Category: Сагсан бөмбөг

Бөхчүүдийн сагс буюу “Регбол”

ОХУ-д бидэнд ойр байж болох спортын нэгэн төрөл бий. Уг спортыг регбол гэх ба сагсан бөмбөг, рагби, бөхийн барилдааны “нийлбэр” аж. Спорт зааланд сагсан бөмбөг тоглож буйтай төстэй ч бөмбөгөө залалгүй рагбитай адил булаацалдаж, хамгаалж, цагаригт довтолдог. Өөрөөр хэлбэл бөмбөгний төлөөх тэмцэл, хамгаалалтын үед рагби, бөхийн барилдааны элементүүд харагдаж байгаа нь сагсан бөмбөгөөс ялгарч байгаа юм.

Оросын регболын холбооны тэргүүн Иван Андреев “ЗХУ-ын үед бөхчүүд үүнийг сагсан бөмбөгийн барилдаан” хэмээн нэрлэж бэлтгэл сургуулилтдаа ашигладаг байсан ч цаг хугацааны явцад энэ нь спорт болж хөгжсөн юм. Сагсан бөмбөгөөс ялгаатай нь регболд их олон зүйл зөвшөөрсөн байдаг. Гэхдээ өрсөлдөгчөө газраас өргөх, гараа холбож барих болдоггүй, зөвхөн нуруугаараа түлхэх зэрэг дүрэмтэй” гэсэн бол тус спортоор хичээллэж байсан нэгэн ахмад тамирчин “Үүнийг зөвхөн бөхчүүд л тэвчинэ. Сагсан бөмбөгчид энд удаан тэсэхгүй. Тэдэнд залалт, шидэлт, тактик чухал бол энд барилдах, гүйх л хамгийн чухал нь” гэж ярьсан байна. Регболыг хэзээ, хэрхэн үүссэнийг тодорхойлох боломжгүй гэдэг ч ЗХУ-ын үед тулааны урлагаар хичээллэгсэд бэлтгэл сургуулилалтдаа өргөнөөр ашигладаг байжээ. Хөндлөнгийн хүний нүдээр харахад тус спортын төрөл нь жаахан эмх замбараагүй мэт боловч тамирчдын талбай дээр юу хийж болох, болохгүйг тодорхой заасан дүрмийг чанд баримталсны үндсэн дээр бэртэл гэмтлээс сэргийлдэг байна. Дүрмийг нь 1990-ээд оны сүүлээр боловсруулж 2003 онд спорт хэмээн хүлээн зөвшөөрчээ. 

М.Ану

Цом горилогчдын давуу болон сул талууд

Улирлын хоёр дугаар хэсэг эхэлж солилцооны цонх хаагдсанаар багуудын бүрэлдэхүүн эцсийн байдлаар тодорсон билээ.

Энэ улиралд аваргын төлөө өрсөлдөөнд дээгүүр “гүйх” магадлалтай 10 багийн давуу болон сул талыг танилцуулья.

Бруклин Нэтс

Аварга авах шалтгаан: “Гурван толгойтой мангас”-ын довтолгоог хэн ч зогсоож чадахгүй

Улирлын дундуур лигийн элит хэмжээний оноо авагч Жеймс Харденг солилцоогоор авснаар “гурван толгойтой мангас” бүрдүүлээд байсан билээ. Үүгээр ч зогссонгүй нэгэн цагт бүх одод тоглогч байсан Блэйк Гриффин, Ламаркус Алдриж нарыг багтаа нэгтгэснээр сэлгээний оноо авалт болон туршлага нэмэгдлээ.

Их гурвал болох Кевин Дурант, Кайри Өрвинг болон Жеймс Харден нар эрүүл байж чадвал долоон тоглолтын цувралд их гурвалыг зогсоох баг байхгүй болов уу.

Аварга авахгүй шалтгаан: Хамгаалалтад тийм ч их хүч зарцуулдаггүй

Энэ улиралд 17 тоглолтод 120-оос дээш оноо алдсан бөгөөд мөн гурван ч тоглолтод эсрэг багтаа 140 оноо өгсөн нь Нэтсийн хамгаалалт 30 багаас 26-р байранд бичигдэх шалтгаан.

Даллас Mаверикс

Аварга авах шалтгаан: Лука Дончич багаа өндөр төвшинд хөтөлнө

Ердөө 22 настай ч улирлын үнэ цэнэтэй тоглогчийн шагналд өрсөлдөж буй Лука багийнхаа тоглолтыг удирдан дээд төвшиний тоглолт үзүүлж байгаа нь гайхалтай. Дончичыг талбайд байх үед багийн довтолгоо лигт тавдугаар байранд байгаа нь амжилтад хүргэх гол үзүүлэлт юм.

Аварга авахгүй шалтгаан: Хамгаалалт дундаж бас супер  довтолгоотой баг биш

Улирлын өмнө солилцоогоор Жош Ричардсоныг нэгтгэж хамгаалалтаа илүү сайжруулсан гэгдэж байсан ч өнгөрсөн улиралд 18-р байранд байсан хамгаалалтын үзүүлэлт нь 22 луу ухраад байна. Далласын довтолгоо Дончичийг талбай дээр байхад тавдугаар байранд байдаг ч нийлбэр дүнгээр довтолгоо нь 10-р байранд явж байна.

NBA Legend Isaiah Thomas Details How Luka Doncic Has a Greater Impact Than  James Harden & Magic Johnson - EssentiallySports

Денвер Наггетс

Аварга авах шалтгаан: Довтолгооны гурав дахь сонголт болон жигүүрийн хамгаалагч авчирсан

Өнгөрсөн жил Леброн Жеймс, Кавай Леонард мэтийн хүчирхэг довтлогчдыг хамгаалах тоглогчгүй байсан нь тэдний сул тал болж байв. Харин энэ жил Аарон Гордоныг солилцооны цонх хаагдахын өмнөхөн авснаар энэ сул талаа нөхсөн.

Аварга авахгүй шалтгаан: Залуу тоглогчдын довтолгооны орон гаран тоглолт

Жамал Mюррей болон Mайкл Портер Жуниор нарын энэ жилийн орон гаран тоглолтууд олон удаа давтагдсан юм. Mюррей таван тоглолтод 10-аас доош оноо аваад байгаа бол Mайкл Портерийн хувьд бүр ч дор үзүүлэлттэй.

Nikola Jokic taking game to another level this season | NBA.com

Лос Анжелес Клипперс

Аварга авах шалтгаан: Авьяастны цуглуулга

Өнгөрсөн зуны хамгийн том шуугиан болон нэгдсэн Кавай Леонард болон Пол Жорж нар талбайд цуг гарахдаа эсрэг багтаа айдаст автуулдаг. Хамгаалалт болон довтолгоонд идэвхтэй байж чаддаг хоёр супер тоглогч нь эрүүл байвал тэдэнд ашигтай.

Аварга авахгүй шалтгаан: Өнгөрсөн жилийн хасагдах шатны уналт болон холбон тоглогчийн асуудал

Бүрэлдэхүүнээ эрс өөрчилж дасгалжуулагчаа хүртэл сольсон ч хүсч байсан сайн холбогч авч чадаагүй. Өнгөрсөн жил тэд бүсийн хагас шигшээ цувралд эхний дөрвөн тоглолтоос гурав хожсон ч дараалан гурван тоглолтод хожигдсоноор олны итгэлийг хөсөрдүүлсэн.

