Өнөөдөр NBA-д мөн дөрвөн тоглолт боллоо. Дорнод бүсийн “Бостон-Милоуки”, “Кливлэнд-Индиана”, Өрнөдийн тэргүүн баг “Хьюстон-Миннесота”, “Оклахома-Юта” багуудын эхний тоглолт явагдсан юм.
Бостон 113:107 Милоуки
Жинхэнэ драм энэ тоглолтод өрнөв. К.Өрвинг гэмтэлтэй байгаа ч “Бостон” амар бууж өгөхгүй. Тэд шийдвэрлэх дөрөвдүгээр үед 10 онооны зөрүүгээр хожиж явсан ч “Бакс” оноогоо нөхөж, Малколм Брогдоны гурвын шидэлтийн ачаар тооны харьцааг тэнцүүлсэн. “Бостон”-д бөмбөг шилжиж, үлдсэн 10.3 секундэд амжиж оноо авах шаардлагатай болов. Брэд Стивенс ийм чухал үед хэнд бөмбөг өгөх нь сонин байсан ч залуу холбогч Терри Розиарт итгээд үзэв. Тэр Эрик Бледсог нэг хуураад гурваас шидсэн нь амжилттай болж, эсрэг багт довтлох 0.5 дойл үлдсэн юм. “Бостон” талбай дээрээ цувралын эхний ялалтаа авах нь тодорхой гэгдэж байсан ч Крис Мидлтон үлдсэн хугацаанд амжиж гурваас тэнцүүлснээр нэмэлт цаг гарах нь тодорхой боллоо. Итгэмээргүй шидэлт, гайхалтай төгсгөл байв.
Нэмэлт цагт Эрик Бледсо, Яннис Адетокунбо нар алдааны асуудлаар жагсаалаас гарч, М.Брогдоны тоог тэнцүүлэх оролдлогыг Ж.Татум хаалт хийж багтаа давуу байдал авчирсан билээ.
Бостоны Ал Хорфорд хасагдах шатны 91 дэх тоглолтдоо оролцжээ.
Индиана 98:80 Кливлэнд
Леброн Жэймс хасагдах шатны эхний цувралд хожигдоогүй тоо нь 21 хүрээд зогслоо. Тэр хамгийн сүүлд 2012 онд “Нью Йорк Никс”-тэй хийсэн цувралын дөрөв дэх тоглолтод хожигдсоноос хойш энэ шатанд ялагдаж үзээгүй. Түүний баг 2013 онд “Милоуки”-г, 2014 онд “Чарлотт”-ыг, 2015 онд “Бостон”-г, 2016 онд “Детройт”-ыг, өнгөрсөн жил “Индиана”-г тус тус “шүүрдсэн”. Гэхдээ Леброн хасагдах шатны эхний тойрогт ялагдаж байгаагүй гэсэн бардам үзүүлэлт нь хэвээрээ.
Оклахома 116:108 Юта
Пол Жорж 36 оноо авснаар “Оклахома” эхний тоглолтод хожлоо. “Play-off P” хочтой болоод буй Жорж найман удаа холын зайн шидэлтээ оновчтой болгож, багийнхаа дээд амжилтыг тогтоов.
Шилдэг шинэ тоглогчийн шагналд хүчтэй өрсөлдөж байгаа Донован Митчелл эхний тоглолтод 27 оноо, 10 самбар авчээ. Д.Митчелл тус тоглолтын хоёрдугаар хагаст гэмтэл авч, талбайг орхисон ч удалгүй эргэн ирсэн юм. Түүний гэмтэл төдий л ноцтой биш аж.
Хьюстон 104:101 Миннесота
Жэймс Харден 44 оноо авч, хасагдах шатанд оргил тоглолтоо үзүүлэв. Клинт Капела эхний хагаст 20 оноо, 10 самбараас бөмбөг авсан ч хоёрдугаар хагаст бага минутад талбайд гарч, 4 оноо, 2 самбараас бөмбөг авчээ.
“Хьюстон” улиралд “Миннесота”-гийн эсрэг дөрөв тоглохдоо бүгдэд нь хожиж, нэг тоглолтод дунджаар 15.7 онооны зөрүүгээр ялсан үзүүлэлттэй. Энэ тоглолтод Капелагийн 10 онооны ачаар 17:6-гаар хошуучилж, оноогоор холдож эхэлсэн ч дөрөвдүгээр үед “Чононууд” тооны зөрүүг ойртуулсан юм.