Леброн Жэймсийн гайхалтай төгсгөл

“Кливлэнд”-“Индиана”-гийн цувралын тав дахь тоглолт. Цувралын харьцаа 2:2. Тооны харьцаа 95:95. Таддиус Янгийн цохисон бөмбөг талбайгаас гарахад шүүгч Лэброн Жэймсийг бөмбөгөө алдсан гэж шүгэл үлээлээ. Нэгэнт шүүгчийн шийдвэр ингэж гарсан тул 27.1 секундэд “Индиана” довтлох нь тодорхой болов. Нэйт Макмиллан завсарлага захиалж, улмаар энэ улирлын турш багаа үүрч явсан Виктор Оладипод бөмбөгөө өгөхийг даалгажээ. В.Оладипо “Хаан” Жэймсийн эсрэг нэг хуурч, зоригтой оролт хийсэн ч энэ удаа Л.Жэймс хаалт хийлээ. Жи Ар.Смит самбараас бөмбөг авч, завсарлага захиалахад 3 секунд дутуу үлдэв.

Оноогоор илүү гарах чухал шидэлтийг Л.Жэймс гүйцэтгэх нь тодорхой. Н.Макмиллан ч үүнийг маш сайн мэдэж байлаа. Түүний гол зорилго бөмбөгийг Лэбронд өгөхгүй байх явдал байсан ч хамгаалалтаа олигтой хийж чадсангүй. “Хаан” Жэймс цувралын турш өөрийг нь дагаж буй Таддиус Янгийн эсрэг гурваас оруулж, багтаа ялалт авчирлаа.



Лэброн Жэймсийн хувьд 15 жилийн замналдаа цаг дуусах үетэй зэрэг хийсэн хожлын шидэлтийн тоо дөрөвт хүрсэн юм. Анх 2009 онд Дорнод бүсийн финалд “Орландо”-гийн эсрэг хожлын шидэлт гүйцэтгэсэн бол үүнээс яг дөрвөн жилийн дараа 2013 онд Дорнод бүсийн шигшээд учраа таарсан “Индиана”-гийн эсрэг хожлын оноог авч байлаа. Хоёр жилийн дараа мөн л Дорнодын шигшээд таарсан “Чикаго Буллз”-ын эсрэг цувралын дөрөв дэх тоглолтод хожил авсан юм.

Донован Митчелл хэмээх шинэ тоглогч “Оклахома Сити Тандер”-ын их гурвалд хичээл зааж байна. Цувралын тав дахь тоглолтод “Юта Жазз” өрсөлдөгчөө талбайд нь 25 онооны давамгай хожиж байв. Энэ үед “Тандер”-ын их гурвалын улирал дуусахад тун ойрхон байлаа. Учир нь тэд өмнөх дөрвөн тоглолтын гуравт нь хожигдсон. Гэвч Рассел Уэйстбрук улирлаа амархан дуусгахыг хүссэнгүй. Түүний гайхалтай тоглолт, Пол Жоржын найдвартай шидэлтийн ачаар “Оклахома” онооны зөрүүг богино хугацаанд арилгаж, эргэн ирсэн юм. Сүүлийн 20 жилд хасагдах шатанд 25 ба түүнээс дээш онооноос эргэн ирсэн тохиолдол таван удаа бүртгэгдсэн. “Лос Анжелес Клипперс” баг 2012 онд “Мэмфис Гриззлис”-т 27 онооны зөрүүтэй хожигдож яваад ялсан тохиолдол бий. Мөн өнгөрсөн онд “Кливлэнд” “Индиана”-гийн цувралд 26 онооны зөрүүг арилгаж, ялалт байгуулсан нь 2002 онд “Бостон Селтикс”, “Нью Жэрси Нетс”-ийн түүхийг давтсан.

“Оклахома” гуравдугаар үеийг 32:7-гоор зөрүү гаргахад Р.Уэйстбрук 7 шидэлтийнхээ 6-г оруулж, үүнээс гурвын шидэлт 5 шидэж, 4-ийг нь амжилттай гүйцэтгэж, нийт 20 оноо авчээ. Үлдсэн 12 оноог Пол Жорж авсан аж.



 

Start a Conversation

Your email address will not be published. Required fields are marked *