Лос Анжелес Лейкерс

Аварга авах шалтгаан: Леброн Жэймс болон Энтони Дэвисийн хослол

Бүх цаг үеийн шилдэг тоглогчид нэр дэвшигч “Хаан” Жэймс болон Дэвис энэ улиралд хамтдаа талбай дээр байх үед баг нь 100 довтолгоо тутамд өрсөлдөгчөөсөө 14.6 оноо илүү авч байгаа нь аваргын цомоо хамгаалахад тус болно.

Аварга авахгүй шалтгаан: Гэмтэл

Энэ улирлыг аваргууд маш том гарзтай үргэлжлүүлж байна. Энтони Дэвисийг удаан хугацааны бэртэлд алдсан бол Леброн Жэймс шагайгаа гэмтээсэн нь тэдний хувьд нөхөж баршгүй том хохирол юм.

Өнгөрсөн жил хасагдах шатанд багийн хоёр лидерээс бусдаар ганц л тоглогч 10-аас дээш оноо дундажласан нь тэдний бусад тоглогч нар довтолгоонд ямар муу байсныг харуулж байна. 

Los Angeles Lakers: 3 New Year's resolutions for 2021

Mилуаки Бакс 

Аварга авах шалтгаан: Яннис Антетокумпогийн гайхамшиг болон Крис Mиддлетоны үр нөлөө

Одоогоор дэлхий дээр байгаа хамгийн шилдэг сагсан бөмбөгийн тоглогч хэн бэ гэвэл Яннис Антетокумпог нэрлэнэ. Хоёр ч улирал дараалан үнэ цэнэтэй тоглогч болсон тэрбээр сүүлийн улиралдаа шилдэг хамгаалан тоглогч болсон билээ.  

Өнгөрсөн зун Жрү Холидей “Бакс”-д нэгдсэнээр гуравдагч одоо авчирсан нь тус багийн урд шугамын хамгаалалтыг сайжруулсан юм.

Аварга авахгүй шалтгаан: Tоглолт нь маш ойлгомжтой мөн бүрэлдэхүүн хангалтгүй

Сүүлийн хоёр хасагдах шатанд өрсөлдөгч багууд нь Яннис Антетокумпо дээр сайн хамгаалалт хийснээр ядах юмгүй буулгаж авсан. 

Энэ жил Жрү Холидей болон ПЖ Tакер нарыг нэгтгэж чадсан ч сэлгээний хувьд тун тааруу байгаа нь аваргын цомоос хол байлгах том шалтгаан юм.

Disney Announces Lead for Giannis Antetokounmpo's Biopic 'Greek Freak' -  EssentiallySports

Филадельфи Севенти Сиксерс 

Аварга авах шалтгаан: Жөэл Эмбийдийн эзэрхэг тоглолт болон маш сайн хамгаалалт

Энэ улиралд лигийн 29 багт хэрхэн эрүүл саруул Эмбийдийг зогсоох вэ гэсэн асуулт тулгарсан.

Долоон тохой өндөр төвийн тоглогч Эмбийд MVP-д өрсөлдөж байгаа бөгөөд энэ улиралд түүний довтолгоо болон хамгаалалтын идэвх сайжирчээ.

76-гийн довтолгоо ганц Эмбийдээс хамааралтай биш. Бэн Симмонс болон Tобайс Харрис нар түүнд хань болж байна. Филигийн нягт хамгаалалт аваргын аялалд нь тус хүргэнэ.

Аварга авахгүй шалтгаан: Эмбийдийн гэмтэл

Багийн супер од Жөэл Эмбийд замналдаа улиралд 64-өөс дээш тоглолтод оролцож үзээгүй нь тэдний шүдний өвчин болж байна. Гол тоглогчоо бэртэлд алдвал тэдний аваргын төлөөх өрсөлдөөн өндөрлөнө.

76ers' Joel Embiid Details How He is Building a Close Relationship With Ben  Simmons - EssentiallySports

Финикс Санс

Аварга авах шалтгаан: Төгс бүрэлдэхүүн

Өнгөрсөн жил Орландод үргэлжилсэн баблд нэг ч хожигдол амсаагүй “Санс” Крис Полыг багтаа нэгтгэснээр жинхэнэ аюулыг тарих баг болсон юм. 

Крис Пол найруулж Девин Бүүкэр довтлон Де’Андрэ Эйтон самбарт тоглож Mикал Брижес хамгаалалтыг хариуцана гэх зэрэг бүх тоглогчидын үүрэг болон байрлал нь тодорхой байгаа нь магтууштай.

Нарнуудын довтолгоо лигт наймдугаар байранд мөн хамгаалалт тавд жагсаж байгаа нь ямархуу хүчирхэг баг вэ гэдгийг нь илтгэнэ.

Аварга авахгүй шалтгаан: Tуршлага

Гарааны чухал гурван тоглогч болох Эйтон, Бүүкэр, Брижес нар хасагдах шатны нэг ч тоглолтод оролцож үзээгүй байгаа нь хамгийн том сул тал. 

Why Suns' hot start feels different than last season's early surge, and  reasons to take Phoenix seriously - CBSSports.com

Портлэнд Tрэйл Блэйзерс

Аварга авах шалтгаан: Дамиан Лиллардийн довтолгооны нөлөө

Энэ улиралд 47 тоглолт хийсэн Блэйзерсийн гарааны тоглогчид болох СиЖей Mакколум, Юсуф Нүркич нар ихэнх тоглолтод оролцоогүй ч Портленд лигт довтолгоогоор дээгүүрт жагсаж байгаа нь Лиллардын гавьяа.

Аварга авахгүй шалтгаан: Хамгаалалт 

Гайхалтай довтолгоотой улирал үргэлжлэн байгаа ч хамгаалалт довтолгооны зөрүү нь хасах үзүүлэлттэй байна. 100 довтолгоо тутамд 116 оноо алддаг нь мөн лигийн хамгийн муу үзүүлэлттэй хоёр дахь баг болгож байна.

Portland Trail Blazers: Predicting the starting five, and rotation for 2021

Юта Жазз

Аварга авах шалтгаан: Лигийн шилдэг баг

Улирлын амжилтаар лигийг тэргүүлж байгаа Жазз хамгаалалт, довтолгооны үзүүлэлтээр эхний тавд яваа цор ганц баг. 

Бүрэлдэхүүндээ энэ улирлын гурван бүх одод тоглогчтой Солт Лэйк хотын багт шилдэг зургаа дахь тоглогчид нэрлэгдэж буй Жордан Кларксон тус багийн гол зэвсэг юм.

Аварга авахгүй шалтгаан: Туршлага

Донован Мичелл багаа удирдан аваргын зиндаанд хүрэх эсэх нь асуулт болж байна. Улиралд үзүүлж буй амжилтаа хасагдах шатанд хадгалах эсэхээс тэд хэр хол зам туулах нь тодорхой болно.

Are the 2021 Utah Jazz like the 2015 Atlanta Hawks? - SLC Dunk

Кевин Дюрантын “жигтэй хэргийн” эргэн тойронд

Майкл Рапаппорт мөн Кевин Дюрантад гомдол гаргасандаа харамсаж байгаагаа илэрхийлэв.

