Author: Д. Бямбажаргал

Спорт сонирхогч Сайтын гэрэл зурагчин

NBA: Хамгийн баян багийн эзэн хэн бэ

Хэдийгээр NBA-г сонирхдог ч бид багийн эздийн тухай тэр бүр мэддэггүй. “Forbes” сэтгүүлээс NBA-гийн хамгийн баян багийн эзэдийн жагсаалтыг гаргажээ.

NBA-гийн 30 багт хувьцаа эзэмшдэг 22 тэрбумтан бий. Энэ жагсаалтад “Madison Square Garden” юм уу “Rogers Communications” шиг томоохон хувьцаа эзэмшигчдийг оруулаагүй гэдгээ эх сурвалж мэдээлэв.

Эдгээр 22 тэрбумтаны нийт хөрөнгө нь 141 тэрбум ам.доллар юм.

Корона вирусын улмаас спортын тэмцээн, уралдаан хаалгаа барьсан нь багийн эздийн санхүүд ч хүчтэй нөлөөлж эхэлсэн. Тодруулбал, “Филадельфи 76” баг ажилчдынхаа цалинг 20 хувиар багасгах шийдвэр гаргасан ч удалгүй олны эсэргүүцэлтэй тулгарсан тул шийдвэрээ буцаасан. “76” багийн хувьцааг эзэмшигч гол хүн бол тэрбумтан Жош Харрис (3.7 тэрбум ам.долларын хөрөнгөтэй). Түүнтэй хамтран хувьцаа худалдаж авсан хүн нь Майкл Рубин. Тэд 2011 онд 287 сая “ногоон”-оор багийн эзэн болсон билээ.

NBA-гийн тэрбумтан багийн эзэд

1. Стив Болмер (Лос Анжелес Клиппэрс): $51.4 тэрбум ам.доллар

“Microsoft” компанийн үүсгэн байгуулагчдын нэг, одоо Удирдах зөвлөлийн даргаар нь ажилладаг С.Болмер 2014 онд “Клиппэрс” багийг 2 тэрбум ам.доллароор худалдаж авсан юм. Саяхан тэрбээр “MSG” компанийн мэдэлд байсан ордоныг 400 саяар худалдаж авсан билээ.

2. Филип Ансчус (Лос Анжелес Лэйкерс): $11.2 тэрбум

“Лэйкерс”-ийн хувьцаа эзэмшдэг гурван хүний нэг. Багийн хувьцаанаас гадна “Staples Center’, хоккейн “Лос Анжелес Кингз” багийг эзэмшдэг аж.

3. Стэйнли Кроенк (Дэнвэр Наггетс): $10 тэрбум

Үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэг энэ эрхэм NBA төдийгүй NHL, NFL, MLS болон Английн Премьер лигийн баг эзэмшдэг юм.

4. Жосеф Цай (Бруклин Нэтс): $9.9 тэрбум

“Alibaba” группыг үүсгэн байгуулагч Ж.Цай өнгөрсөн жил “Бруклин Нэтс” багийг 2.3 тэрбумаар худалдаж авсан. Түүнчлэн “Barclays Center”-ийг 1 тэрбумаар байгуулжээ.

5. Роберт Пера (Мэмфис Гриззлис): $7.1 тэрбум

36 насандаа тэрбумтан болсон Р.Пера (одоо 42-той) тухайн үедээ хамгийн залуу 10 тэрбумтаны нэгээр тодорч байв. Тэрбээр 2012 онд “Гриззлис” багийн эзэн болсон.

6. Даниел Гилберт (Кливлэнд Кавальерс): $6.2 тэрбум

1985 онд 22 насандаа “Quicken Loans” хэмээх онлайн моргежийн зээлдүүлэгч компаниа байгуулж, ирээдүйн тэрбумтан болох замаа зассан Даниел 2005 онд багийн эзэн болж байв.

7. Том Горес (Детройт Пистонс): $5.7 тэрбум

Израилийн тэрбумтан Том Горес 2011 онд “Plantinum Equity”-гийн хамтрагчдынхаа хамтаар “Пистонс” багийн эзэн болсон ч 2015 онд дангаараа эзэмших болсон билээ. Өнгөрсөн оны есдүгээр сард 90 сая ам.доллароор бэлтгэлийн бааз, удирдлагын ажлын байр босгосон юм.

8. Мики Арисон (Майами Хит): $5.3 тэрбум

Дэлхийн хамгийн том аяллын хөлөг онгоцны сүлжээ компанийг 1972 онд Микигийн эцэг байгуулсан түүхтэй. 1979-2013 он хүртэл эцгийнхээ байгуулсан компанийн Удирдах зөвлөлийн даргаар ажилласан Мики 1995 онд “Майами Хит” багийн хувьцааг худалдаж авсан билээ.

9. Тилман Фертитта (Хьюстон Рокитс): $4.4 тэрбум

Техасын тэрбумтан Тилман Фертитта корона вирусын улмаас казино, зочид буудлынхаа зардлыг багасгах үүднээс 40 мянган ажилтнаа халах шаардлагатай гэж мэдэгдсэн билээ. Тэрбээр 2017 онд “Хьюстон Рокетс”-ын хувьцааг 2.2 тэрбумаар худалдаж авч, дээд амжилт тогтоож байв.

