“Бостон Селтикс” баг 1972 оны гуравдугаар сарын 12-нд домогт тоглогч Билл Расселийн “6” дугаарыг мөнхөлж байв. Энэ өдрөөс яг 13 жилийн дараа тус багийн өөр нэгэн домог болох Ларри Бөрд “Атланта Хоукс”-ын эсрэг 60 оноо авч багийн дээд амжилт тогтоосон билээ.
Л.Бөрдийн тогтоосон энэ рекордыг өдийг хүртэл давах аавын хүү гарч ирсэнгүй. “Селтикс”-ийн лидер Жэйсон Татум “Сан Антонио Спөрс”-ийн эсрэг 60 оноог авч баг нь нэмэлт цагт өрсөлдөгчөө 143:140-ээр ялав. Ж.Татум өмнө нь “Миннесота Тимбэрволвес”-ын эсрэг 53 оноо авч байв. Энэ багийн түүхэнд 60 оноо авсан хоёр тоглогч бий бол 50 онооны босго давсан зургаан тоглогч бий. Харин нэг улиралд хоёр удаа 50-аас дээш оноо авсан анхны тоглогч нь Ж.Татум.
Түүний 60 оноо зүгээр нэг тохиолдол байсангүй. Баг нь эхний хагаст 29 оноогоор хожигдож байлаа. Эхний хагас өндөрлөсний дараа багийнхаа тоглолтод сэтгэл дундуур байсан үзэгчид эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн юм. Энэ бол “Селтикс” шиг арвин түүхтэй, үнэнч үзэгчидтэй багийн хувьд гутамшиг гэсэн үг. Гэхдээ үүнийг дасгалжуулагч Брэд Стивенс чадварлагаар ашигласан. Завсарлагааны дараа багийнхандаа хатуу үг хэлсэн Б.Стивенсийн төлөвлөгөө хэрэгжиж дараагийн хоёр үед өрсөлдөгч багаасаа 29 оноо илүү авч (80:51) үндсэн цагт тэнцсэн юм.
NBA-гийн түүхэнд нэг тоглолтод 60-аас дээш оноо авсан 62 тохиолдол бүртгэгджээ. Тэднээс хамгийн залуу нь Девин Бүүкер. Түүний дараа 23 настай Ж.Татум бичигдэх юм.
Түүнчлэн 32 онооноос эргэн ирсэн нь лигийн түүхэнд гуравдугаарт орох үзүүлэлт болжээ. 1996 онд “Юта Жазз” баг 36 онооноос эргэн ирж “Денвер Наггетс”-ыг ялсан бол 2009 онд “Сакрамэнто Кингс” 35 онооноос “Чикаго Буллз”-ыг “гомдоож” байв.
Харин эхний хагаст 29 оноогоор хожигдоод эргэн ирсэн нь лигийн түүхэнд хоёрдугаарт бичигдэх аж.
Лигийн хувьд 32 ба түүнээс дээш онооны зөрүү үүссэн тохиолдолд 1014 тоглолт дараалан давамгайлж явсан баг хожсон гэх үзүүлэлтэд цэг тавилаа.