Баасан гарагийн орой жүжигчин эр олон нийтийн сүлжээгээр цацагдсан  дуулианы талаар өөрийн инстаграмдаа тайлбар болгон бичлэг оруулжээ. Тэрхүү үйл явдлаас болж лигийн зүгээс Кевин Дюрантад 50,000 долларын торгууль ноогдуулжээ. Уг шийтгэл М. Рапаппортод “харамсалтай” санагдаж байгаа бөгөөд энэ арай л хэтэрчихлээ гэж мэдэгджээ. (Болсон явдлын талаар)

“Дюрант бид хоёрын хооронд болсон зүйл хяналтаас гарчихсан” гэж тэр хэлжээ. “Би түүнтэй шүтэн бишрэгчийн хувиар уулзаж байлаа. Тэр надад таалагдсан. Гэхдээ бид найзуудын харилцаатай байгаагүй. Би найзуудыгаа элэглэдэггүй, тэдэнд “Хөөе, би чамтай уулзахаараа нүүр рүү чинь нулимнаа” гэж хэлдэггүй. Энэ бол зүгээр нэг хувцас солих өрөөний яриа биш шүү дээ. Намайг олон удаа заналхийлж бүр хэдэн сар үргэлжилсэн. Энэ мягмар гараг харин миний хувьд “час өдөр” байсан бололтой” гэж жүжигчи залуу бичжээ. Тэрбээр үргэлжлүүлэн уг болсон үйл явдал урьдаас бодож төлөвлөсөн зүйл биш “зүгээр л дотроос” гараад ирчихсэн гэж тодотгосон юм.

“Гэхдээ юу гээч, суралц бас амьдар… Би өөрийгөө барьж иймэрхүү үр дагавартай зүйлийг зохицуулах ёстой байсан юм, тийм учраас бидэнд урагшаа явахаас өөр арга байхгүй” гэж М.Рапапорт цахим хуудсандаа бичжээ.

М.Ану

Кевин Дюрантын “жигтэй хэрэг”

“Брүүклин Нетс” багийн довтлогч Кевин Дюрант инстаграм хуудсанд жүжигчин Майкл Рапапорт руу илгээсэн ёс бус мессежийн талаар тус багийн ахлах дасгалжуулагч Стив Нэш сэтгүүлчдэд пүрэв гарагт тайлбар өглөө.

“Олон нийтийн сүлжээнд тавигдсан Кевин Дюрант Майкл Рапапорттой хийсэн хараалын үгтэй, мисожинист утга агуулагдсан сэтгэгдлийн талаар багийн удирдлагуудтай ярилцсан” гэж Стив Нэш ярьжээ. Гэхдээ энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс Стив Нэш татгалзсан юм.

М.Рапапорт тухайн чатыг өнгөрсөн мягмар гарагт өөрийн жиргээндээ оруулжээ.

Харин Дюрант тус жиргээний талаар сэтгэгдлээ илэрхийлж, ёс бус хараалын үг ашигласандаа харамсаж буйгаа илэрхийлсэн юм.

Мөн тэрбээр өөрийн хэлсэн үгээсээ уучлалт гуйжээ.  

12 сарын 22-нд “Голден Стайт Уарриорс”-той хийсэн тоглолтын дараа Рапапорт КД-гийн “Inside the NBA”-д өгсөн ярилцлагын талаар өөрийн сэтгэгдлээ жиргэсэнээс хойш тэр хоёрын маргаан эхлэсэн юм.

https://twitter.com/SamHustis/status/1341578123196784645?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1341578123196784645%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fbleacherreport.com%2Farticles%2F10000594-kevin-durants-homophobic-misogynistic-dms-discussed-by-nets-steve-nash-says

Жүжигчний өөрийн твиттертээ байрлуулсан скрийншотууд дээрээс харахад Дюрантаас Рапапорт руу илгээсэн анхны мессеж нь “U a b***h” гэсэн байжээ. Түүнээс цааш бичсэн мессежийн ихэнх нь Дюрантаас ирсэн байсан юм.

Дюрант зүүн гуяны арын шөрмөсөө гэмтээсэн тул хоёрдугаар сараас хойш талбайд гараагүй билээ. Тэрбээр гэмтэхээсээ өмнө нэг тоглолтод 29.0 оноо дунджилж, багаа тэргүүлж байсан юм.

М.Ану

Солилцооны цонх хаагдсаны дараах NBA-гийн чансаа

Өнгөрсөн пүрэв гарагт хаагдсан солилцооны цонхоор лигийн багууд олон том өөрчлөлтүүд хийсэн бол ESPN-ий зүгээс 30 багийн шинэ чансааг гаргасан байна.

1. Юта Жазз

Улирлын амжилт 34-11

Өмнөх чансаа 2-р байр

Улирлын дунд хэсэгт найман тоглолтынхоо тавд нь хожигдоод байсан бол сүүлийн таван тоглолтод дараалан хожоод байна. Багийн лидер Донован Mитчелл 31.6 оноо дундажтай 50-аас дээш хувьтай довтолж багаа хожилд хөтөлж байна.

2. Брүүклин Нетс

Улирлын амжилт 31-15

Өмнөх чансаа 3-р байр

Жеймс Харден өөрийгөө улирлын үнэ цэнэтэй тоглогч гэж зарлаад байгаа бөгөөд багийн  хоёр бүх одод тоглогчоо байхгүй үед гаргаж байгаа тоглолт нь үүнийг бататгаж байна. Солилцооны цонх хаагдсаны дараа Ламаркус Алдрижийг чөлөөт агентаас багтаа нэгтгэсэн нь тэднийг илүү хүчирхэг болгож байна.

3. Филадельфи 76

Улирлын амжилт 32-14

Өмнөх чансаа 1-р байр

Багаа оноо, самбар зэрэг үзүүлэлтээр тэргүүлж буй Жөэл Эмбийдийг бэртэлд алдсан филичүүд солилцоогоор туршлагатай холбогч Жорж Хиллийг авчирсан. Эмбийд бэртэлтээс эргэн ирэхэд тэд Дорнод бүсдээ Брүүклинтэй өрсөлдөөн үзүүлэх баг байх нь дамжиггүй.

4. Финикс Санс

Улирлын амжилт 31-14

Өмнөх чансаа 4-р байр

Зэрлэг өрнөдийн хоёрдугаар байранд яваа тус баг зургаан өдрийн дотор дөрвөн аялан тоглолт хийсэн ч өөрсдийн байрыг хадгалан үлдсэн. ПЖ Tакер “Mилуоки Бакс” руу явсан солилцооны дүнд Сансын удирдлага овжин байж сэлгээндээ хүч нэмэрлэхээр Tоррей Грайгийг салган авсан юм.

5. Лос Анжелес Клипперс

Улиралын амжилт 31-16

Өмнөх чансаа 6-р байр

Сүүлийн таван тоглолтод учраагаа дараалан хожсон Лос Анжелесийн баг солилцооны цонх хаагдахын өмнө гурван удаагийн шилдэг зургаа дахь тоглогчийн шагналт Луи Уильямсийг хоёр удаагийн NBA-гийн аварга Ражон Рондогоор сольсон нь холбогч хайж байсан асуудлыг эцэслэсэн.

6. Mилуоки Бакс

Улирлын амжилт 29-16

Өмнөх чансаа 5-р байр

Найман тоглолтод дараалан ялалт байгуулаад байсан Буганууд лидер Яаннис Антетокумпог өвдөгний бэртэлд алдсанаар сүүлийн хоёр тоглолтдоо бүдрээд байна. Солилцооны цонхоор хийсэн хамгийн том нүүдэл нь ПЖ Tакерыг авсан билээ.