10. Марк Кубан (Даллас Маверикс): $4.3 тэрбум

2000 оноос хойш багийн эзэн болсон М.Кубан цагийн ажилчдынхаа цалинг бүтэн олгохоо мэдэгдсэн хуйхтай эр.

11. Жошуа Харрис (Филадельфи 76): $3.7 тэрбум

NBA-гийн хамгийн хүн чанаргүй багийн эзэн хэмээх алдрыг хүртээд буй Ж.Харрис хоккейн “Нью Жэрси Дэвилс” багийн эзэн, Английн “Кристал Палас” багийн хувьцаа эзэмшигч юм.

12. Гайли Бэнсон (Нью Орленс Пеликанс): $3.2 тэрбум

Түүний нөхөр Том Бэнсон 2018 онд нас барсан. Энэ үеэс NFL-ийн “Нью Орленс Сайнтс”, NBA-гийн “Нью Орленс Пеликанс” багийн хувьцаа эзэмшигч анхны эмэгтэй бизнесмэн болсон аж.

11. Глэн Тэйлор (Миннисота Тимбэрволвес): $2.8 тэрбум

Миннисота хотоос сенатын гишүүнээр ажиллаж байсан Г.Тэйлор 1994 оноос “Тимбэрволвес”, 1999 оноос WNBA-гийн “Миннисота Линкс” багийн эзэн болж байв. Тэрбээр 2000 онд Жо Смиттэй нууцаар гэрээ байгуулахаар тохирсон хэрэгт унаж, тоглолт үзэх эрхээ хасуулж байсан анхны багийн эзэн гэнэ.

14. Хэрб Симон (Индиана Пэйсерс): $2.6 тэрбум

Үл хөдлөх хөрөнгийн бизнесээрээ тэрбумтан болох замаа зассан Хэрб болон түүний ах Мэл Симон нар 1983 онд “Индиана Пэйсерс” багийн эзэн болж байв.

15. Энтони Рэсслэр (Атланта Хоукс): $2.4 тэрбум

“Атланта Хоукс” багийн хувьцааг Грант Хилл тэргүүтэй зургаан хүн хуваан эзэмшдэг ч ихэнх хувь нь Энтони Рэсслэрийн нэр дээр байдаг юм.

16. Майкл Жордан (Чарлотт Хорнетс): $2.1 тэрбум

“Nike” компани Жорданы нэрийн пүүзний орлогоос жил бүр 130 сая ам.доллар өгдөг. Түүний ард бичигддэг Лэброн Жэймсийн пүүзнээс олдог орлого нь 32 сая.

17. Марк Ласри (Милоуки Бакс): $1.8 тэрбум

Бизнес хамтрагч Уэс Эдэнсийнхээ хамтаар 2014 онд “Бакс” багийн хувьцааг 550 саяар худалдаж авсан билээ.

18. Гайл Миллер (Юта Жазз): $1.7 тэрбум

Гайлын анхны нөхөр Ларри 1985 онд “Юта Жазз” багийн хувьцаа эзэмшигч болж байв. Нөхрийгөө нас барсанаас хойш буюу 2017 онд “Жазз” багийн эзэн болжээ.

19. Жэрри Рэйнсдорф (Чикаго Буллз): $1.5 тэрбум

Ж.Рэйнсдорф тэргүүтэй хэсэг бизнесмэнүүд 1985 онд “Буллз” багийн хувьцааг 9.2 саяар худалдаж авч байв. Энэ бол Майкл Жордан лигт элсэж ороод ердөө ганцхан жилийн дараа болсон үйл явдал. Үүнээс хойш лигийн хамгийн алдартай багийн нэг болсон “Буллз”-ын өнөөгийн ханш нь 3.2 тэрбумд хүрч байна.

20. Теодор Леонсис (Вашингтон Визардс): $1.4 тэрбум

“AOL”-ийг үүсгэн байгуулагч Т.Леонсис 1999 онд “Вашингтон Капиталс” 2010 онд “Визардс”-ын ихэнх хувьцааг эзэмшигч болсон юм.

NBA: Ижил хүйстэн тоглогч халдвар авчээ

NBA-гийн тоглогч асан, тоглогч ахуйдаа ижил хүйстэн гэдгээ зарласан Хойд Америкийн анхны мэргэжлийн тамирчин болсон Жэйсон Коллинс корона вирусын халдвар авчээ.

Жэйсон Коллинс өөрийн цахим хуудсаар дамжуулан, шинэ “титэм” вирусын халдвар авсан гэдгээ зарлав. Тэрбээр Нью-Йорк хотод “Бруклин Нэтс” багийн тоглолтыг үзэх үеэр халдвар авсан байх гэж таамаглаж байгаа аж.

“Энэ сарын 11-нд надад өвчний анхны шинж тэмдэг илэрсэн. Толгой хүчтэй өвдөж байснаа хэд хоногийн дараа халуурч, ханиалгаж эхэлсэн” гэж Ж.Коллинс твиттер хуудсандаа бичжээ.

