Tag: hot

NBA: Ирэх улирлын хуваарьтай ТАНИЛЦ

Цар тахлын улмаас өнгөрсөн улиралд багагүй завсарлага авсан NBA ирэх улирлынхаа хуваарийг танилцууллаа.

Ирэх улирлыг NBA 72 тоглолттой зохион байгуулахаар тохиролцоонд хүрсэн. Түүнчлэн цар тахлын аюул дахин нөмрөх эрсдэлтэй учраас лигийн тоглолтуудад уян хатан зохицуулалт хийхээр болсон аж. Тодруулбал, улирлын эхний хагаст титэм вирусын улмаас хойшлогдсон тоглолт улирлын сүүлийн хагаст аль боломжтой өдөрт шилжүүлэхээр болжээ.

Баг тус бүр өөрийн бүсийн багтайгаа гурван удаа тоглох бөгөөд нийлбэр нь 42 тоглолт. Эсрэг бүсийн багтайгаа хоёр удаа буюу нийт 30 тоглолт хийнэ.

Энэ удаагийн хуваарьт нэгэн шинэ өөрчлөлт орсон нь “Play-In Tournament” буюу плэй-оффын сүүлийн байрын төлөөх нэмэлт тоглолт болох юм. Улирлын үзүүлэлтээр бүсийнхээ долоо болон наймд жагссан багууд хоорондоо хүч үзнэ. Энэ тоглолтод ялсан баг нь шууд плэй-оффт өрсөлдөх эрхээ авах бол хожигдсон баг нь 9 болон 10 дугаар байрны төлөө өрсөлдөөд хожсон багтай плэй-оффын сүүлийн байрны төлөө өрсөлдөх юм.

Плэй-оффын тоглолт хамгийн оройдоо гэхэд долдугаар сарын 22-нд дуусна. Ингэснээр тамирчид ирэх жилийн зуны олимпод оролцох бүрэн боломжтой байх аж.

2020-2021 оны улирлын хуваарь:


  • XII. 11 – 19: Улирлын өмнөх тоглолт (бага тус бүр 3-4 тоглолт хийнэ)
  • XII. 22 – III. 4: Улирлын эхний хагас
  • III. 5 – 10: Бүх оддын тоглолт
  • III. 11 – V. 16: Улирлын хоёрдугаар хагас
  • V. 18 – 21: Плэй-оффын сүүлийн байрны төлөөх тоглолт (7-8, 9-10 хоорондоо)
  • V. 22 – VII 22: Плэй-офф

Жич: АНУ-ын цагаар


NBA: Солилцооны цонх нээгдлээ

NBA-гийн солилцоо наймааны цонх нээгдлээ.


Лос Анжелес Лэйкерс – Денис Шрёдер

Оклахома Сити Тандер – Дэнни Грин, 2020 оны драфтын №28


Финикс Санс – Крис Пол

Оклахома Сити Тандер – Кэлли Өүбри, Рики Рубио, Ти Жэром, Жален Лекью, 2022 оны драфтын эхний тойргийн эрх


Портлэнд Трэйлблазерс – Роберт Ковингтон

Хьюстон Рокетс – Тревор Ариза, 2020 (18 дахь эрх), 2021 оны драфтын эхний тойргийн эрх


Милоуки Бакс – Жрү Холидэй

Нью Орленс Пеликанс – Эрик Бледсо, Жорж Хилл, ирээдүйн гурван драфтын эрх


Милоуки Бакс – Богдан Богданович, Жастин Жэймс

Сакрамэнто Кингс – Донтэ Дивенченцо, Эрсан Ильясова, ДиЖэй Уилсон

NBA: “Индиана”-гийн шинэ дасгалжуулагч Нэйт Бьоргрентэй танилц

NBA-гийн “Индиана Пэйсерс” баг шинэ дасгалжуулагчаа танилцууллаа. Тэд энэ жил 45 настай Нэйт Бьоргрентэй дугуй ширээний ард тохиролцож, багийнхаа түүхэнд 16 дахь ахлах дасгалжуулагчаар сонгосон юм.

Нэйт өмнө нь “Торонто Рэпторс” багт Ник Нөрсийн туслах дасгалжуулагчаар ажиллаж, 2019 онд лигийн аварга болсон юм. Түүнээс өмнө “Финикс Санс”-т туслах дасгалжуулагчаар ажилласан туршлагатай.

