Author: Д. Бямбажаргал

Спорт сонирхогч Сайтын гэрэл зурагчин

NBA: “Хьюстон Рокитс”-т төвийн тоглогч хэрэггүй

NBA-д өнөөдөр дөрвөн баг оролцсон томоохон солилцоо болов. Нийт 12 тоглогч, цөөнгүй драфтын эрх энэ солилцоонд хамрагдсан юм. Энэ нь 2000 онд Патрик Евингийг солилцоонд оруулсан “Нью Йорк Никс”, “Сиэтл Суперсоникс”-оос хойших хамгийн олон тоглогч хамрагдсан солилцоо боллоо.


Атланта Хоукс

Авсан: Клинт Капела, Нэнэ

Явсан: Эван Тюрнэр, Бруклиний драфтын нэгдүгээр тойргийн эрх (2020)

“Атланта Хоукс” баг удаан хугацааны турш тохирох төвийн тоглогч хайсан. Үр дүнд нь 16.6 оноо, 12.7 самбараас бөмбөг авч буй К.Капелаг эгнээндээ нэгтгэв. К.Капела энэ улиралд 14.9 сая “ногоон” авах бол 2022-23 оны улиралд 20 сая хүрэхгүй цалин авах аж.

“Атланта”-гийн хувьд энэ наймаанд цалин тэнцүүлэх үүднээс 18 саяын хөлстэй Эван Тюрнэрийг явуулав. Э.Тюрнэрийн том гэрээ энэ онд дуусгавар болох учиртай. Түүнчлэн Аллен Краббын солилцооноос авсан “Брукли Нэтс” багийн драфтын нэгдүгээр тойргийн эрхээс татгалзжээ. “Харцагууд” ахмад төвийн тоглогч Нэнэг авсан тул одоо багаасаа нэг тоглогч хасах шаардлагатай байгаа юм.


Хьюстон Рокитс

Авсан: Роберт Ковингтон, Жордан Бэлл

Явсан: Клинт Капела, Нэнэ, Жералд Грин Драфтын эрх (2020 оных)

“Хьюстон Рокитс” баг жижиг тавтыг ашиглах нь тодорхой боллоо. Тэд Р.Ковингтоныг эгнээндээ элсүүлсэн, ингэснээр Пи Жэй Такерыг төвд ашиглах бөгөөд төвийн тоглогч шаардлагагүй гэж үзэж байгаа аж.


Миннисота Тимбэрволвес

Авсан: Малик Бийзли, Хуан Хернангомез, Еван Тюрнэр, Жаррэд Вандербилт, драфтын эрх

Явсан: Роберт Ковингтон, Жордан Бэлл, Ноа Вонлэ, Кэйта Батес-Диоп, Шабазз Напьер

“Миннисота”-г “Голден Стэйт Уорриорс” багтай солилцоо хийх шуум их явсан ч тийм зүйл болсонгүй. Андрей Уиггинсийг солилцоонд оруулахгүй гэснээр дээрх хоёр багийн хооронд солилцоо болоогүй ч Р.Ковингтоныг явуулж, түүний оронд энэ жил гэрээ нь дуусч буй Малик Бийзлиг эгнээндээ нэгтгэв.


Дэнвэр Наггетс

Авсан: Жералд Грин, Кэйта Батес-Диоп, Шабазз Напьер, Ноа Вонлэ, драфт эрх

Явсан: Малик Бийзли, Хуан Хернангомез, Жаррэд Вандербилт

М.Бийзли, Х.Хернангомез нар минут олдохгүй байна гэж гомдол мэдүүлсэн нь тэднийг багаасаа явуулах шалтгаан болжээ.

NBA: Коби Брайантын нисдэг тэрэг манантай үед нисэх зөвшөөрөлгүй байжээ

Нэрт тамирчин Коби Брайантын нисдэг тэрэгний лицензийг эзэмшдэг “Island Express Helicopter” компани манантай үед нисэх зөвшөөрөлгүй байжээ. Тэднийх зөвхөн цаг агаар тогтуун үед л нисэх ёстой байсан аж.

Түүнчлэн компанийн лицензээс болоод нисгэгч манантай үед хэрхэн нислэг үйлдэх тал дээр туршлага бага байсан гэж шинжээчид үзэж байна.

Албаныхан ослын шалтгааныг тодруулахаар шалгалтын үйл явц үргэлжилж байгаа юм.

Өнөөдөр мөн Коби Брайантын суралцаж төгссөн ахлах сургууль болох “Lower Merion”-ий сагсан бөмбөгийн баг нэрт тоглогчийг нас барснаас хойш анх удаа талбай дээрээ тоглов. Коби энэ сургуульд дөрвөн жил суралцсан бөгөөд хожим спорт заалаа түүний нэрээр нэрлэх болсон билээ.

Тэд 33 секунд чимээгүй зогсож хүндэтгэл үзүүлээд зогсохгүй, “33” дугаартай өмсгөлийг нь дахин залжээ. Түүний гарын үсэгтэй энэхүү өмсгөл хулгайд алдагдаад удалгүй олдсон юм.

NBA: Коби Брайант нас барахаасаа өмнө хүүхдийн зохиол дээр ажиллаж байжээ

Коби Брайант болон Бразилын алдарт зохиолч Пауло Кольо нар хамтарч, хүүхдийн зохиол дээр ажиллаж байсан гэдгийг 72 настай нэрт зохиолч, хэвлэлийнхэнд ярьсан байна.