Ж.Коллинс NBA-д 13 улирал зүтгэснийхээ дараа буюу 2014 онд өөрийгөө ижил хүйстэн гэдгээ зарласан билээ. Үүнээс хойш удалгүй их спортоо орхисон.

Одоо бол тэр NBA-гийн сайн үйлсийн элчээр томилогдсон юм.

Жэйсон болон Жэррон Коллинс

Жэйсоны ихэр Жэррон Коллинс “Голден Стэйт Уорриорс” багийн туслах дасгалжуулагчаар ажилладаг. Ихрүүд Стэнфордын Их Сургуульд дөрвөн жил тоглоод 2001 оны драфтад нэрээ дэвшүүлж, Жэйсон нь нэгдүгээр тойргийн 18-аар, Жэррон нь хоёрдугаар тойргийн 52-оор NBA-д драфтлагдсан түүхтэй.

NBA: “Клиппэрс” 2024 оноос шинэ ордонтой болно

“Лос Анжелес Клиппэрс” багийн эзэн Стив Боллмер 400 сая ам.доллароор спорт ордон худалдаж авлаа.

“Клиппэрс”-ийн эзэн Стив Боллмер алдарт “The Madison Square Garden” компанийн эзэмшилд байсан “Forum” ордоныг 400 сая “ногоон”-оор худалдаж авлаа.

Одоогоор урлагийн тоглолтод ашиглаж буй уг ордонг С.Боллмер 18 мянган хүний суудалтай “Клиппэрс” багийнхаа шинэ гэр болгохоор төлөвлөсөн юм.

Стив Боллмер

Албан ёсоор 1967 онд нээлтээ хийсэн уг ордон нэгэн цагт “Лос Анжелес Лэйкерс” болон NHL-ийн “Лос Анжелес Кингз” багийн гэр байлаа. Нийт 16 сая ам.долларын өртгөөр боссон уг ордонд 1967-1999 он хүртэл дээрх хоёр баг гэртээ хийх тоглолтуудаа хийдэг байв. Хамгийн сүүлд 2000 онд WNBA-гийн “Лос Анжелес Спаркс” улирлын тоглолтоо хийснээс хойш уг ордоныг спортын зориулалтаар ашиглах нь багассан. Сүүлийн 20 жилийн хугацаанд чөлөөт бөхийн Дэлхийн цом, UFC-гийн тулаан, мэргэжлийн боксын тулаан зохион байгуулсанг эс тооцвол дийлэнхдээ урлагийн тоглолт болдог аж.

Гэхдээ 2028 онд Лос Анжелес хотод болох зуны олимпын гимнастикын тэмцээнийг энд хийхээр төлөвлөжээ.

“Лос Анжелес Клиппэрс” багийн “Staples Center”-тэй байгуулсан түрээсийн гэрээ 2024 онд дуусгавар болно. Тэр хүртэл С.Боллмер шинэ ордондоо урлагийн тоглолт хүлээн авахаар төлөвлөж байгаа аж.

NBA: 5 багт хөл хорио тогтоолоо

“Юта Жазз” багийн хоёр тоглогчоос корона вирус илэрсэн тул сүүлийн 10 өдөрт тус багтай тоглосон таван багт хөл хорио тогтоолоо.

“Кливлэнд Кавальерс”, “Нью Йорк Никс”, “Бостон Селтикс”, “Детройт Пистонс”, “Торонто Рэпторс” багийн тоглогчид дотооддоо арга хэмжээ авахаар боллоо.

Эдгээр багийн бүх тоглогчид биеийн байдлаа хянаж, олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй гэнэ.

Түүнчлэн хамгийн сүүлд “Юта Жазз”-тай тоглосон “Торонто Рэпторс” багийнхан бүгд корона вирусын шинжилгээ өгөхөөр болов.

Өнөөдөр болох ёстой байсан “Нью Орленс Пеликанс”, “Сакрамэнто Кингс” багийн тоглолт мөн цуцлагдсан. Шалтгаан нь тус тоглолтын шүүгчээр томилогдсон Кортнэй Кирклэнд хэдхэн хоногийн өмнө “Юта”, “Торонто”-гийн тоглолтыг шүүсэн юм. Тиймээс “Пеликанс” багийн тоглогчид талбайд гарахаас татгалзсан аж.

COVID-19: NBA түр хугацаагаар хойшлогдлоо

“Юта Жазз” багийн франц төвийн тоглогч Руди Гобероос корона вирус илэрсэн нь тогтоогдсон тул лигийн тоглолтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шийдвэр гарлаа.

Одоогоор хэдийг хүртэл хойшлуулсан нь тодорхойгүй байгаа юм. Шалтгаан нь Р.Гобероос вирус илэрч, “Юта Жазз” болон “Оклахома Сити Тандер” багийн тоглогчид Оклахома Ситид хөл хорионд оржээ.

NBA-гийн зүгээс дараагийн арга хэмжээг авахаар удирдлагууд яаралтай цуглаж, хуралдахаар төлөвлөж байгаа юм.

