Author: Д. Бямбажаргал

Спорт сонирхогч Сайтын гэрэл зурагчин

NBA Awards 2018: Жэймс Харден үнэ цэнэтэй тоглогч боллоо

АНУ-ын цагаар даваа гаригт NBA-гийн өнгөрсөн улирлын шилдгүүдийг зарлав. “Хьюстон Рокитс”-ын хамгаалагч Жэймс Харден эцсийн эцэст улирлын үнэ цэнэтэй тоглогчоор тодров. Түүнтэй энэ шагналын төлөө “Кливлэнд Кавальерс”-ийн Лэброн Жэймс, “Нью Орленс Пеликанс”-ын Энтони Дэвис нар эцсийн шатанд өрсөлдсөн ч Ж.Харден илүү санал авчээ.


2017-18 оны NBA-гийн шагналтнууд:

Үнэ цэнэтэй тоглогч: Жэймс Харден, Хьюстон Рокитс

Шилдэг хамгаалагч: Руди Гобер, Юта Жазз

Шинэ тоглогч: Бэн Симмонс, Филадельфи 76

Шилдэг зургаа дахь тоглогч: Луи Уильямс, Л.А Клипперс

Амжилт нь ахисан тоглогч: Виктор Оладипо, Индиана Пэйсерс

Шилдэг дасгалжуулагч: Дуэйн Кэйси, Торонто Рэпторс


Улирлын үнэ цэнэтэй тоглогч Жэймс Харден

Ж.Харден үнэ цэнэтэй тоглогчийн санал асуулгад хоёр жил дэд байрт орж байв. Тэрбээр 2015, 2017 онд MVP шагналын санал асуулгад эхнийхт нь Стивен Карри, дараа нь Рассел Уэйстбрукийн ард бичигдсэн. Харин энэ улиралд 30.4 оноо авч, баг нь 65-аас дээш ялалт байгуулсан учир өгөхөөс өөр аргагүй байв.

Тоглогч нь өөрөө 30-аас дээш оноо дунджилсан, баг нь 65-аас дээш ялсан тохиолдолд тухайн улиралдаа үнэ цэнэтэй тоглогч болдог бичигдээгүй хуулийг энэ удаа ч зөрчсөнгүй. “Рокитс”-ын түүхэнд улирлын үнэ цэнэтэй тоглогч болсон гурав дахь тоглогч бөгөөд түүнээс өмнө Хакем Олажувон, Мозес Малоун (2 удаа) нар энэ шагналыг хүртэж байлаа. Түүнчлэн NBA-гийн түүхэнд 30 оноо дунджилсан, баг нь 65 ялсан дөрөв дэх тоглогч юм. Түүнээс өмнө Карим Абдул Жаббар, Майкл Жордан (2 удаа), Стифен Карри нар ийм амжилт үзүүлж байв.


Шилдэг дасгалжуулагч Дуэйн Кэйси

Тавдугаар сарын 7: “Кливлэнд” “Торонто”-г шүүрдэв.

Тавдугаар сарын 9: Д.Кэйси шилдэг дасгалжуулагчид нэр дэвшлээ.

Тавдугаар сарын 11: Рэпторс дасгалжуулагчаа халав.

Тавдугаар сарын 11: Пистонс Д.Кэйсиг дасгалжуулагчаар томилов.

Тавдугаар сарын 12: Рэпторс шинэ дасгалжуулагчтай болов.

Зургадугаар сарын 25: Д.Кэйси шилдэг дасгалжуулагчаар тодров.


Шилдэг шинэ тоглогч Бэн Симмонс

Шилдэг шинэ тоглогчийн шагналыг 1952 оноос хойш олгож буй. Энэ хугацаанд “Филадельфи 76” багаас дөрвөн тоглогч уг шагналыг авч байв. Өдгөө 21 настай Б.Симмонс эхний улиралдаа 1200 оноо, 600 дамжуулалт, 600 самбараас бөмбөг авсан түүхэнд хоёр дахь тоглогч аж. Түүнээс өмнө Оскар Робертсон 1960-61 онд үзүүлж байлаа.

