Tag: Монгол

3х3: Элсний спортын анхдугаар наадамд ХҮРЭЛ медаль хүртлээ

Энэ сарын 11-16-нд Катарын Доха хотод элсний спортын анхдугаар наадам боллоо. Тус тэмцээнд манай улсаас зөвхөн 3х3 сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэй, эмэгтэй баг өрсөлдсөн юм.

Таван өдрийн турш үргэлжилсэн тус наадамд 97 орны 1240 тамирчин хүч сорилоо. Манай улсаас 3х3 сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэй, эмэгтэй баг буюу нийт найман тамирчин хүч сорив.

Эрчүүдийн ангилалд ОХУ алт, Бразил мөнгө, Монгол хүрэл медаль хүртэв
Медаль хүртсэн багуудын бүрэлдэхүүн

Монголын эрэгтэй баг хагас шигшээд ОХУ-д хожигдсон ч хүрэл медалийн төлөө Украиныг 20:16-гаар буулган авснаар анхдугаар элсний наадмаас медаль хүртсэн 40 орны нэг боллоо.

Сонирхуулахад, энэ удаагийн наадамд Испани улс долоон алтан медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн. Тэд нийт 10 медаль хүртсэн юм. Харин медалийн тоогоор Бразил (12 медаль, 5 алт) манлайлжээ. 14 улс алтан медаль хүртжээ.

Триатлоны олон улсын шүүгч Б.Цагаанбаатар анхдугаар элсний наадамд шүүгчээр ажилласан юм

Түүнчлэн анхдугаар элсний наадмын триатлоны төрөлд олон улсын 11 шүүгч ажилласны нэг нь монгол хүн байлаа. Монголын триатлоны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цагаанбаатар энэ 11 дотор багтаж, тэмцээнийг дэнсэлсэн юм.

“Улаанбаатар” баг IV байр эзэллээ

АНУ-ын Лос-Анжелес хотод болсон 3х3 сагсан бөмбөгийн “Их Дуулга” тэмцээнд Монголын “Улаанбаатар” баг амжилттай оролцож, дөрөвдүгээр байр эзэллээ.

Өнгөрсөн сарын 31-нд БНСУ-ын “Иньжэ-гүнь“-д болсон 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд гуравдугаар байр эзэлсэн амжилтаар Монголын “Улаанбаатар” баг “Лос Анжелес”-т болох “Их Дуулга”-д оролцох эрх авсан билээ. Тус тэмцээнд Словенийн “Пиран” баг түрүүлж, манай багийн хамт эрх авсан юм.

А.Ананд

“Лос Анжелес”-т эрх авсан 10 багийн хамт Бразилаас “Сао Паоло ДС”, “Рио Норте” баг урилгаар оролцсон. Ингээд 12 баг хэсэгт хуваагдахад “Улаанбаатар” баг “А” хэсэгт дэлхийд чансаагаар тэргүүлдэг Арабын Нэгдсэн Эмиратын “Нови Сад Аль Вахда”, Швейцарийн “Лоззана”-тай таарсан. Манай залуус “Лоззана”-г 15:13-аар буулган авч, “Нови Сад Аль Вахда”-д 11:21-ээр ялагдсанаар хэсгээсээ хоёроор шалгарсан юм.

Пиран VS Улаанбаатар

Ингээд шөвгийн 8-д “С” хэсгийг хоёр хожилоор тэргүүлсэн Словенийн №1 баг болох “Пиран”-тай учраа таарлаа. Хур их туршлагатай “Пиран” баг гурван долоо хоногийн өмнө ” Иньжэ-гүнь“-д болсон чалленж тэмцээний хагас шигшээд “Улаанбаатар”-ыг 17:15-аар буулган авч, түрүүлэх замаа зассан. Харин энэ удаа монгол залуус хариугаа авч, 16:13-гаар өрсөлдөгчөө тэмцээнээс хасав.

Э.Дөлгөөн

Харамсалтай нь, хагас шигшээд Сербийн “Лиман” багт 12:18-аар хожигдож, дөрөвдүгээр байр эзэллээ. Лос Анжелесийн тэмцээнд нутгийн баг “Принстон” түрүүлж, “Лиман” дэд байрт шалгарсан бол “Нови Сад Аль Вахда” баг гуравдугаар байрт орсон юм. Сонирхуулахад, энэ тэмцээнд түрүүлсэн баг 30 мянган ам.долларын урамшуулал хүртэх бол хоёрдугаар байр эзэлсэн нь 20 мянга, гуравдугаар байрыг 12 мянган “ногоон”-оор байлсан. Харин дөрөвдүгээр байр эзэлсэн баг 8000 ам.долларын шагнал хүртсэн аж.

Шагналын мөнгөнөөс гадна “Их Дуулга”-д амжилттай оролцсон баг жилийн эцсээр Японы Үцүномияд болох шигшээ тэмцээнд оролцох оноо цуглуулна. Энэхүү тэмцээнд дөрөвдүгээр байрт шалгарч, 60 оноо авснаар “Улаанбаатар” баг нийт 74 оноогоор 17 байрт явна. Дахин 5 байр ахиж чадвал манай залуус Японыг зорих боломжтой. Ингэхийн тулд үлдсэн хоёр тэмцээнд дээгүүр байр эзлэх даалгавар тэднийг хүлээж байна.

18 хүртэлх насны ДАШТ-ийг Монголд зохион байгуулна

18 хүртэлх насны өсвөрийн ДАШТ 2019 оны зургадугаар сард манай улсад зохион байгуулахаар боллоо. 2011 оноос хойш жил бүр уламжлал болон зохиогдох болсон тус тэмцээн энэ онд “Буэнос Айрес 2018” залуучуудын олимпийн жил таарсан тул өнжсөн юм. Өмнө нь Италийн Римини (2011), Испанийн Алькобендас (2012), Индонезийн Жакарта (2013), Унгарын Дебрецен (2015), Казахстаны Астана (2016), БНХАУ-ын Ченду (2017) хотод болж байв.

Манай улсын өсвөрийн шигшээ баг ДАШТ-д оролцож байгаагүй. Харин 2019 онд анх удаа нутагтаа зохион байгуулж, анхны гараагаа эхлүүлэх нь тодорхой болов.

Өсвөрийн ДАШТ-д эрэгтэй 20, эмэгтэй 20 баг өрсөлдөх бөгөөд эрэгтэйчүүдийн цагариг руу довтлох тэмцээн, эмэгтэйчүүдийн ур чадварын тэмцээн, холимог багийн шидэлтийн тэмцээн зэрэг болох юм.

Тус тэмцээнд энэ сарын 1-нд гэхэд чансаагаар эхний 20-д багтсан багууд өрсөлдөх эрх авна. Одоогоор Монголын эрэгтэй шигшээ баг чансаагаар есдүгээрт, эмэгтэй шигшээ баг чансаагаар 12 дугаарт бичигдэж байна.

Эх сурвалж: FIBA хуудас