Ингээд түүний талаарх таван онцлох баримтыг танилцуулья.

Ник Нөрстэй эртний танилууд

Нэйт Бьоргрен төрөлх нутгийнхаа ойролцоо оршдог Буэнас Виста коллеж руу шилжихээсээ өмнө Өмнөд Дакотагийн их сургуульд хоёр жил (1994-96) суралцсан юм. Энд суралцаж байхдаа залуу Бьоргрен “Торонто Рэпторс”-ыг хожим аварга болгосон Ник Нөрс дасгалжуулагчийн удирдлага дор тоглож байжээ. Н.Нөрс 1993-1995 оны хооронд туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан билээ.

23 насандаа дасгалжуулагч болов

NBA-д ахлах дасгалжуулагчийн албанд томилогдохоосоо өмнө тэр маш урт зам туулсан гэхэд болно. Ердөө 23 насандаа дасгалжуулагчийн гараагаа эхэлж, тийм ч нэртэй бус нэгэн ахлах сургуульд ахлах дасгалжуулагчаар ажилласан юм. Айова мужид байрладаг тус ахлах сургуульд тэр зөвхөн сагсан бөмбөгийн дасгалжуулагчаар ажиллаагүй. Бэйсбол болон америк хөлбөмбөгийн багийн туслах дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгээд зогсохгүй сургуулийн автобус жолооддог байсан аж.

Улмаар Аризона мужид байдаг Кактус Шаудоус ахлах сургуулийн багт гурван жил ажиллаад 2005-2006 онд мужийн шилдэг дасгалжуулагчаар тодорсон удаатай.

Мэргэжлийн багт цалингүй

Ник Нөрс дасгалжуулагч Өмнөд Дакотаг 1995 онд орхисон ч Бьоргренийг мартаагүй юм. Тэрбээр 2007 онд NBA-гийн хөгжлийн лигийн “Айова Энержи” багт ахлах дасгалжуулагчаар томилогдоод хуучны шавиа дууджээ. Мэргэжлийн багт анхны ажлын саналаа хүлээн авсан Нэйт анхны жилдээ огт цалингүй ажиллаж байв. Хоёр дахь жилээ 500$ ам.долларын урамшуулал авсан бол гурав дахь жилээ 2500 “ногоон” авчээ. Хоолоо олж идэхийн тулд бялдаржуулах төвд хагас цагаар ажилладаг байсан юм.

Н.Нөрсийн удирдлага дор “Айова Энержи” баг дөрвөн улирал болсон бөгөөд 2011 онд лигийн аварга болсон билээ. Дараа жил нь Бьоргрен “Дакота Уизардс” багийн ахлах дасгалжуулагчаар томилогдож, Н.Нөрс “Рио Гранде Уаллей Уайперс” багийг удирдахаад одсон. Хоёр жилийн дараа эртний танилууд аваргын төлөө тунаж, багш нь шавиа буулган авч байв.

Түүхэнд нэрээ үлдээсэн…

Н.Бьоргрен болон Н.Нөрсийн “нөхөрлөл” коллеж, хөгжлийн лигээр хязгаарлагдахгүй. “Торонто Рэпторс”-ын ахлах дасгалжуулагчаар томилогдсон Н.Нөрс дасгалжуулагчийн багтаа Нэйтийг дуудсан юм. Улмаар өнгөрсөн жил хамтдаа аваргын цом хүртсэн. Н.Бьоргрен хөгжлийн лиг болон NBA-д туслах дасгалжуулагчийн албанд байхдаа аваргалсан анхны мэргэжилтэн болсон түүхтэй.

Залуу тамирчдад ээлтэй дасгалжуулагч

Н.Бьоргрен найман жил хөгжлийн лигт ажиллаад “Финикс Санс” багт залуу тоглогчидтой ажиллах туслах дасгалжуулагчаар очив. Одоогийн “Индиана Пэйсерс” багийн гол довтлогч болоод буй Ти.Жэй Уаррен, “Санс”-ын залуу од Девин Бүүкер зэрэг цөөнгүй тоглогчийг тэр хөгжүүлж байсан билээ.