Дуэйн Уэйд өөрийн багтай болохыг хүсч байна

“Майами Хит”-ийн хамгаалагч Дуэйн Уэйд ирээдүйд өөрийн багтай болохыг хүсч байгаа гэдгээ ярьжээ. Тэрбээр Блүмбергийн сэтгүүлч Жоэль Уэбертэй өөрийн ирээдүйн зорилгын талаар ярилцсан юм. Д.Уэйд “Би НБЭ-д боломжийн багийн эзэдтэй хамтарч, хувьцаа эзэмшихийг хүсч байгаа. Аль нэг багийг худалдаж авах бус бусад хүмүүстэй хамтарч ажиллах нь миний зорилго. Яг Грант Хилл “Атланта Хоукс”-ын, Шакил О’Нил “Сакраменто Кингс”-ийн хувьцаа эзэмшдэг шиг. Гэхдээ эхлээд зодог тайлах хэрэгтэй. Үүний дараа төлөвлөсөн зүйлээ хийнэ” гэж ярьжээ.

Түүнээс сэтгүүлч ямар багийн хувьцаа эзэмшихийг хүсч байгаа талаар лавлахад “Сеатл Суперсоникс. Би энэ багийг буцаж ирээсэй гэж хүсдэг. Миний бодлоор Сеатл бол сагсан бөмбөг хөгжсөн гайхалтай хот” гэсэн юм.

Өдгөө 36 настай Дуэйн Уэйд өнгөрсөн улиралд “Кливлэнд” болон “Майами”-д байхдаа 11.4 оноо дунджилсан. Тэрбээр сагсан бөмбөгөөс гадна дарсны бизнес эрхэлж, өөрийн брэндийн цүнх үйлдвэрлэх болсон билээ.

Леброн Жэймсийн өмсгөл 100 мянган “ногоон”-ы үнэтэй

NBA-ийн зүгээс Леброн Жэймсийн өмсгөлийг дуудлага худалдаанд оруулжээ. Тэд энэ жилийн NBA-ийн шигшээ цувралын эхний тоглолтод өмссөн хар өнгийн “Кливлэнд”-ийн өмсгөлийг дуудлага худалдаанд оруулсан юм. 20 доллароос эхэлсэн түүний өмсгөл 20 хоногийн хугацаанд 100,322 ам.доллар болтлоо өссөн аж. Түүнчлэн энэ тоглолтод багаа хөөдсөн хамгаалагч Жи Ар Смитийн өмсгөлийг ч дуудлага худалдаанд оруулсан бөгөөд эцсийн үнэ нь 23,548 ам.доллароор зарагджээ.

Сонирхуулахад, шигшээ цувралын эхний тоглолтод “Морин цэргүүд” хожих тун дөхсөн. Жорж Хилл торгуулийн шидэлтээ алдаж, улмаар Смит довтолгооны самбар авсан ч өөрөө шидэх нь бүү хэл бөмбөгөө авч зугтааснаар үндсэн цагт тоо тэнцэж, нэмэлт цагт “Голден Стэйт” хожсон билээ.

 

Дуэйт Ховард “Бруклин Нетс”-т очив

“Чарлотт Хорнетс” баг төвийн тоглогч Дуэйт Ховардыг “Бруклин Нетс” рүү явуулахаар боллоо. Түүний оронд орос төвийн тоглогч Тимофей Мозгов, ирээдүйн драфтын хоёрдугаар бүсийн хоёр эрх, бэлэн мөнгө авахаар тохиролцоонд хүрчээ.

“Нетс” энэ жилийн хоёрдугаар бүсийн 45-аар сонгох эрх болон 2021 оны драфтын хоёрдугаар бүсийн эрхээ солилцоонд өгч байгааг лигийн зүгээс зарлав.

Д.Ховардын хувьд энэ жил 23.8 сая ам.долларын цалин аваад чөлөөт агентын тоонд орно. Харин Т.Мозгов 32.7 сая ам.долларын цалинг хоёр жилийн хугацаанд авах юм.