Milwaukee Bucks: A 2021 New Year's resolution for each starter

7. Денвер Наггетс

Улирлын амжилт 28-18

Өмнөх чансаа 8-р байр

Аарон Гордоныг солилцоогоор авчирсанаар Леброн Жеймс, Кавай Леонард гэх тоглогч нарыг хамгаалах боломжоо ихэсгэсэнээр аваргын төлөө дайралт хийх өндөр боломжтой болж байна.

8. Лос Анжелес Лэйкерс

Улирлын амжилт 30-17

Өмнөх чансаа 7-р байр

Улирлын дунд хэсгийг ихээхэн гарзтай өнгөрүүлж байгаа аваргууд багаасаа хасагдаад байсан Андре Драммондыг багтаа нэгтэгсэнээр аваргын цомоо хамгаалахад тус болох болов уу.

9. Портленд Tрэйл Блэйзерс 

Улирлын амжилт 28-18

Өмнөх чансаа 9-р байр

Норман Поуеллийг авснаар жижиг тавтаар тоглох боломж нь улам ихэссэн. Бэртэл гэмтлээс хол байж чадвал “Блэйзерс” эхний шатанд аль ч багийг хожих магадлалтай.

10. Даллас Mаверикс

Улиралын амжилт 23-21

Өмнөх чансаа 10-р байр

Бүх оддын тоглолтоос хойш 5-5 гэсэн үзүүлэлт үзүүлээд байгаа ба залуу од Лука Дончич болон Кристапс Порзингис нарын аль нэг нь оролцоогүй гурван тоглолтод хожигдсон байна. Залуу хослол бэртэл гэмтлээс холуур байж чадвал зэрлэг өрнөдөд цахиур хагалах баг бол Mаверикс.

11. Сан Антонио Спөрс

Улиралын амжилт 23-20

Өмнөх чансаа 12-р байр

Залуу тоглогчдоос бүрдсэн “Спөрс” Алдрижийг явуулсан ч тоглолт нь унасангүй. Деррик Уайт, Дежаунте Mуррей болон Келдон Жонссон зэрэг залуу тоглогчдын тоглолт багаа эхний 11-р байранд оруулж байна.

12. Нью Йорк Никс

Улирлын амжилт 24-22

Өмнөх чансаа 16-р байр

Ирээдүйтэй гэгдэж байсан залуу төвийн тоглогч Mитчелл Робинсонг удаан хугацааны бэртэлд алдсан ч тэд хожсоор байгаа нь багийн дасгалжуулагч Tом Tибаудогийн гавьяа. 

The New York Knicks has continued to lay a solid foundation this offseason

13. Бостон Селтикс

Улирлын амжилт 23-23

Өмнөх чансаа 14-р байр

Гордон Хейвардын солилцооны цалингийн зайгаар Эван Фурньег хямдхан нэгтгэж  авж чадсан ч гарааны төвийн тоглогч Даниел Tайсыг алдсан “Селтикс” нэг байр урагшлан орж ирсэн байна. Роберт Уилламс III Бостонгийн төвийн асуудлыг шийдэж чадах уу 

14. Атланта Хаукс

Улирлын амжилт 23-23

Өмнөх чансаа 13-р байр

Дасгалжуулагчаа халснаас хойш найман тоглолт дараалан хожоод байсан “Хоукс” Клипперсийн эсрэг цуврал нь зогссон билээ. Tэднийг ирэх долоо хоногт дөрвөн аялан тоглолт хүлээж байна.

15. Чарлотте Хорнетс

Улирлын амжилт 23-22

Өмнөх чансаа 17-р байр

Ламело Боллыг бэртэлд алдсан ч Базз Сити сүүлийн дөрвөн тоглолтынхоо гуравт ялалт байгуулаад байна. Tерри Розиер болон Mалик Mонкын сайн тоглолт Хорнетст сайнаар нөлөөлж буй.

16. Mайами Хийт

Улирлын амжилт 22-24

Өмнөх чансаа 11-р байр

12 тоглолтоос 11-д нь хожсон ч зургаан тоглолтод дараалан хожигдсон нь хэр орон гаран байгааг нь илтгэнэ. Солилцоогоор Виктор Оладипог авснаар Дорнод бүсийн аваргууд өмнөхөөсөө илүү аюул тарих болов уу.

17. Индиана Пэйсерс

Улирлын амжилт 21-23

Өмнөх чансаа 18-р байр

Сүүлийн таван тоглолтоосоо дөрөвт нь хожоод байгаа нь Пэйсерсийг нэг байр урагшлуулаад байна. Mайлес Tөрнер лигийг хаалтынхаа дундажаар тэргүүлж багийн түүхэнд 12 тоглолтод тав ба түүнээс дээш хаалт хийсэн Рой Хиббертийн амжилтыг давтсан юм.

18. Mемфис Гриззлис

Улирлын амжилт 21-22

Өмнөх чансаа 19-р байр

Удаан хүлээсний эцэст багийн хүчний довтлогч Жарен Жексон Жуниор тоглолтод оролцох боломжтой болж эхэлж байгаа энэ үед Жастис Уинслов тоглолтоо төвшин ахиулж байгаа нь сайн хэрэг.

Welcome to 2021 - the biggest year for the Memphis Grizzlies (yet) - Grizzly  Bear Blues

19. Голден Стэйт Уорриорс

Улирлын амжилт 22-24

Өмнөх чансаа 15-р байр

Дайчид сүүлийн дөрвөн тоглолтод дараалан хожигдоод байгаа нь энэ улирлын хамгийн муу үзүүлэлт болж байна.

20. Нью Орлеанс Пеликанс

Улирлын амжилт 20-25

Өмнөх чансаа 21-р байр

Зайон Уильямсон замналынхаа хамгийн гайхалтай долоо хоногийг өнгөрүүлснээр дөрвөн тоглолтоос гуравт нь хожоод байна.

21. Сакраменто Кингс

Улирлын амжилт 21-25

Өмнөх чансаа 24-р байр

Де’Аарон Фоксын бүтэн талбайг туулсан дамжуулалтаар Харриссон Барнс хожлын шидэлт хийсэн нь багаа сэргээсэн үйлдэл болов.

22. Чикаго Буллс

Улирлын амжилт 19-25

Өмнөх чансаа 20-р байр

Гарааны бүрэлдэхүүндээ хэд хэдэн өөрчлөлт хийсэн ч өнгөрсөн долоо хоногт гурван ялагдал хүлээв. Гэсэн ч солилцооны цонх хаагдах үеэр маш идэвхтэй байж бүх одод тоглогч Никола Вүчевичийг авснаар тэд эхний найман байрны төлөө өрсөлдөөнд нэгдээд байна.

23. Оклохама Сити Tандер

Улирлын амжилт 19-26

Өмнөх чансаа 23-р байр

Aл Хорфордын улирлыг дуусгаж залуу тоглогч нартаа боломж олгохоор шийдсэн нь зөв сонголт байв. Хорфордын оронд гараанд гарч буй Mөсес Браун “Бостон Селтикс”-ийн 21 оноо 23 самбараас бөмбөг авалт гэсэн гайхалтай үзүүлэлт хийж багтаа бэлэг барив.

24. Tоронто Рэпторс

Улирлын амжилт 18-28

Өмнөх чансаа 22-р байр

Tоронто хотод тоглолтоо хийж чадахгүй байгаа нь тэдэнд муугаар нөлөөлж хасагдах шатанд орох найдлагаа алдаад байна. Кайл Лоуриг солилцоонд оруулах шуумууд маш ихээр гарч байсан ч эцэст нь тэд авч үлдсэн билээ.

