Tag: Covid19

NBA: Ижил хүйстэн тоглогч халдвар авчээ

NBA-гийн тоглогч асан, тоглогч ахуйдаа ижил хүйстэн гэдгээ зарласан Хойд Америкийн анхны мэргэжлийн тамирчин болсон Жэйсон Коллинс корона вирусын халдвар авчээ.

Жэйсон Коллинс өөрийн цахим хуудсаар дамжуулан, шинэ “титэм” вирусын халдвар авсан гэдгээ зарлав. Тэрбээр Нью-Йорк хотод “Бруклин Нэтс” багийн тоглолтыг үзэх үеэр халдвар авсан байх гэж таамаглаж байгаа аж.

“Энэ сарын 11-нд надад өвчний анхны шинж тэмдэг илэрсэн. Толгой хүчтэй өвдөж байснаа хэд хоногийн дараа халуурч, ханиалгаж эхэлсэн” гэж Ж.Коллинс твиттер хуудсандаа бичжээ.

Ж.Коллинс NBA-д 13 улирал зүтгэснийхээ дараа буюу 2014 онд өөрийгөө ижил хүйстэн гэдгээ зарласан билээ. Үүнээс хойш удалгүй их спортоо орхисон.

Одоо бол тэр NBA-гийн сайн үйлсийн элчээр томилогдсон юм.

Жэйсон болон Жэррон Коллинс

Жэйсоны ихэр Жэррон Коллинс “Голден Стэйт Уорриорс” багийн туслах дасгалжуулагчаар ажилладаг. Ихрүүд Стэнфордын Их Сургуульд дөрвөн жил тоглоод 2001 оны драфтад нэрээ дэвшүүлж, Жэйсон нь нэгдүгээр тойргийн 18-аар, Жэррон нь хоёрдугаар тойргийн 52-оор NBA-д драфтлагдсан түүхтэй.

NBA: 5 багт хөл хорио тогтоолоо

“Юта Жазз” багийн хоёр тоглогчоос корона вирус илэрсэн тул сүүлийн 10 өдөрт тус багтай тоглосон таван багт хөл хорио тогтоолоо.

“Кливлэнд Кавальерс”, “Нью Йорк Никс”, “Бостон Селтикс”, “Детройт Пистонс”, “Торонто Рэпторс” багийн тоглогчид дотооддоо арга хэмжээ авахаар боллоо.

Эдгээр багийн бүх тоглогчид биеийн байдлаа хянаж, олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй гэнэ.

Түүнчлэн хамгийн сүүлд “Юта Жазз”-тай тоглосон “Торонто Рэпторс” багийнхан бүгд корона вирусын шинжилгээ өгөхөөр болов.

Өнөөдөр болох ёстой байсан “Нью Орленс Пеликанс”, “Сакрамэнто Кингс” багийн тоглолт мөн цуцлагдсан. Шалтгаан нь тус тоглолтын шүүгчээр томилогдсон Кортнэй Кирклэнд хэдхэн хоногийн өмнө “Юта”, “Торонто”-гийн тоглолтыг шүүсэн юм. Тиймээс “Пеликанс” багийн тоглогчид талбайд гарахаас татгалзсан аж.

COVID-19: NBA түр хугацаагаар хойшлогдлоо

“Юта Жазз” багийн франц төвийн тоглогч Руди Гобероос корона вирус илэрсэн нь тогтоогдсон тул лигийн тоглолтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шийдвэр гарлаа.

Одоогоор хэдийг хүртэл хойшлуулсан нь тодорхойгүй байгаа юм. Шалтгаан нь Р.Гобероос вирус илэрч, “Юта Жазз” болон “Оклахома Сити Тандер” багийн тоглогчид Оклахома Ситид хөл хорионд оржээ.

NBA-гийн зүгээс дараагийн арга хэмжээг авахаар удирдлагууд яаралтай цуглаж, хуралдахаар төлөвлөж байгаа юм.

Корона вирусын халдвар дэлхий даяар эрчтэй тархаж буй. Тодруулбал, АНУ-д ч их илэрч байгаа тул тус улсын мэргэжлийн лигүүд шат дараатай арга хэмжээ авахаар төлөвлөж байв. Нэг бус баг үзэгчгүй тоглохоор төлөвлөж байсан юм. Хэдийгээр хоккейчдоос илрээгүй боловч NHL-ийн зарим баг үзэгчгүй ордонд тоглох болсон билээ.