Гэхдээ энэ солилцоог ирэх долдугаар сарын 6-нд л албан ёсоор хийх аж. Өдгөө 32 настай Д.Ховард ийнхүү сүүлийн дөрвөн жилд дөрөв дэх багтаа очиж байна. Тэрбээр сүүлийн гурван жил “Хьюстон Рокитс”, “Атланта Хоукс”, “Чарлотт Хорнетс” харин одоо “Бруклин Нетс”-ийн тоглогч боллоо.

 

NBA-гийн тоглогч Энес Кантерын эцэг 15 жил шоронд хоригдох аюулд оржээ

Туркийн Засгийн газар их сургуулийн багш Мэхмэт Кантерыг баривчилсан талаар онцоллоо. Мэхмэт Кантерын хүү Энес Кантер NBA-ийн “Нью Йорк Никс” багт данстай нэгэн. Засгийн газраас түүнийг баривчилсан шалтгаанаа хууль бус үйл ажиллагаа явуулдаг нэгэн байгууллагын гишүүн гэж дурдсан. Үүгээр ч зогсохгүй хэрвээ буруутай нь шүүхээс тогтоогдвол эцэг Кантер 15 жилийн ял сонсох аюулд оржээ.

Үүнээс өмнө Энес Кантер Туркийн ерөнхийлөгч, дарангуйлагч гэгдээд буй Эрдоганы Засгийн газрыг шүүмжилж, хариуд нь түүний гадаад пасспортыг хүчингүй болгосон удаатай. Өдгөө АНУ-ын иргэн болох хүсэлт өгөөд буй Кантер эцэг, эхтэйгээ ч уулзах боломжгүй болсон юм.

Туркийн Засгийн газар Мэхмэт Кантерыг хууль бус байгууллагын 127 гишүүнтэй холбоо тогтоосон хэрэгт буруутгаж буй. Тэд төрийн эргэлт хийхээр завдсан гэх Фетула Гулений удирддаг Гуленист хөдөлгөөнийг дэмжигчид гэх бөгөөд их сургуульдаа энэ үзлийг зааж байсан гэж багш эрийг буруутгасан байна.

31 сая + Кави Леонардын шийдвэр + Хүн захын хөдөлгөөн

“Сан Антонио Спэрс”-ийн супер од Кави Леонард багаасаа явах хүсэлтээ өгчээ. Нэг хэсэг бүр сураггүй болж, Нью-Йоркт эмчилгээ хийлгэж буй нэрээр багийнхаа дуудлагыг огт авахаа больсон Кавай сүүлийн үед арай зөөлөрч, Грэгг Попович дасгалжуулагчтай уулзалт хийгээд амжсан. Үүнээс үүдэн түүийг багтаа үлдэх нь гэх яриа газар авсан ч өнөөдөр солилцоо хийхийг албан ёсоор шаардсан байна.

Ингэснээр Кавид ашигтай зүйл гэж үгүй. Харин ч бизнес талаасаа тэр том алдагдал хүлээх юм. Хэрвээ “Спэрс”-тэй гэрээ байгуулвал супер макс буюу 5 жилийн 219 сая “ногоон” халааслах боломжтой бол өөр багт очоод гэрээ байгуулвал 5 жилийн 188 сая авна. Ингэснээрээ нийт 31 сая ам.долларыг салхинд хийсгэх юм.

“ESPN”-ий сэтгүүлч, хамгийн түргэн шуурхай, үнэн бодит мэдээлэл түгээдэг гэдгээрээ алдартай сэтгүүлч Адриан Вожнаровскигийн үзэж буйгаар Лос-Анжелесаас гаралтай Сан Диего Стэйтийн бүтээгдэхүүн Леонард төрсөн хотдоо эргэн очих хүсэлтэй аж. “Лэйкерс” болон “Клипперс” хоёул түүнийг сонирхож байгаа ч Нуурынханд очих магадлал илүү өндөр гэж Вожнаровски үзэж буй. Гэхдээ Г.Попович өөрийн тоглогчоо Өрнөдийн багт зарахгүй байх бодлого баримталдаг хүн. Тиймээс өөр хувилбарыг ч бас харах хэрэгтэй.