Toronto Raptors: A 'way too early' prediction for the 20/21 season

25. Вашингтон Уизардс

Улирлын амжилт 16-28

Өмнөх чансаа 25-р байр

Залуу Ази хослолоо гараанд гаргаж хөгжүүлэх нь багийн ирээдүй байж болох юм.

26. Кливленд  Кавальерс

Улирлын амжилт 17-29

Өмнөх чансаа 26-р байр

Улирлыг тун давгүй эхлүүлээд байсан ч сүүлийн 11 тоглолтынхоо наймд нь хожигдсоноор хасагдах шатанд өрсөлдөх боломж нь буурлаа.

27. Орландо Mэйжик

Улирлын амжилт 15-31

Өмнөх чансаа 27-р байр

Багийн ирээдүйтэй залуу тоглогчид болох Mаркел Фүлц болон Жоннатан Айсаакыг хүнд бэртэлд алдсанаар энэ жилийн төлөвлөгөө бүтэлгүйтсэн. Tиймээс ч солилцооны цонхоор багийн лидерүүд болох Аарон Гордон, Никола Вүчевич болон Эван Фүрньег солилцоонд оруулж тун завгүй ажилласан.

28. Детройт Пистонс

Улирлын амжилт 12-33

Өмнөх чансаа 28-р байр

Дөрөв дараалан хожигдсоноор лигт байгаа 30-аас дээш хожигдолтой дөрвөн багийн нэг болоод байсан билээ. “Пистонс”-ын зорилго драфтын сонголтын араас явж буй гэдэг нь Блэйк Гриффинг багаас хассанаар ойлгомжтой болсон.

29. Хьюстон Рокетс

Улирлын амжилт 13-32

Өмнөх чансаа 30-р байр

20 дараалан хожигдсон хар цувралдаа цэг тавьсан Пуужингууд Виктор Оладипог солилцоогоор явуулснаар “Пистонс”-ын адил драфтын араас хөдөлж эхэлсэн. 

30. Mиннесота Tимберволвес

Улирлын амжилт 11-35

Өмнөх чансаа 29-р байр

Дэндүү залуу мөн муу бүрэлдэхүүнтэй байгаа чононуудын багийн лидерүүд болох Ди Анжело Рассел Карл Энтони Tаунс нар энэ улиралд гуравхан тоглолтод хамтдаа талбайд гарсан нь ч өнгөрсөн оны драфтын эхний сонголт Энтони Эдуардс сайн тоглолт үзүүлж байгаа нь сайн хэрэг.

Ten Games In, Edwards Leads All Rookies In Scoring | Minnesota Timberwolves

Шинэ тоглогч сонгох драфтын тов гарчээ

NBA-гийн эргэн тойронд болж буй мэдээллийг товч хүргэе.

  • Энэ оны драфтын үйл ажиллагаа долдугаар сарын 29-ны өдөр зохион байгуулагдахаар болов. Үүнээс өмнө аль баг хэдээр сонгохыг зургадугаар сарын 22-нд шийднэ. Түүнчлэн шинээр элсэх хүсэлтээ өгсөн тоглогчдын цугларалт зургадугаар сарын 21-нээс 27-ны өдрүүдэд болох аж.
  • Саяхан “Орландо Мэжик” багаас хасагдаж чөлөөт агент болоод байсан Жефф Тийгийг “Милоуки Бакс” эгнээндээ нэгтгэлээ.
  • Өнгөрсөн долоон хоногийн шилдгүүдээр “Сакраменто Кингс”-ийн хамгаалагч Ди’Аарон Фокс болон “Шарлотт Хорнетс” багийн хамгаалагч Терри Розиер нар тус тус шалгарчээ. Хаадын лидер Д.Фокс 36.8 оноо, 3.5 самбар, 5.5 оновчтой дамжуулж, 64 хувьтай довтолсон төдийгүй баг нь дөрвөн хожил авчээ. Харин Майкл Жорданы эзэмшлийн багийн голлох тоглогчдын нэг Т.Розьер шинэ тоглогч ЛаМело Боллын эзгүйд 24.3 оноо, 5.3 самбар, 5.5 оновчтой дамжуулалт, довтолгоогоо 47 хувьтай шидэж баг нь дөрвөн тоглолтоос гурав хожсон юм.
  • Солилцоо наймааны цонх хаагдах өдөр “Оклахома Сити Тандер” багт нэгдсэн Остон Риверс багаасаа хасагдаж, чөлөөт агент болжээ.

Б.Цогтбаяр

Көрригийн гэр бүлийн түүх

Виржиниа мужийн Гроттоуз хотод байрлах нэгэн шийднээс бидний мэдэх Көрригийн гэр бүлийн түүх эхэлжээ. Сагсан бөмбөг гэх спортын түүхэнд хувьсгал хийсэн хүн тийм ч олон биш.

Тэгвэл 1970-аад оны хаврын нэг өдөр Уорделл Жек Көрри өөрийн ганц хүү болох Делл Көррид хичээлийн жил дуусахаас өмнө түүнийг зунын турш эгч нарых нь хүүхэлдэйнээс хол байлгахын тулд гэрлийн шон, хуванцар самбар, өөрийн гараар хийсэн төмөр цагариг зэргийг ашиглан сагсан бөмбөгийн шийд хийсэн нь хожмоо уг спортыг өөрчлөнө гэж тэрбээр мэдээгүй байх.

Энэ талаар Делл Көрри “Аав ээж хоёрыг ажилдаа явсан хойгуур эгч нар маань надад сагсны бөмбөг өгөөд гэрээс гаргана. Тэгээд л би өдөржин шийдэн дээрээ өнжинө дөө. Хэрвээ намайг тэдний хийж буй зүйлд саад болохгүй бол цонхоор өдрийн хоолыг минь өгдөг байлаа. Тэгээд аав ээжийг ирэхээс өмнө намайг гэрт оруулж, хог шороог минь цэвэрлэн уг явдлын талаар тэдэнд хэлэхгүй шүү хэмээн ам өчгийг минь авдаг байсан. Гагцхүү тэр үеэс л би шидэлтээ сайжруулж, NBA-ийн тоглогч болохыг хүсэж эхэлсэн” хэмээн дурсжээ.

Сагсан бөмбөгийг өөрчилсөн залуугийн гайхалтай түүх

“Өвөөгийн маань талбайгаас илүүтэйгээр надад авхаалж самбаа, овсгоог заасан талбай байхгүй . Хэрхэн оновчтой шидэж сурсан талаараа хэрвээ бөмбөгөө цагирагт оруулахгүй л бол бөмбөг халтар болчихно. Иймээс дагаад миний хувцас ч гэсэн халтар болох учир би шидэлтээ заавал оруулж төгс шидэлттэй болохыг хичээдэг байлаа” гэж Стеф ярьж байв.

Мөн тэрбээр “Юу ч тохиолдсон, юутай ч таарсан болгож, бүтээхийг хичээ. Энэ бол бүр багаас маань надад сууж өгсөн бодол. Орчиндоо дас, сэтгэ. Өөр өнцгөөс, өөр байрлалаас оролдоод үз, өөр хөдөлгөөн эсвэл өөр шидэлтийг хий, гол нь тэр болгоноо амжилттай болго” хэмээн хүүхэд залуучуудад уриалжээ.

