NBA-ийн домогт тоглогч асан Майкл Жорданы эзэмшдэг “Чарлотт Хорнетс” баг шинэ ерөнхий менежерийн эрэлд гараад буй. Тэд өнгөрсөн жилийн хоёрдугаар сараас хойш ажилгүй яваа, “Лос Анжелес Лэйкерс”-ийн ерөнхий менежерээр олон жил ажилласан туршлагатай Митч Купчакт ажлын санал тавьсан сурагтай.
М.Купчак “Хорнетс”-ийн эзэн М.Жорданыг эртнээс мэднэ. Тэд хамтдаа Хойд Каролинагийн их сургуульд суралцаж, нэг багт хамт зүтгэж явсан удаатай. М.Жордан өмнөх ерөнхий менежер Рич Чойг өнгөрсөн хоёрдугаар сард халсан юм.
Купчак 1981 онд “Лэйкерс”-т тоглогч байсан цагаасаа хойш өнгөрсөн оныг хүртэл тус багийн арын албанд зүтгэсэн эрхэм. Сүүлийн 17 жилд тус багийн ерөнхий менежерээр ажиллаж, олон чухал шийдвэрийг гаргасан юм. “Лэйкерс” түүнийг ажиллаж байх хугацаанд дөрвөн аваргын цом хүртсэн юм.