Кавайгийн Сан Антонио хотыг орхих болсон шалтгаан нь гэр бүлийнхэн нь илүү том хотод очихыг санал болгосон гэх. Үүнээс үүдэн түүнийг “Нью Йорк Никс”-т очно гэх яриа гарсан. Ингэж хардах шалтгаан ч бий. Леонард гэмтлээ эдгээх нэрийн дор Нью Йоркт багагүй хугацааг өнгөрүүлсэн юм.

Леонардыг өөрийн болгох өрсөлдөөнд “Бостон Селтикс” хамгийн хүчтэй нэрлэгдэж буй. Учир нь өнгөрсөн улирлын солилцоо наймааны цонх хаагдахаас өмнө түүнийг багтаа авахаар санал тавьсан нь саяхан ил болсон. Түүнчлэн цалингийн зай, “Спэрс”-ийн сонирхож буй залуу тоглогчид хангалттай байгаа гэх “Филадельфи 76” багийг ч бас мартаж болохгүй.

Юу ч болсон бай, “Спэрс”-ийн хувьд 20 гаруй жилийн дараа багтаа том шинэчлэл хийхээс өөр аргагүй болно.

Ингээд түүнийг авахыг хүсч буй солилцооны тааврыг хүргэе.


Нью-Йорк Никс

Сан Антониод: Энес Кантер, Франк Нтиликина, Лэнс Томас, драфтын 9 дэх эрх, 2020 оны драфтын нэгдүгээр тойргийн эрх

Нью Йоркт: Кави Леонард, Патти Миллс


Хэрвээ цуу яриа үнэн бол тэр Нью Йоркт очихоос татгалзахгүй. Том зах зээлтэй, илүү сүрдэм хотод очих хүсэлтэй гэсэн тул ийм шаардлагыг биелүүлэх цөөн хотын нэг бол Нью Йорк. Кави бэртэлтэй байх хугацаандаа нэг бус удаа Нью Йоркийг зорьсон. Шалтгаан нь энд эмчлүүлж байгаа гэж тайлбарласан ч бас өөр зорилготой байсан гэж таамаглах хүн олон.

Кантер болон Томасын гэрээ ирэх улиралд дуусч, “Спэрс”-т сонголт хийх боломж гарна. Ф.Нтиликина “нутгийн ах” Тони Паркер дээрээ очвол илүү хөгжих бололцоотой. Ингээд драфтын топ 10-т сонголт хийх эрхээс гадна “Никс” шиг бүтэлгүй багийн эхний бүсийн сонголт гэдэг байж болох хувилбар. Хэрвээ тэд Леонардтай урт хугацааны гэрээ байгуулж чадахгүй бол энэ драфтын эрх магадгүй ирээдүйн №1 болохыг ч үгүйсгэхгүй.


Лос Анжелес Клипперс

Сан Антониод: Патрик Беверли, Тобиас Харрис, Уэйсли Жонсон, драфт 12, 13 дахь эрх

Клипперст: Кави Леонард, Патти Миллс


Леонард төрөлх Лос Анжелес хотдоо буцаж очихыг хүсч байгаа нь “Клипперс”-т найдвар төрүүлж буй. Беверли, Харрис, Жонсоны гэрээ удалгүй дуусах бол Патти Миллсийнх 2020-2021 онд төгсөнө. Хэрвээ энэ наймаа болвол Кави Леонардад өгөх цалингаар супер од авчрах боломжтой болно гэсэн үг.

Т.Харрис бас тийм ч муу хувилбар биш. Ирэх долдугаар сард 26 нас хүрэх энэ довтлогч лигт юу хийж чадахаа хэдийнэ харуулчихсан нэгэн. Одоогийнхоо авч буй цалингаас нэг их зөрөхгүйгээр гэрээ шинэчлэх боломжтой.


Кливлэнд Кавальерс

Сан Антониод: Жорж Хилл, Кайл Корвер, Седи Осман, Ларри Нэнс, драфт 8

Кливлэнд: Кави Леонард, Патти Миллс


NBA-гийн цувралд шүүрдүүлсний дараа Кливлэндийн удирдлагуудад Лэброн Жэймсийг авч үлдэх багахан шалтгаан гаргахаар эрэлд гарсан болов уу. Тэд топ 5 тоглогчоос хэн нэгнийг урвуулж, багаа сайжруулвал “Хаан”-ы шийдвэрт нөлөөлөх хүчин зүйл болно гэж найдаж байна.