Корона вирусын халдвар дэлхий даяар эрчтэй тархаж буй. Тодруулбал, АНУ-д ч их илэрч байгаа тул тус улсын мэргэжлийн лигүүд шат дараатай арга хэмжээ авахаар төлөвлөж байв. Нэг бус баг үзэгчгүй тоглохоор төлөвлөж байсан юм. Хэдийгээр хоккейчдоос илрээгүй боловч NHL-ийн зарим баг үзэгчгүй ордонд тоглох болсон билээ.

Сагсан бөмбөг: NCAA үзэгчгүй болно

NCAA-гийн Ерөнхийлөгч Марк Эммарт гуравдугаар сард болдог шувтаргын тоглолтыг үзэгчгүй зохион байгуулахаар болллоо.

Covid-19 вирусын халдвартай холбоотойгоор АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгийн лигүүд ч арга хэмжээ авч эхэлсэн. Тун удахгүй “March Madness” буюу гуравдугаар сард болдог оюутны сагсан бөмбөгийн хасагдах шатны тоглолт болно.

АНУ дотроо хамгийн олон үзэгчтэй тэмцээний нэгээр зүй ёсоор тооцогддог оюутны сагсан бөмбөгийн АШТ-ийг үзэгчүй зохион байгуулахаар боллоо. Зөвхөн албаны хүмүүс, тоглогчдын гэр бүл зэрэг цөөн тооны үзэгчид ордонд орохыг зөвшөөрсөн байна.

NBA: Эцсийн цэгийг хатгадаг ТОП 10 тоглогч

“Buzzer-beater” буюу цаг дуусахтай зэрэгцэн хожлын шидэлт хийх бол сагсан бөмбөгийн хамгийн үзүүштэй хэсгийн нэг. Гэвч үүнийг тоглогч бүр хийж чадахгүй, цөөхөн хэдэн тоглогчид л багаа ялалтад хүргэсэн байдаг.

Эсрэг багийнхаа 48 минутын хичээл зүтгэлийг төгсгөлийн ганц шидэлтээр шийднэ гэдэг маш хэцүү даваа гэдэг нь ойлгомжтой. Ингээд NBA-гийн түүхэнд хамгийн олон удаа эцсийн цэгийг тавьсан топ 10 тоглогчийг танилцуулья.


10. Андре Игоудала

Хожлын шидэлт: 5

  1. 2006.1.22: Филадельфи – Миннисота
  2. 2007.12.22: Филадельфи – Мэмфис
  3. 2009.03.17: Филадельфи – Лэйкерс
  4. 2013.11.14: Голдэн Стэйт – Оклахома
  5. 2014.01.03: Голдэн Стэйт – Атланта

9. Гилберт Аренас

Хожлын шидэлт: 5

  1. 2004.04.09: Вашингтон – Филадельфи
  2. 2005.05.04: Вашингтон – Чикаго (Плэй офф)
  3. 2007.01.03: Вашингтон – Милоуки
  4. 2007.01.15: Вашингтон – Юта
  5. 2007.03.21: Вашингтон – Сеатл

8. Винс Картэр

Хожлын шидэлт: 5

  1. 2000.03.01: Торонто – Бостон
  2. 2000.03.08: Торонто – Клиппэрс
  3. 2007.01.29: Нью Жэрси – Юта
  4. 2009.01.02: Нью Жэрси – Атланта
  5. 2014.04.26: Даллас – Сан Антонио (Плэй офф)

7. Кэвин Гарнэтт

Хожлын шидэлт: 5

  1. 2000.04.10: Миннисота – Детройт
  2. 2000.12.07: Миннисота – Клиппэрс
  3. 2007.01.05: Миннисота – Филадельфи
  4. 2007.03.25: Миннисота – Портлэнд
  5. 2009.11.22: Бостон – Нью Йорк Никс

6. Дуэйн Уэйд

Хожлын шидэлт: 5

  1. 2004.11.19: Майами – Юта
  2. 2005.03.15: Майами – Нью Йорк
  3. 2007.12.22: Майами – Юта
  4. 2009.03.09: Майами – Чикаго
  5. 2019.02.27: Майами – Голдэн Стэйт

5. Пол Пирс

Хожлын шидэлт: 7

  1. 2000.12.10: Бостон – Дэнвэр
  2. 2001.11.27: Бостон – Майами
  3. 2004.11.10: Бостон – Портлэнд
  4. 2006.03.07: Бостон – Вашингтон
  5. 2006.12.09: Бостон – Нью Жэрси
  6. 2010.12.09: Бостон – Майами (Плэй офф)
  7. 2015.05.09: Вашингтон – Атланта (Плэй офф)

4. Лэброн Жэймс

Хожлын шидэлт: 7

  1. 2009.01.23: Кливлэнд – Голдэн Стэйт
  2. 2009.05.22: Кливлэнд – Орландо (Плэй офф)
  3. 2013.05.22: Майами – Индиана (Плэй офф)
  4. 2015.05.10: Кливлэнд – Чикаго (Плэй офф)
  5. 2018.02.07: Кливлэнд – Миннисота
  6. 2018.04.25: Кливлэнд – Индиана (Плэй офф)
  7. 2018.05.05: Кливлэнд – Торонто (Плэй офф)

