Өдгөө 36 настай Дуэйн Уэйд өнгөрсөн улиралд “Кливлэнд” болон “Майами”-д байхдаа 11.4 оноо дунджилсан. Тэрбээр сагсан бөмбөгөөс гадна дарсны бизнес эрхэлж, өөрийн брэндийн цүнх үйлдвэрлэх болсон билээ.