Лос Анжелес Лэйкерс

Сан Антониод: Лонзо Болл, Луол Денг, Кайл Кузма, 2019, 2021 оны драфтын нэгдүгээр тойргийн эрх

Лос Анжелес: Кави Леонард, Деррик Уайт


Төсөөл дөө. Лэйкерст Лэброн Жэймс, Пол Жорж, Кави Леонард гэсэн их гурвал үүсвэл. Л.Денгийг цалин тэнцвэржүүлэх зорилгоор өгч, Л.Болл, К.Кузма гэсэн ирээдүйтэй тоглогчоо явуулна. К.Леонард явах хүсэлтээ өгснөөр бооцооны сайтуудад Лэйкерс ирэх улиралд аваргална гэж үзэх хүмүүсийн тоо их олон болсон юм.


Бостон Селтикс

Сан Антониод: Кайри Өрвинг, 2019 оны драфтын нэгдүгээр тойргийн эрх

Бостонд: Кави Леонард


Өнгөрсөн солилцооны сүүлийн өдөр Кавигийн төлөө санал хүргүүлсэн Бостоны удирдлагууд энэ удаа ч зүгээр суухгүй гэдэг нь тодорхой болсон юм. Тэдний хувьд К.Өрвингийг өгч, мөн “Сакраменто Кингс”-ээс авах нэгдүгээр тойргийн эрхээ Кавигийн төлөө зарж болох аж. Энэ нь шинэчлэл хүсч буй “Спэрс”-т сайхан боломж. Хаад сайжирч байж болох ч драфтын дээгүүр сонголт хийх боломжтой гэсэн үг.


Филадельфи 76

Сан Антониод: Жеррид Бэйлисс, Маркель Фулц, Дарио Шарич, драфт №10

Филадельфид: Кави Леонард


Филадельфид Кави Леонардын сонирхлыг татах ирээдүй бий. Тэр энэ багт очвол 76 чөлөөт агентаас супер од тоглогч авчирч, ойрын 2-3 жилдээ NBA-д ноёрхох магадлалтай. Энэ наймаанд Ж.Бэйлисс цалин тэнцвэржүүлэх зорилготой бол М.Фулц, Д.Шарич нарын ирээдүйтэй тоглогчийг “Спэрс” сонирхох нь лавтай. Түүнчлэн драфтын топ 10-аар сонголт хийх боломж нээлттэй үлдэнэ.

 

Сагсчид дэлхийн шилдгүүдийг барсангүй

3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-д оролцож буй манай эрэгтэй шигшээ багийнхан хэсгээсээ шалгарч, хасагдах шатанд тунаж үлдсэн ч дэлхийд чансаагаараа тэргүүлж буй Сербийн шигшээ багтай учраа таарсан ч цаг дуусахаас ойролцоогоор хоёр минутын өмнө 21:8-аар хожигдлоо.

Ийнхүү Бразил, ОХУ болон талбайн эзэн Филиппинийг хожиж, Канад, Сербийн шигшээ багт ялагдсан амжилтаар анхны ДАШТ-ээ өндөрлүүлж байна.

Манай тамирчдаас Г.Цэнгүүнбаяр тэмцээний турш 28 оноо авсан амжилтаараа тэргүүлсэн бол Д.Дэлгэрням 26, Э.Цэрэнбаатар 19, Э.Дөлгөөн 11 оноо тус бүр авчээ.

Сонирхуулахад, дэлхийд чансаагаар Сербийн шигшээ баг тэргүүлдэг тухай дээр өгүүлсэн. Тэгвэл энэ баг 27 мянган оноогоор дэлхийд манлайлдаг гэнэ. Харин тэдний ард жагсдаг Словен 19 мянган оноогоор удаалдаг. Харин манай шигшээ багийн хувьд 9000 гаруй оноогоор 11 дүгээрт бичигдэж буй.

Түүнчлэн тоглогчдын хувийн чансаагаар Сербийн дөрвөн тоглогч эхний байруудад жагсдаг юм.