3. Жоү Жонсон

Хожлын шидэлт: 8

  1. 2007.12.06: Атланта – Миннисота
  2. 2010.03.19: Атланта – Чарлотт
  3. 2012.12.14: Бруклин – Детройт
  4. 2013.02.19: Бруклин – Милоуки
  5. 2013.11.15: Бруклин – Финикс
  6. 2014.01.02: Бруклин – Оклахома
  7. 2016.02.08: Бруклин – Дэнвэр
  8. 2017.04.15: Юта – Клиппэрс (Плэй офф)

2. Коби Брайант

Хожлын шидэлт: 8

  1. 2002.02.22: Лэйкерс – Чарлотт
  2. 2003.04.04: Лэйкерс – Мэмфис
  3. 2003.12.19: Лэйкерс – Дэнвэр
  4. 2004.04.14: Лэйкерс – Портлэнд
  5. 2006.04.30: Лэйкерс – Финикс (Плэй офф)
  6. 2009.12.04: Лэйкерс – Майами
  7. 2009.12.16: Лэйкерс – Милоуки
  8. 2010.01.01: Лэйкерс – Сакрамэнто

Майкл Жордан

Хожлын шидэлт: 9

  1. 1989.05.07: Чикаго – Кливлэнд (Плэй офф)
  2. 1990.11.13: Чикаго – Юта
  3. 1992.11.11: Чикаго – Детройт
  4. 1993.05.17: Чикаго – Кливлэнд (Плэй офф)
  5. 1995.03.25: Чикаго – Атланта
  6. 1997.02.11: Чикаго – Чарлотт
  7. 1997.06.01: Чикаго – Юта (Плэй офф)
  8. 1998.02.13: Чикаго – Атланта
  9. 2002.01.31: Вашингтон – Кливлэнд

Зарим товч мэдээлэл:

  • Лэброн Жэймс хасагдах шатанд таван удаа хожлын шидэлт хийснээр тэргүүлдэг бол араас нь М.Жордан , Пол Пирс 2 Коби болон Жоү Жонсон тус бүр нэг удаа багаа хожилд хөтөлж байв.
  • 1974 онд Бэрри Клеменс хэмээх тоглогч сэлгээнээс сүүлийн хоёр минутад талбайд гараад хожлын шидэлт хийсэн түүхтэй.
  • “Бостон Селтикс” болон “Детройт Пистонс” баг хамгийн олон удаа хожлын шидэлтийн “хохирогч” болжээ. Тус бүр 39 тоглолт ийм ялагдлаар дууссан аж.
  • Элдэн Кэмпбэлл хэмээх тоглогч нэгэн тоглолтод 10 удаа шидээд 1 оруулжээ. Хачирхалтай нь түүний оруулсан ганц шидэлт тоглолтын цэгийг тавьсан аж. Үүгээрээ тэр хамгийн бага хувьтай шидээд хожлын шидэлт гүйцэтгэсэн тоглогч болж, түүхэнд үлдсэн юм.
  • Пол Пирс 7 удаа хожлын шидэлт оруулаад зогсохгүй хамгийн олон дамжуулалт өгсөн тоглогч аж. Оновчтой дамжуулалтаар нь тооцвол П.Пирс 12 (7 ш/5 о.д) гэсэн тоогоор тэргүүлэх бол М.Жордан (9 ш/1 о.д), К.Брайант (8 ш/0 о.д), В.Картэр (5 ш/3 о.д), Л.Жэймс (7 ш/1 о.д), Ж.Жонсон (8 ш/0 о.д) бичигдэх юм.

NBA: “Лэйкерс” болон “Уорриорс” 4 тэрбумын үнэлгээтэй баг боллоо

“Forbes” сэтгүүлийн гаргасан судалгаагаар NBA-гийн багуудын үнэлгээ өнгөрсөн жилээс 14 хувиар өсч, дундаж нь 2.12 тэрбум ам.доллар болжээ. АНУ-ын бусад мэргэжлийн лигүүдтэй харьцуулахад, америк хөлбөмбөгийн NFL 11 хувиар өсч, 2.86 тэрбум ам.долларын үнэлгээтэй бол бэйсболын дээд лиг болох MLB-гийн дундаж үнэлгээ 8 хувиар нэмэгдэж, 1.78 тэрбум ам.долларын ханштай боллоо.

NBA-гийн багуудын хувьд “Нью Йорк Никс” уламжлал ёсоор тэргүүлжээ. Тэдний үнэлгээ 4.6 тэрбумд хүрсэн бол тэдний араас “Лос Анжелес Лэйкерс” 4.4 тэрбум, Голден Стэйт Уорриорс 4.3 тэрбумын үнэлгээгээр удаалав.

Америкийн мэргэжлийн спортын хувьд америк хөлбөмбөгийн “Даллас Ковбойс” клуб 5.5 тэрбумын үнэлгээгээр “Никс”-ийг гүйцдэг. Тус хоёр багийн араас MLB-гийн “Нью Йорк Янкийс” 4.6 тэрбумын үнэлгээтэй.