Уорделл Жек Көрригийн хийсэн бөмбөг шидхэд савчаад уначихаар самбар, хайргатай шороон талбайгаас л өнөөдрийн бидний мэдэх NBA-гийн гурван удаагийн аврага, хоёр удаагийн улирлын үнэ цэнэтэй тоглогч, долоон удаагийн бүх одод, бидний ертөнцийн хамгийн гайхалтай шидэгч Стеф Көрригийн түүх эхэлжээ.

Талбайд хийж болох бүхнийг хийсэн залуу хувийн амьдрал дээр ч бүхнийг амжуулсан билээ.

2011 оны долдугаар сарын 30-ны өдөр Стеф бага наснаасаа үерхэж байсан Айеша Александратай гэрлэжээ. Энэ талаар Айеша “Тэр өдөр бид нар Стефийн дүүгийн волейболын тоглолтыг үзэх байсан юм. Стеф их ганган хувцаслаж, үсээ гоё засуулаад, үнэтэй нүдний шил зүүсэн байлаа. Тэгээд бид тэдний аав ээжийнхээр ороод гарсаны дараа тэр намайг гэнэт зогсоогоод, “Яг энд анх үнсэлцэж байснаа санаж байна уу” гэсэн. Тэгээд намайг тэврээд хайрын үгс хэлж байгаад өвдөг дээрээ сөхрөн гэрлэх санал тависан” гэж дурсжээ.

Хамгийн том өрсөлдөгч

Багадаа аавынхаа олон тоглолтыг үзэж өөрөө ч мөн адил сургуулынхаа олон тэмцээнд тоглож явсан ах Көрри хүүхэд насныхаа хамгийн өрсөлдөөнтөй тоглолтыг дүү Сетийн эсрэг хийдэг байсан тоглолтууд хэмээн яридаг. Иймдээ ч ах дүү нарын өрсөлдөөн халуухан болдог байсан нь дамжиггүй. Мөн сүүлд Сет ахынхаа талаар “Би түүнээс сайн шидэгч, тэр зүгээр л надаас олон шиддэг шүү дээ” хэмээн хошигноод амжсан билээ. Шороон талбайгаас эхэлсэн ах дүү хоёрын өрсөлдөөн NBA-гийн талбайд ч үргэлжилсээр байгаа бололтой.

Б.Цогтбаяр

NBA: Тамирчид вакцинд итгэхгүй байна

АНУ-д өнгөт арьст алдартай тамирчдын дунд титэм вирусын эсрэг вакцинд үл итгэх байдал газар авч байгаад мэргэжилтнүүд санаа зовниж байна.

NBA-гийн гол дүр Лэрбон Жэймс бол нийгмийн идэвхтэй хүмүүсийн нэг. Ялангуяа өнгөт арьст иргэдийн эрх ашиг, хүний эрхийн талаар сүүлийн үед бүр ч их ярих болсон билээ. Ерөнхийлөгч асан Дональд Трампын эсрэг хөдөлгөөн өрнүүлж, хууль сахиулагчдын гарт амиа алдсан Трэйвон Мартин, Жорж Флойд, Бреонна Тэйлор болон эрх нь ямар нэг байдлаар зөрчигдсөн иргэдийн дуу хоолой нь болдог нэгэн юм.

Л.Жэймс саяхан тэрбумтан Жон Хенригийн “Фэнвэй спорт”-д хувьцаа эзэмших болсноор MLB-гийн “Бостон Редсокс” багийн эздийн нэг болсон юм. Ингэснээр “Хаан” Жэймс өнгөт арьстнуудын эсрэг үзлийг бага ч болов багасгаж чадна гэж найдаж буйгаа илэрхийлсэн.

Гэхдээ Леброн ковид 19-ын вакцины талаар ямар нэг мэдээлэл хийгээгүй юм. Энэ сарын эхээр болсон Бүх Оддын тоглолтын үеэр түүнээс вакцин хийлгэх талаар сэтгүүлчид тодруулахад “Энэ бол хувийн асуудал” хэмээн хариулахаас эрс татгалзсан удаатай.

АНУ-д хийсэн судалгаагаар хар арьстнуудын дунд ковидын вирусээр нас баралтын хувь хамгийн өндөр байгаа аж. Гуравдугаар сарын 7-ноос хойш хийсэн судалгаагаар 100 мянган хүн тутамд 178 өнгөт арьстнууд нас барсан бол цагаан арьстнуудад 124 хүн нөгөө ертөнцөд очсон гэнэ.

Түүнчлэн иргэдийн дунд хийсэн судалгаагаар ч африк-америкчууд вакцинд итгэхгүй байгааг харуулсан билээ.

Тиймээс Брихэм болон Харвардын их сургуулийн багш, доктор Абраар Каран нэр хүндтэй тамирчдыг вакцинд итгэл хүлээлгэж, бусаддаа нөлөөлөхийг ятгаж байна.

NBA-гийн домгууд болох Карим Абдул Жаббар, Билл Рассель нар вакцинд хамрагдсан боловч залуу тамирчдын зарим нь үүнд итгэхгүй байгаагаа ил тод зарласан. Тодруулбал, “Голден Стэйт Уорриорс” багийн довтлогч Андрью Уиггинс болон түүний багийн хамтрагч Кент Бэйзмор нар вакцин тариулах хүсэлгүй байгаагаа мэдэгдсэн юм.

NBA-гийн комиссар Адам Сильвер тоглогчдыг вакцинд хамрагдах эсэх нь тэдний хувийн асуудал гэдгийг тодотгоод ихэнх нь хувийн хариуцлагаа ухамсарлана гэж найдаж байгаагаа хэлсэн билээ. Одоогоор “Лос Анжелес Лэйкерс” багийн зарим гишүүд вакцин тариулсан бөгөөд “Атланта Хоукс”, “Нью Орленс Пеликанс”, “Портлэнд Трэйлблазерс”, “Майами Хит” багийн бүх тамирчид вакцинд хамрагдсан гэдгээ олон нийтэд зарласан.

NBA: Бүтэлгүй Леонард

NBA-гийн “Оклахома Сити Тандер” багийн төвийн тоглогч Мейерс Леонард е-спортын нэг төрөл болох “COD Warzone” тоглоомын шууд дамжуулалтын үеэр ёс зүйн алдаа гаргасан нь түүний замналыг шороотой хутгав.

“Twitch” хуудсанд 70 мянган дагагчтай М.Леонард шууд дамжуулалтын үеэр еврей угсаатан хүмүүсийг доромжилсон үг хэллэг ашигласан нь олны дургүйцлийг төрүүлжээ. Түүний ашигласан хараалын үгийг өнгөрсөн зуунд Европ болон Америк руу цагаачилсан еврейчүүдийг шоглоход ашигладаг аж.

Энэхүү асуудлын дараа түүнийг лигийн зүгээс долоо хоног үйл ажиллагаанд оролцохыг хориглон 50 мянга “ногоон”-ы торгууль оногдуулж улмаар баг нь солилцоонд оруулсан билээ.

Tэрбээр энэхүү үйлдлийнхээ төлөө лигээс шийтгүүлээд зогссонгүй шууд дамжуулалтыг нь ивээн тэтгэдэг “Faze Clan” хэмээх е спортын байгууллага гэрээгээ цуцалж цаашид хамтран ажиллахгүй гэдгээ мэдэгдсэн билээ. Mөн шууд дамжуулалт хийдэг “Twitch” компаниас түүний хаягийг хаажээ.

Леонард тухайн үед энэ үгийг хэлэхдээ ямар учиртайг нь мэдээгүй гэсэн бөгөөд олон нийтээс уучлал хүссэн ч нөхцөл байдлыг зөөллөхөд дэндүү оройтсон юм.