Түүнчлэн Сербийн шигшээ баг бол сүүлийн хоёр жил дараалан ДАШТ-д түрүүлсэн, хур их туршлагатай баг билээ.

Кевин Дюрант: 35 насандаа сагсан бөмбөгөө орхихоор төлөвлөж байгаа

Кевин Дюрант өнгөрсөн даваа гаригт сэтгүүлчидтэй уулзах үеэр ирээдүйнхээ талаар ярилцжээ. Ирэх есдүгээр сард 30 нас хүрэх К.Дюрантын “Голден Стэйт Уорриорс”-той одоо хүчин төгөлдөр байгаа гэрээ нь дуусгавар болж, ирэх долдугаар сард чөлөөт тоглогч болох юм. Хэрвээ “Дайчид”-тай урт хугацааны гэрээ байгуулвал энэ нь түүний хувьд хийх хамгийн сүүлийн гэрээ байх магадлалтай аж.

Учир нь Дюрант ахиад таван жил буюу 35 нас хүртлээ лигт зүтгэх бөгөөд үүний дараа гавьяаныхаа амралтад гарах талаар бодно гэж ярьжээ.

КД одоогоор 20,913 оноог улиралд авсан амжилтаараа 36-д жагсдаг. Түүний хувьд Карим Абдул Жаббарын 38,387 оноог эвдэхийн тулд дор хаяж 10 улирал хэрэгтэй.  Гэхдээ Дюрант үүнд санаа зовохгүй байгаагаа илэрхийлж, цаашид бүх хүч чадлаа дайчилж тоглох болно. Гэхдээ рекорд эвдэхийн тулд лав биш гэсэн юм.

Мөн “Голден Стэйт”-д байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа мэдэгдсэн.

 

Леброн Жэймсийн гайхалтай төгсгөл

“Кливлэнд”-“Индиана”-гийн цувралын тав дахь тоглолт. Цувралын харьцаа 2:2. Тооны харьцаа 95:95. Таддиус Янгийн цохисон бөмбөг талбайгаас гарахад шүүгч Лэброн Жэймсийг бөмбөгөө алдсан гэж шүгэл үлээлээ. Нэгэнт шүүгчийн шийдвэр ингэж гарсан тул 27.1 секундэд “Индиана” довтлох нь тодорхой болов. Нэйт Макмиллан завсарлага захиалж, улмаар энэ улирлын турш багаа үүрч явсан Виктор Оладипод бөмбөгөө өгөхийг даалгажээ. В.Оладипо “Хаан” Жэймсийн эсрэг нэг хуурч, зоригтой оролт хийсэн ч энэ удаа Л.Жэймс хаалт хийлээ. Жи Ар.Смит самбараас бөмбөг авч, завсарлага захиалахад 3 секунд дутуу үлдэв.

Оноогоор илүү гарах чухал шидэлтийг Л.Жэймс гүйцэтгэх нь тодорхой. Н.Макмиллан ч үүнийг маш сайн мэдэж байлаа. Түүний гол зорилго бөмбөгийг Лэбронд өгөхгүй байх явдал байсан ч хамгаалалтаа олигтой хийж чадсангүй. “Хаан” Жэймс цувралын турш өөрийг нь дагаж буй Таддиус Янгийн эсрэг гурваас оруулж, багтаа ялалт авчирлаа.



Лэброн Жэймсийн хувьд 15 жилийн замналдаа цаг дуусах үетэй зэрэг хийсэн хожлын шидэлтийн тоо дөрөвт хүрсэн юм. Анх 2009 онд Дорнод бүсийн финалд “Орландо”-гийн эсрэг хожлын шидэлт гүйцэтгэсэн бол үүнээс яг дөрвөн жилийн дараа 2013 онд Дорнод бүсийн шигшээд учраа таарсан “Индиана”-гийн эсрэг хожлын оноог авч байлаа. Хоёр жилийн дараа мөн л Дорнодын шигшээд таарсан “Чикаго Буллз”-ын эсрэг цувралын дөрөв дэх тоглолтод хожил авсан юм.