NBA-гийн багуудын үнэлгээ

  • Нью Йорк Никс – 4.6 тэрбум – 15% (өнгөрсөн жилээс өссөн тоо)
  • Лос Анжелес Лэйкерс – 4.4 тэрбум – 19%
  • Голден Стэйт Уорриорс – 4.3 тэрбум – 23%
  • Чикаго Буллз – 3.2 тэрбум – 10%
  • Бостон Селтикс – 3.1 тэрбум – 11%
  • Лос Анжелес Клиппэрс – 2.6 тэрбум – 18%
  • Бруклин Нэтс – 2.5 тэрбум – 6%
  • Хьюстон Рокитс – 2.475 тэрбум – 8%
  • Даллас Маверикс – 2.4 тэрбум – 7%
  • Торонто Рэпторс – 2.1 тэрбум – 25%
  • Филадельфи 76 – 2 тэрбум – 21%
  • Майами Хит – 1.950 тэрбум – 11%
  • Портлэнд Трэйлблазерс – 1.850 тэрбум – 16%
  • Дундаж – 2.123 тэрбум – 14%

Энэ жил багуудын дундаж үнэлгээ анх удаа 2 тэрбум ам.доллар давсан. 2011 оны байдлаар гэхэд лигт тэрбум давсан үнэлгээтэй баг огт байгаагүй юм.

Багуудын үнэлгээ ийн өсөхөд нөлөөлсөн гол хүчин зүйл бол телевизийн гэрээ. 2016-17 оны улирлаас эхэлж, TNT болон ESPN-тэй лигийн удирдлагууд 24 тэрбум “ногоон”-ы гэрээ байгуулсан. Энэ гэрээнээс орж ирэх мөнгийг 30 багт тэнцүү хуваадаг билээ.

Олимпод оролцох эмэгтэй багууд тодорчээ

Токиогийн олимпод оролцох сагсан бөмбөгийн эмэгтэй багууд тодорчээ.

Сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн төрөлд нийт 12 баг өрсөлдөнө. Энэ удаагийн олимпод Бельги болон Пуэрто Рико улсын баг анх удаа эрхээ авсан юм.

Зохион байгуулагч орон болох Япон болон АНУ-ын шигшээ баг хоёр жилийн өмнө ДАШТ-д түрүүлж эрхээ авсан бол өнгөрсөн бямба гаригт Канад, БНХАУ, Франц, Нигерийн шигшээ баг харин ням гаригт Австрали, Бельги, БНСУ, Пуэрто Рико, Серб болон Испанийн баг олимпод оролцох “тийзээ” захиалсан.

Токио 2020-д оролцох эмэгтэй багууд:

  • Япон (зохион байгуулагч)
  • АНУ
  • Канад
  • БНХАУ
  • Франц
  • Нигери
  • Австрали
  • Бельги
  • БНСУ
  • Пуэрто Рико
  • Серб
  • Испани

АНУ-ын шигшээ баг урьдчилсан бүрэлдэхүүнээ танилцуулав

АНУ-ын шигшээ багт өмнө нь дуудагдаж байсан 29 тоглогч дахин багтжээ.


“Токио 2020”-д АНУ-ын сагсан бөмбөгийн шигшээ багийг төлөөлөх урьдчилсан бүрэлдэхүүн тодорчээ. Сүүлийн дөрвөн олимпод дараалан түрүүлсэн америкчууд өнгөрсөн жилийн ДАШТ-ээс медальгүй хоцорсон билээ. Тэд энэ амжилтандаа дүгнэлт хийж, Токиод түрүүлэх эсэх нь олны анхаарлыг татаж буй нь гарцаагүй.

Өнгөрсөн жилийн ДАШТ БНХАУ-д болсон тул олон тамирчид шигшээдээ зүтгэхээс татгалзсан. Тэгвэл энэ удаагийн олимп ч бас Ази тивд болно.

NBA-гийн улирлаас шалтгаалж, эцсийн байдлаар 12 тоглогчийг шигшээд дуудах аж.

АНУ-ын шигшээ багт уригдсан тоглогчид:

  • Лэброн Жэймс (Лос Анжелес Лэйкерс)
  • Бам Адебайяо (Майами Хит)
  • ЛаМаркус Олдриж (Сан Антонио Спэрс)
  • Харрисон Барнс (Сакрамэнто Кингс)
  • Брэдли Бийл (Вашингтон Визардс)
  • Девин Бүүкер (Финикс Санс)
  • Малколм Брогдон (Индиана Пэйсерс)
  • Жайлен Браун (Бостон Селтикс)
  • Донован Мичелл (Юта Жазз)
  • Крис Мидлтон (Милоуки Бакс)
  • Жимми Батлер (Майами Хит)
  • Майк Конли (Юта Жазз)
  • Стефен Карри (Голден Стэйт Уорриорс)
  • Энтони Дэвис (Лос Анжелес Лэйкерс)
  • ДеМар Дерозан (Сан Антонио Спэрс)
  • Андре Драммонд (Кливлэнд Кавальерс)
  • Кэвин Дюрант (Бруклин Нэтс)
  • Пол Жорж (Лос Анжелес Клиппэрс)
  • Дрэймонд Грин (Голден Стэйт Уорриорс)
  • Жэймс Харден (Хьюстон Рокитс)
  • Монтрезл Харрелл (Лос Анжелес Клиппэрс)
  • Жо Харрис (Бруклин Нэтс)
  • Тобаис Харрис (Филадельфи 76)
  • Гордон Хэйвард (Бостон Селтикс)
  • Дуэйт Ховард (Лос Анжелес Лэйкерс)
  • Брэндон Инграм (Нью Орленс Пеликанс)
  • Кайри Өрвинг (Бруклин Нэтс)
  • Кайл Кузма (Лос Анжелес Лэйкерс)
  • Кави Леонард (Лос Анжелес Клиппэрс)
  • Дамиан Лиллард (Портлэнд Трэйлблазерс)
  • Брук Лопес (Милоуки Бакс)
  • Кэвин Лов (Кливлэнд Кавальерс)
  • Кайл Лоури (Торонто Рэпторс)
  • Виктор Оладипо (Индиана Пэйсерс)
  • Крис Пол (Оклахома Сити Тандер)
  • Мэйсон Пламли (Дэнвэр Наггетс)
  • Маркус Смарт (Бостон Селтикс)
  • Жэйсон Татум (Бостон Селтикс)
  • Клэй Томпсон (Голден Стэйт Уорриорс)
  • Майлс Тюрнэр (Индиана Пэйсерс)
  • Кэмба Уолкер (Бостон Селтикс)
  • Рассэл Уэйстбрук (Хьюстон Рокитс)
  • Дэррик Уайт (Сан Антонио Спэрс)
  • ЖаВайл МакГий (Лос Анжелес Лэйкерс)

Жич: Тодруулсан тоглогчид олимпод тоглох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Харин Кави Леонард төлөвлөж байгаа ч хараахан шийдээгүй байгаа аж.

АНУ-ын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Грэг Попович (Сан Антонио Спэрс), туслахаар Стив Кэрр (Голден Стэйт Уорриорс), Ллойд Пирс (Атланта Хоукс), Жая Врайт (Вилланова их сургууль) нар ажиллах юм.

NBA: Гэрээ нь дууссан ч одоог хүртэл цалин авч буй тоглогчид

NBA-д одоогоор ямар нэг багтай гэрээ байгуулаагүй ч цалин авдаг тоглогчид бий. Сайн агентынхаа үр шимээр өөрт ашигтай гэрээ хийсэн тэдгээр тоглогчдыг танилцуулья.


Дэрон Уильямс – Бруклин Нэтс (5.5 сая ам.доллар)

Тун удахгүй 34 нас хүрэх Дэрон Уильямс ид үедээ ур чадвараар гайхагдаж, лигийн шилдэг холбогчдын тоонд багтаж байлаа. Харамсалтай нь, Д.Уильямс хүнд бэртлийн улмаас хуучин формондоо орж чадаагүй билээ. Одоогоор албан ёсоор зодог тайлаагүй ч 2016-17 оноос хойш лигт тоглоогүй юм. “Бруклин Нэтс” багтай 2012 онд таван жилийн 99 сая ам.долларын гэрээ байгуулсан. Уг гэрээнийхээ сүүлийн хоёр жил болох үлдсэн 43 сая “ногоон”-ы цалинг Д.Уильямс одоо ч авдаг аж. Тэрбээр сүүлийн гурван жил гольф тоглож өнгөрүүлсэн ч жил бүр таван саяыг “халаасалдаг” гэнэ. Энэ улирлаар төгсгөл болж буй тус гэрээнийхээ дунд нь “Даллас Маверикс” багтай гэрээ байгуулж, хоёр жилийн хугацаанд 14.4 сая орчим ам.долларын цалин авсан билээ.


Кэвин Гарнэтт – Бостон Селтикс (5 сая)

Кэвин Гарнэтт 2016 онд “Миннесота Тимбэрволвес” багт тоглоод их спортоо орхисон. Гэхдээ KG одоо ч “Бостон Селтикс” багаас цалин авдаг. NBA-аас хамгийн их цалин авсан тоглогчдыг тэргүүлдэг К.Гарнэтт 2012 онд “Бостон Селтикс” багтай 3 жилийн 36 сая ам.долларын гэрээг шинээр байгуулсан юм. 2016 онд түүнийг сагсан бөмбөгөө орхиход “Бостон Селтикс” баг 35 сая ам.долларын “өртэй” үлдсэн бөгөөд зодог тайлснаас нь хойш дахин 7 улирал жилд 5 саяыг төлж байгаа билээ.


Монта Эллис – Индиана Пэйсерс (2 сая)

“Голден Стэйт Уорриорс”-т “галзуурч” явсан үе Монтад бий. Гэвч замналынхаа сүүлийн таван улирлыг гурван өөр багт өнгөрүүлж (Бакс, Маверикс болон Пэйсерс), эцэст нь “Индиана”-гаас чөлөөт агент руу шилжсэн. Тэрбээр 4 жилийн 44 сая ам.долларын гэрээнд 2015 онд зурсан боловч хоёр жил тоглоод багаасаа хасагдсан юм. Гэрээнийхээ үлдсэн цалинг 2021 он хүртэл жил бүр 2 сая ам.долларын цалин авахаар тохиролцсон аж.


