Ирэх зургадугаар сарын 8-12-нд Филиппин 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ болно. Тус тэмцээнд оролцох эрэгтэй, эмэгтэй нийт 40 багийн сугалаа гарчээ. Өнгөрсөн жилийн аваргууд хэсгийн шатнаасаа тун завгүй байх бололтой. Аваргаа хамгаалах зорилготой Сербийн эрчүүд өнгөрсөн жил аваргын төлөө тоглосон Нидерландын багтай нэг хэсэгт багтсан бол ОХУ-ын бүсгүйчүүд дэлхийн хошой аварга АНУ-ын багтай нэг хэсэгт оров.
Эрэгтэйчүүдийн “А” хэсэгт Серб, Нидерландын хамт 2014 оны Европын аварга Румын, Шинэ Зеланд, Киргизстаны баг оржээ.
Харин эмэгтэйчүүдийн “С” хэсэгт ОХУ, АНУ-ын багийн хамт Андорра, Иран, Уганда багтав.
ДАШТ-д анх удаа оролцох Монголын эрэгтэй шигшээ баг “С” хэсэгт ОХУ, Бразил, Канад, эзэн орны Филиппинтэй таарах юм. Оросууд 2014 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн туршлагатай бол Бразил, Канадын шигшээ баг ямар нэг том амжилт үзүүлээгүй ч жигд амжилттай явдаг багууд билээ. Харин Филиппиний шигшээ багийн хувьд зохион байгуулагч орон тул эрхээ шууд авсан юм.
Хэсэг тус бүрээс эхний хоёр баг дараагийн шатанд шалгарч, хасагдах шатанд өрсөлдөнө.