Донован Митчелл хэмээх шинэ тоглогч “Оклахома Сити Тандер”-ын их гурвалд хичээл зааж байна. Цувралын тав дахь тоглолтод “Юта Жазз” өрсөлдөгчөө талбайд нь 25 онооны давамгай хожиж байв. Энэ үед “Тандер”-ын их гурвалын улирал дуусахад тун ойрхон байлаа. Учир нь тэд өмнөх дөрвөн тоглолтын гуравт нь хожигдсон. Гэвч Рассел Уэйстбрук улирлаа амархан дуусгахыг хүссэнгүй. Түүний гайхалтай тоглолт, Пол Жоржын найдвартай шидэлтийн ачаар “Оклахома” онооны зөрүүг богино хугацаанд арилгаж, эргэн ирсэн юм. Сүүлийн 20 жилд хасагдах шатанд 25 ба түүнээс дээш онооноос эргэн ирсэн тохиолдол таван удаа бүртгэгдсэн. “Лос Анжелес Клипперс” баг 2012 онд “Мэмфис Гриззлис”-т 27 онооны зөрүүтэй хожигдож яваад ялсан тохиолдол бий. Мөн өнгөрсөн онд “Кливлэнд” “Индиана”-гийн цувралд 26 онооны зөрүүг арилгаж, ялалт байгуулсан нь 2002 онд “Бостон Селтикс”, “Нью Жэрси Нетс”-ийн түүхийг давтсан.

“Оклахома” гуравдугаар үеийг 32:7-гоор зөрүү гаргахад Р.Уэйстбрук 7 шидэлтийнхээ 6-г оруулж, үүнээс гурвын шидэлт 5 шидэж, 4-ийг нь амжилттай гүйцэтгэж, нийт 20 оноо авчээ. Үлдсэн 12 оноог Пол Жорж авсан аж.



 

Дерек Фишер Глорья Говантай сүй тавьжээ

Цагтаа “Лос Анжелес Лэйкерс”-т Коби Брайантын хамтрагч явсан, хожмоо “Нью Йорк Никс”-ийн дасгалжуулагчийн албанд зүтгэж байсан Дерек Фишер 2015 оноос хойш үерхэж буй найз бүсгүй Глорья Говантай сүй тавьжээ. Энэ бүсгүйг өмнө нь NBA-ийн тоглогч асан Мэтт Барнсын гэргий гэдгээр нь сагсан бөмбөг сонирхогчид андахгүй биз.

TMZ сайтын мэдээлснээр одоо телевизийн салбарт хүч сорьж буй Д.Фишер энэ сарын 7-нд Лос Анжелес дахь гэртээ найз нөхдөө цуглуулж, багахан үдэшлэг хийх үеэр Г.Гованд гэрлэх санал тавьсан гэнэ.

Г.Гован өмнө нь Мэтт Барнстай 2013-16 оны хооронд амьдарч байв. Тэд салах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, гэр бүл цуцлах эсэх нь шүүхийн шатанд байх үеэр Д.Фишертэй нэр холбогдсон. Үүнд бухимдсан М.Барнс хуучин эхнэрээ харамлаж, багагүй асуудал үүсгэж байв.

М.Барнс, Г.Гован нар Картер Келли Барнс, Айзья Майкл Барнс гэх хоёр хүүтэй. Сонирхуулахад, Глорья Гованы төрсөн эгч Лаура Гован нь сагсан бөмбөгч асан Гилберт Аренасын гэргий билээ. Эгч дүүс хамтдаа сагсан бөмбөгчдийн эхнэр хэмээх телевизийн реалити шоунд оролцож байв.

Т.Паркер үлдэнэ, харин М.Жинобили тодорхойгүй

“Сан Антонио Спэрс” баг эхний шатанд “Голден Стэйт Уорриорс”-т хожигдсоны дараагаар тус багийн ахмад тоглогчид болох Тони Паркер, Ману Жинобили нарыг цаашид тоглох эсэх нь олны анхаарлыг татаж байв.