Бусдыг арьс өнгө , угсаа гарвалиар нь ялгаварлан гадуурхах нь хувь хүний ёс зүйд байх ёсгүй асуудал гэдгийг энэ явдал бидэнд харуулж байна. Үгээр хүнийг алчхаж ч болно , амьдруулж ч болно гэдгийг харуулсан тод жишээ болов.

Хайр ба сагсан бөмбөг

Та бүхэн санаж байгаа бол хэдэн жилийн өмнө нэгэн залуу найз бүсгүйтэйгээ 1-1 сагсан бөмбөг тоглож байх зуураа хөлөө гэмтээдэг. Гэмтсэн шалтгаан нь доорх бичлэгт гарах үйл явдал байсан нь олон хүнд таалагдаж, хэсэг шуугиан тарьж байсан.

2015 он

Түүхийг багахан судалж үзвэл сүйт бүсгүйд санал тавьж буй залуу бол “Супермэн” хочтой Алекс Жонсон. Мэргэжлийн сагсан бөмбөгч бөгөөд НБА хөгжлийн лигт хөл тавиад үзсэн, Канадын лигт тоглодог, бүх канадын гуравдугаар багт нэрлэгдэж явсан Канад залуу юм байна.

Харин түүний гэргийг Брэй Дорсэтт Жонсон гэдэг мэргэжлийн сагсан бөмбөгч явсан одоогоор нөхрийн хамт сагсамбөгийн сургалт явуулдаг.

Тэд анх 2011 онд бие биенээ харж байсан бөгөөд Жонсон Хойд Каролина их сургуулийн өмнөөс тоглодог, Дорсэтт ойролцоох Жонсон С.Смит сургуулийн өмнөөс тоглодог байж.

Тэр тийм алдартай байгаагүй ч байгаа байдал нь миний анхаарлыг татаж, би түүний тоглолтыг шимтэн үзэж байсан хэмээн хуучилжээ.

Дорсэтт

2013 онд Дорсэтт коллежоо төгсөхөд Жонсон түүнд хамт бэлтгэл хийж, дасгалжуулж болох талаар санал тависнаар түүх эхэлжээ. Торонтод ирээд эхний долоо хоногийн бэлтгэлийн дараа Дорсэтт түүнийг үзэн ядаж байсан тухайгаа ч хуучлаад амжсан. Учир нь бэлтгэлээр шахаж, шантрааж байсан хэрэг.

Дорсэтт АНУ-д, харин Жонсон Канадад тус тус мэргэжлийн лигт тоглоцгоосоор хоёр жил өнгөрсөний дараа Дорсэтт Франц явах болсон байна. Үүнийг дуулсан даруйдаа Жонсон боломжийг алдаж болохгүй, түүнд гэрлэх санал тавих хэрэгтэйг ойлгож, найзуудтайгаа төлөвлөснөөр дээрх бичлэгийн үйл явдал өрнөжээ.


Үүний дараа тэд “Хайр ба Сагсан бөмбөг” киноны 15 жилийн ойд зориулав хэмээн инстаграмдаа оруулж байж.

Учир нь энэ киноноос их урам зориг авдаг бөгөөд тэдний харилцаа зарим талаараа энэ кинотой төстэй хэмээн хуучилсан байна.

Love and Basketball – 2000 он

Сакраменто Кингс баг түүчээлж байна

НБА-д технологийн давуу талыг харж, үйл ажиллагаандаа нэвтрүүлдэг хамгийн инновацлаг багуудын нэг нь яах аргагүй Сакраменто Кингс юм байна.

Тэд технологи, чип үйлдвэрлэлийн мангас Интел Спорттой хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байгаа. Энэ хүрээнд Интел Трү Виюү технологийг өөрсдийн Голден 1 Центрт нэвтрүүлж, үзэгч, хөгжөөн дэмжигчдэд цоо шинэ боломж олгоно.

https://twitter.com/SacramentoKings/status/1348049414062014467

Систем бүрэн нэвтэрсэнээр багийн АПП болон медиа сувгуудаар дамжуулан хөгжөөн дэмжигчид тоглолтын дүрс дамжуулалт, давталт зэргийг 360 өнцгөөс үзэж, сагсан бөмбөгийн гоё сайхныг төсөөлснөөсөө ч илүүгээр мэдэрнэ.

“Бид үзэгчдийг тоглолтын онцлох агшинд ойртуулж, тэднийг талбай дээр үйл явдлын цөмд авчирах гэж буйдаа баяртай байгаа”

“Интелийн гайхалтай технологийн ачаар хөгжөөн дэмжигчид урд нь үзэж, харж байгаагүй өнцгөөс тоглолтыг үзэж баг, тоглогчидтой ойр байх болно.”

Үйл ажиллагаа хариуцсан захирал: Ж.Райнарт

Өнгөрсөн 2020 оны хоёрдугаар сард Интелтэй хамтран өөрсдийн талбайд НБА-н багуудаас анх удаа “судалгаа, хөгжүүлэлтийн төв”-ийг байгуулсан. Энэ төв НБА тоглолтын дамжуулалтыг түвшин ахиулах, шинэ үеийн технологи нэвтрүүлэх зэргээр медиа салбарт цоо шинэ туршлагыг авчирна.

Өнгөрсөн онд тоглолтын явцыг гурван хэмжээст өгөгдөлд хөрвүүлэн бичих чадамжтай камер, төхөөрөмжийн суурьлалт хийгдсэн. Ингэж бичсэн дүрсийг эргээгээд 360 өнцгөөс хүссэнээрээ харах цаашлаад тоглогчийн нүдээр харж буй мэтээр дүрслэх юм байна. Интел Трү Виюү технологиор секундэд 85 гигабайт буюу 50 гаран кинотой тэнцэхүйц хэмжээний дүрс бичнэ.

“Сакраменто Кингс баг манай Интел Спортсын хувьд гайхалтай хамтрагчид”.

“Тэд тоглолт мөшгин бичих, дамжуулах технологийг сайн нэвтрүүлсэн. Энэ ч хэрээр хаадын хөгжөөн дэмжигчид хүссэнээрээ тохируулж үзэх боломжтой, өөрт нь зориулсан хувилбарыг хүсэх болсон. Үүний дагуу бид Трү Виюү технологидоо үндэслэн илүү чадалтай, илүү боломжтой шийдлүүдийг нэвтрүүлэхээр ажиллахдаа баяртай байна”

Интел Спортсын ерөнхий менежер Ж.Карвана

Нэмэлт мэдээлэл:

Сакраменто Кингс баг 2016 онд шинэ ордонтой болж байлаа. Бусад спортын төрлүүд болон коллежийн спортууд энэ ордонд зохиогддог. Дээр дурдсанчлан технологийн дэвшлүүдийг нэвтрүүлэх болсоноор Калифорни, Сакраменто орчмын инновацийн хаб төв ч болоод байгаа аж. Өнгөрсөн АНУ ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын нэг төвөөр ч ажилласан юм байна.

Сагсан бөмбөгийн хувьсал

Сагсан бөмбөгт хамгийн өндөр оноо авах боломжтой довтолгоо гурван онооны буюу манайхаар холын зайн шидэлт 1979 оны улирлаас нэвтэрсэн байдаг.

