NBA-гийн тоглогч асан, тоглогч ахуйдаа ижил хүйстэн гэдгээ зарласан Хойд Америкийн анхны мэргэжлийн тамирчин болсон Жэйсон Коллинс корона вирусын халдвар авчээ.
Жэйсон Коллинс өөрийн цахим хуудсаар дамжуулан, шинэ “титэм” вирусын халдвар авсан гэдгээ зарлав. Тэрбээр Нью-Йорк хотод “Бруклин Нэтс” багийн тоглолтыг үзэх үеэр халдвар авсан байх гэж таамаглаж байгаа аж.
“Энэ сарын 11-нд надад өвчний анхны шинж тэмдэг илэрсэн. Толгой хүчтэй өвдөж байснаа хэд хоногийн дараа халуурч, ханиалгаж эхэлсэн” гэж Ж.Коллинс твиттер хуудсандаа бичжээ.
Ж.Коллинс NBA-д 13 улирал зүтгэснийхээ дараа буюу 2014 онд өөрийгөө ижил хүйстэн гэдгээ зарласан билээ. Үүнээс хойш удалгүй их спортоо орхисон.
Одоо бол тэр NBA-гийн сайн үйлсийн элчээр томилогдсон юм.
Жэйсоны ихэр Жэррон Коллинс “Голден Стэйт Уорриорс” багийн туслах дасгалжуулагчаар ажилладаг. Ихрүүд Стэнфордын Их Сургуульд дөрвөн жил тоглоод 2001 оны драфтад нэрээ дэвшүүлж, Жэйсон нь нэгдүгээр тойргийн 18-аар, Жэррон нь хоёрдугаар тойргийн 52-оор NBA-д драфтлагдсан түүхтэй.