Тэгвэл 40 нас хүртлээ тоглох хүсэлтэй хэмээн нэг бус удаа ярьж байсан франц холбогч Тони Паркер ирэх улиралд сэлгээнээс гарахад татгалзах зүйлгүй гэж ярьжээ. Тэрбээр ирэх улиралд тоглох хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Дежонт Маррейгийн сэлгээ болоход гайхах зүйлгүй гэсэн юм.

Харин Ману Жинобили одоогоор зодог тайлах талаар ярих хүсэлгүй байгаа гэнэ. Энэ жил 40 настай М.Жинобили хасагдах шатны сүүлийн тоглолтын өмнө цаашид яах эсэхээ бодоогүй гэдгээ сэтгүүлчдэд ярьж суусан бол “Дайчид”-д хожигдсоны дараа энэ талаар ярихаас татгалзжээ.

“Филадельфи”-гийн баяр хөөр

“Филадельфи 76” баг цувралын тав дахь тоглолтоо гэртээ хүлээн авч, “Майами Хит”-ийг 104:91-ээр буулган авснаар 2012 оноос хойш анх удаа хасагдах шатны хоёрдугаар тойрогт үлдлээ. Одоогоос зургаан жилийн өмнө Андре Игоудала тэргүүтэй “76-чууд” лидер нь бэртсэн “Чикаго Буллз”-ыг хожиж, дараагийн шатанд шалгарч байв. Гэхдээ тэр үед Филадельфи хотынхон багаа түрүүлнэ гэдэгт итгэлгүй байсан бол одоо цаг өөр болов. Шилдэг шинэ тоглогч Бэн Симмонс, лигийн “мангас” төвүүдийн нэг Жоэль Эмбийд нар толгойлж, Брэтт Брауны удирдсан “76” бол улирлын төгсгөлд 16 дараалан хожсон баг. Одоогоос 35 жилийн өмнө 1983 онд Мозес Малоуны үед аваргын цом хүртсэн, түүнээс хойш 2001 онд Аллен Айверсоны баг шигшээ цувралд хүрсэнг эс тооцвол тус баг олон жил амжилтад хүрээгүй. Тэгвэл энэ улиралд “76-чууд” их итгэл найдвар хүлээлгэж буй.

Шилдэг шинэ тоглогчид өрсөлдөж буй, NBA-ийн ханхүү гэгдэх Бэн Симмонс тус цувралын таван тоглолтод 18.2 оноо, 10.6 самбар, 9.0 оновчтой дамжуулалт дунджилсан юм. Хэрвээ Б.Симмонс тав дахь тоглолтод 11 оновчтой дамжуулалт өгсөн бол “Шидэт” Жонсоноос хойш цувралын турш трипл дабл дунджилсан хоёр дахь шинэ тоглогч болох байлаа. Гэхдээ эрт алдааны асуудалд орсноор гуравдугаар үед сэлгээний суудал руу шилжсэн.

Хэдийгээр гол найруулагч нь сэлгээнд суусан ч “Филадельфи” өрсөлдөгчөөсөө хамаагүй илүү баг нь гэдгээ харуулж чадсан юм. Гуравдугаар үед 14 онооны зөрүүтэй дуусгасан үзүүлэлтээ шийдвэрлэх мөчид ч хадгалж, эцэст нь ялалт байгуулав.

Энэ жил 36 настай Дуэйн Уэйд тоглолтын дараах хэвлэлийн бага хуралд Бэн Симмонс болон Жоэль Эмбийд нарт сайхан ирээдүй бийг хүлээн зөвшөөрчээ. Түүнчлэн сэтгүүлчид түүнээс сагсан бөмбөгийн замналаа үргэлжлүүлэх эсэх талаар лавлахад Д.Уэйд тоймтой хариу өгсөнгүй. “Майами”-тай хийсэн гэрээ нь зун дуусгавар болох учир түүнд олон багаас сонголт хийх боломж бий. Гэхдээ үүнээс өмнө “Чикаго”, “Кливлэнд”-ийг сонгоод бүтэлгүйтсэн учир Д.Уэйд хуучин багтайгаа дахин нэг жилийн гэрээ байгуулах, эсвэл их спортын замналдаа цэг тавих гэсэн хоёр сонголтоос л шийдвэрээ гаргах болов уу.