Луол Дэнг – Лос Анжелес Лэйкерс (5 сая)

“Лос Анжелес Лэйкерс” баг 2016 онд Луол Дэнгтэй дөрвөн жилийн 72 сая ам.долларын гэрээг үзэглэсэн. Тэрбээр энэ багт ердөө 57 тоглолт хийсэн боловч 2022 он хүртэл 5 сая ам.долларын цалин авах нөхцөлтэй гэрээгээ цуцалжээ.


Жош Смит – Детройт Пистонс (5.3 сая)

Жош Смит 2014 оны дундуур багаасаа хасагдсан. Ердөө л жилийн өмнө буюу 2013 онд дөрвөн жилийн 54 сая ам.долларын гэрээг байгуулсан ч тухайн үед залуу тоглогчид болох Андре Драммонд, Грэг Монро нартай тоглолт нь таарахгүй байсан тул багийн удирдлагууд хасах шийдвэр гаргажээ. Үр дүнд нь тэр зургаан жилийн хугацаанд 5.3 сая ам.долларын цалин тус багаас авсан юм.


Жоаким Ноа – Нью Йорк Никс (4.6 сая)

Одоогоор баггүй байгаа Жоаким Ноа гэртээ дуудлага хүлээгээд сууж буй. Гэхдээ түүнд санаа зовох зүйл бага. “Нью Йорк Никс”-тэй байгуулсан нүсэр гэрээнийхээ үлдэгдлийг 2022 он хүртэл 4.6 саяар хувааж авах тохироонд хүрсэн адтай нэгэн.


Ларри Сандерс – Милоуки Бакс (2 сая)

Ларри Сандерс хэмээх нэрийг 2010 оны эхэн үеэс NBA сонирхогчид мэдэх болсон билээ. Яннис Антекоунмпогоос өмнө “Бакс”-ын ирээдүй гэгдэж байсан Л.Сандерс 30 хүрээгүй байхдаа л сагсан бөмбөгөөс уйдсан хүн. 2013 онд 4 жилийн 44 сая ам.долларын цалингаар гэрээгээ сунгаад л жил хүрэхгүй хугацааны дараа багаас хасагдсан юм. “Бакс” үлдэгдэл болох 33 саяыг нь 2023 он хүртэл хувааж төлөхөөр тохиролцсон.

NBA: Коби Брайанттай энэ сарын 24-нд салах ёс гүйцэтгэнэ

Нисдэг тэрэгний ослоор амиа алдсан Коби Брайант болон түүний охин Жианни Брайант нартай салах ёс гүйцэтгэх өдрийг эхнэр Ванесса Брайант нь олон нийтэд зарлав.

Кобиг сүүлчийн замд нь үдэх олон нийтийн арга хэмжээ хоёрдугаар сарын 24-нд болно. Ванесса энэ өдрийг сонгосон нь охин Жианнагийн “2” дугаар дээр аавынх нь “24” дугаараас улбаатай. Ванессагийн цахим хуудсандаа оруулсан зарлал нь 24 ширхэг эрвээхэйн дүрстэй аж.

Аав охин хоёрыг сүүлчийн замд нь үдэх арга хэмжээ “Staples Center”-т орон нутгийн цагаар өглөөний 10:00 цагт эхэлнэ.

Уг арга хэмжээ дуусаад орой нь Лос Анжелес хотын өөр нэг баг болох “Клиппэрс” талбайдаа “Мэмфис Гриззлис”-ийг хүлээн авах учир өдөр хийхээр шийджээ.

Талийгаачийн гэр бүлийнхэн “Клиппэрс”-ийн багийн эзэн Стив Боллмэр, дасгалжуулагч Док Риверс нарт хүсэлт тавьж, тэд зөвшөөрсөн хариу өгчээ.

Салах ёс гүйцэтгэх ажиллагааг зохион байгуулагчдын санааг чилээж буй өөр нэг асуудал бол ордоны эргэн тойронд дахь хүмүүсийн хөл хөдөлгөөн гэнэ. Өмнө нь “Staples Center”-т алдарт дуучин Майкл Жексон, рэппэр Нипси Хассл нартай салах ёс гүйцэтгэж байв. Энэ үеэр тасалбар авч чадаагүй шүтэн бишрэгчид нь гудамж, талбайд дүүрч, багагүй үймээн болж байсан билээ. Одоогоор албаныхан энэ үеэр хэрхэн ажиллах талаар ямар нэг шийдвэр гаргаагүй байна.

Иймэрхүү асуудлаас болоод Кобитой салах ёс гүйцэтгэх ажиллагааг Лос Анжелес хотын төв цэнгэлдэхэд байгуулна гэх цуурхал гараад байв. Спорт ордонд 20 мянган үзэгч багтах боломжтой бол хотын төв цэнгэлдэхэд 80 мянган хүн багтах боломжтой аж.