1980-аад оны үед НБА багууд дунджаар 2.8 удаа холын зайн шидэлт гүйцэтгэдэг байсан бол өнөөдөр энэ тоо 1000% өссөнөөр нэг баг дунджаар 35 (одоогийн гүйцэтгэлээр) удаа холын зайн шидэлт хийдэг сагсан бөмбөгийг бид үзэж байна.

1980-2021 оны хүртэлх холын зайн шидэлтийн тоо ба гүйцэтгэл хувь

Тухайлбал: Жэймс Хардэн, Стэфэн Карри зэрэг бүх одод тоглогчид зөвхөн нэг тоглолтонд 10-аас олон удаа холын зайн шидэлт гүйцэтгэх нь хэвийн үзэгдэл болжээ.

Довтолгооны бүтэц ямар болсон байгааг DD Analytics-ын зураглалаас хараарай.

Эх сурвалж: https://www.ddanalytics.mn/

Яагаад гэж үү?

Учир нь сүүлийн 20 жилийн дунджаас харахад НБА нэг тоглогч гурвын шугамын гаднаас 1.05 оноо, булангийн гурвын шугамын араас 1.16 оноо авч байхад будагтай талбайгаас 0.79 оноо авч байна. Үүнийг илүү ойлгомжтой болгоод 100 тоглогч дундын довтолгооноос 79 оноо авах бол холын зайнаас 105 магадгүй 116 оноо авах боломжтой байгаа юм.

Эх сурвалж: Shottracker

Статистик, дүн шинжилгээ

21-р зууны эхээр Билли Бийн, Пол ДэПодэста гэх хоёр нөхөр Бейсболын спортод дүн шинжилгээг нэвтрүүлж байсан (Moneyball киноноос дэлгэрэнгүй үзэх боломжтой) нь өнөөдөр хөлбөмбөг, гольф, сагсан бөмбөг гэхчлэн бүхий л спортод өргөн нэвтрээд байна.

Түүнчлэн өнөөдөр дүн шинжилгээний баг эсвэл ямар нэгэн шинжээч ажилтангүй мэргэжлийн холбоо, баг ховор болсон.

Тиймээс статистик бүртгэл, дата шинжилгээний хэсэг нь мэргэжлийн спортын нэгэн жишиг болж, тухайн спортыг өөр түвшинд хүргээд байгаа.

Яагаад дүн шинжилгээ, датаны тухай яриад байна гэж үү?

Учир нь өнөөдөр өргөн дэлгэрч, спортын хорхойтон төдийгүй огт спортод сонирхолгүй нэгнийг хүртэл уруу татах болсон ФАНТАЗИ болон ТААВАРТ + БООЦООТ (bet) тоглоомын зах зээлийн суурь нь статистик бүртгэл (data) бөгөөд түүнд хийсэн дүн шинжилгээ (analyze) юм.

Тэгвэл мэргэжлийнхэн статистик мэдээллийг хэрхэн бүртгээд байна вэ?

Өнөөдөр жишээ болгож бизнесээ тэлэхээр 11 сая.ам долларын хөрөнгө оруулалт татаад буй ShotTracker компанийг сонирхоё.

Сонирхож буй шалтгаан уг бизнес загварыг Монголдоо хэрэгжүүлэх хүсэлдээ хөтлөгдөн яваа бөгөөд 2021 ондоо багтаад сагсан бөмбөг + хөлбөмбөгийн хувилбарыг нэвтрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаад оршино.

Б.Мөнхбаатар (Core Scores Agency)

Эдний онцлог нь мэдрэгч (sensor) төхөөрмжийн тусламжтайгаар өндөр нарийвчлалтай статистикаа баяжуулан дүн шинжилгээ хийж, түүнийгээ хамтрагч баг, хөгжөөн дэмжигч болон шууд дамжуулалтын сувгуудад нийлүүлдэг.

ShotTracker-ын талаар товчхон:

  • Байгуулагдсан он – 2013
  • Төв байр Кансас
  • Бизнесийн өсөлт 20 сая ам.доллар давсан
  • Дэвид Стэрн, Мэжик Жонсон нар хөрөнгө оруулж байсан

ShotTracker 3 төхөөрөмжтэй: Эдгээр нь заалны таазанд байрлуулах талбайн мэдрэгч, бөмбөгт байршуулсан мэдрэгч болон тоглогчдод байршуулах байршил дамжуулагч. Эдгээр багажуудаар талбайн зураглал гаргаж, түүн дээр ShotTracker бүртгэлийн системээр статистик хөтөлнө. Цуглуулсан датанаас 70 гаруй төрлийн үзүүлэлт тооцож, шууд хэрэглэчид рүү дамжуулдаг.

Сонирхолтой технологи. Тэд 11 сая ам.доллараар яг юу хийхээр төлөвлөсөн бэ?

Мэдээж тэд бизнесээ хурдацтай өсгөнө. Өнгөрсөн улиралд амжилттай ажилласны үр дүнд коллежийн Дивишн 1-ийн 60 гаруй баг эдний системийг ашиглаад эхэлсэн.

Сонирхолтой нь юу гээч?

Багуудтай хамтарч, бизнесээ өсгөх нь тэдний төлөвлөгөөний нэг хэсэг. Тэгвэл түүнээс өөр цоо шинэ боломж?

ShotTracker ашигласан багууд тоглолтын явц, үр дүнг шуурхай дамжуулах боломжтой болсоноор үзэгч, хөгжөөн дэмигчиддээ тоглолтыг шал өөр өнцгөөс үзэх боломж олгохыг хүсэх болжээ.

Яаж хийх вэ?

ShotTracker-ын шинэхэн хөрөнгө оруулагчдын нэг Evertz Microsystems компани нь телевизийн дэд бүтэц нийлүүлдэг гэдгийг мэдвэл энэ тийм ч хүндрэлтэй асуулт биш санагдана.

“Бид манай мэдрэгч төхөөрөмжүүдийг дагах чадвартай камер удирдах систем бүтээж чадна. Тэгэхээр бид ямар нэг зураглаач шаардахгүйгээр сагсан бөмбөгийн тоглолтыг дамжуулж чадна гэсэн үг.”

ShotTracker гүйцэтгэх захирал: Билл Мозэс

Үнэхээр энэ хэрэгжээд шууд дамжуулалтууд мэдрэгч төхөөрөмжтэй хоршоод эхэлбэл юу гэсэн үг вэ?

Ахиад л шинэ түвшинд хүрэх нь.

Ингэж чадвал зөвхөн үйл ажиллагааны зардал (зураглаач, техник ажилтан г.м) хэмнээд зогсохгүй үүний цаана өнөөх ФАНТАЗИ, ТААВАРТ тоглоомын зах зээл энэ шийдлийг зүгээр өнгөрөөхгүй нь лавтай.

Зургийг: ShotTracker-аас

Хьюстон Астрос, Тампа Бэй Рэйс, Сиэтл Сихокс, Голден Стэйт Варриорс гэхчлэн мэргэжлийн багууд сүүлийн 10 гаран жилд өөрсдийн дүн шинжилгээний бааз суурьтай болох технологийн давуу тал олж авах зорилгоор хөрөнгө зардал гаргасаар байна. Өшөө ч багуудад энэ хэрэгцээ адилхан тулгарч байгаа.

Мартаж болохгүй нь:

Цахим хэрэглээнд шилжсэн шинэ үе дата, тоон мэдээлэл ашиглаж сурсан төдийгүй тааварт/бооцоот төрлийн идэвхитэй тоглогчдын эрин үе ирчихсэн байна.

Эх сурвалж: HuddleUp, ShotTracker