“Алхимич” хэмээх зохиолоороо дэлхийд алдаршсан Пауло Кольо сүүлийн үед нэрт сагсан бөмбөгчтэй хамтарсан зохиол дээр ажиллаж байжээ. Тэд 2016 оноос хойш буюу Кобиг спортоо орхисноос хойш хамтрах талаар яриа өрнүүлж, хэдхэн сарын өмнө л уг зохиолоо бичиж эхэлсэн гэнэ.

Гэхдээ алдарт зохиолч хамтрагчаа нас барсан талаарх таагүй мэдээг дуулаад уг номоо хэвлэлд өгөхгүй гэж шийдсэн байна. Женев хот дахь гэрээсээ утсаар өгсөн ярилцлагадаа “Бичсэн зохиолоо устгачихсан. Учир нь энэ бүхэн түүнгүйгээр утга учиргүй” хэмээн тайлбарласан юм.

Зохиолч П.Кольо

Коби Брайант П.Кольогийн зохиолуудыг уншдаг, түүний унших дуртай ном нь нэрт зохиолчийг алдарт хүргэсэн “Архимич” юм.

Коби Брайантын үүсгэн байгуулсан “Granity Studios” өсвөр насныханд зориулсан нэг бус ном гаргасан билээ. 2018 онд өөрийнхөө тоглолтын арга барилын талаар өгүүлсэн “The Mamba Mentality: How I Play,” хэмээх ном хэвлүүлсэн бол өнгөрсөн оны гуравдугаар сард зохиолч Уэсли Кингтэй хамтарч “The Wizenard Series: Training Camp”, есдүгээр сард зохиолч Анни Матьюстай хамтарч, нэгэн залуухан теннисчин хэрхэн амжилтад хүрч байгааг харуулсан “Legacy and the Queen” хэмээх ном гаргасан юм.

Дуулиан: Кобигийн онгоцонд хар хайрцаг байхгүй

Тээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөл (NTSB)-ийн мэдээлснээр нэрт тамирчин Коби Брайант болон бусад найман хүний сууж явсан “Sikorsky S-76B” загварын нисдэг тэргэнд хар хайрцаг байгаагүй гэнэ. Энэ талаар тус албаны удирдах зөвлөлийн гишүүн Женнифер Хомендри даваа гаригт хийсэн хэвлэлийн бага хурал дээр онцолжээ.

Гэхдээ Ж.Хомендри нисгэгчийн iPad-ыг олвол нислэгийн бичлэгийг олох магадлал бий гэж ярьсан байна. Армен гаралтай нисгэгч Ара Зобьяныг олон жил нислэг үйлдсэн туршлагатай хүн гэдгийг албаныхан ярьжээ.

Ослын шалтгаан одоогоор тодорхой болоогүй байгаа ч цаг агаарын тааламжгүй нөхцөлд ниссэн нь тэднийг осолд хүргэсэн байж болзошгүй гэж А.Зобьяны мэргэжил нэгтнүүд нь таамаглаж байгаа аж. Учир нь манан ихтэй үед онгоц дээш хөөрөхөд нисгэгч чиглэлээ алдах магадлал өндөр байдаг гэнэ.

NBA: Коби Брайантын талаарх сонирхолтой ТОВЧ баримтууд

“Лос Анжелес Лэйкерс” багт 20 жил зүтгэсэн Коби Брайантын амьдралыг товч танилцуулья.


Хувийн амьдрал:

Төрсөн он сар өдөр: 1978 оны наймдугаар сарын 23

Нас барсан өдөр: 2020 оны нэгдүгээр сарын 26

Төрсөн газар: Пенсилваниа мужийн Филадельфиа хот

Бүтэн нэр: Коби Бийн Брайант

Эцэг: Жо Брайант (мэргэжлийн сагсан бөмбөгчин)

Эх: Пам Брайант

Гэр бүл: Ванесса (Лайна) Брайант (2001 оны дөрөвдүгээр сарын 18 – 2020 оны нэгдүгээр сарын 26)

Хүүхдүүд: Наталья (2003 оны I сар), Жианна (2006 оны V сар), Бианка (2016 оны VII сар), Капри (2019 оны VII сар)


Бусад баримтууд

  • Коби Брайант 6 фүүт 6 инч буюу 198 см өндөртэй.
  • Түүний эцэг эх нь Япон ресторанд үхрийн мах идэж суугаад Коби хэмээх нэрийг хүүдээ өгөхөөр шийдсэн гэдэг.
  • Тэрбээр хүүхэд насаа Италид өнгөрүүлсэн. Эцэг нь Европ тивд тоглож байсан тул Италид найман жил амьдарчээ. Италиар чөлөөтэй ярьдаг.
  • Оскарт нэг удаа нэр дэвшиж, богино хэмжээний баримтат киногоороо шагнал хүртсэн удаатай.
  • Ахлах сургуулиасаа шууд NBA-гийн драфтад нэр дэвшсэн.
  • 1996 оны драфтын үеэр 18 нас, 2 сар, 11 хоногтой байсан Коби Брайант лигийн хамгийн залуу тоглогч болж байв.
  • Тэр “Лос Анжелес Лэйкерс” багт 20 жил зүтгэсэн юм.
  • Олимпын хошой аварга.
  • NBA-гийн онооны лидерээр дөрвөн удаа нэрлэгдсэн.
  • 20 жилийн хугацаанд таван удаа лигийн аварга болжээ.

Он тоолол

  • 1996: Пенсилваниа мужийн ахлах сургуулийн бүх цаг үеийн түүхэнд хамгийн олон оноо авсан тоглогч болж, сургуулиа төгссөн. “Ловер Мерион Эйсэс” ахлах сургуулийг удирдаж, 31:3 амжилтаар мужийн аварга болж байв.
  • 1996: “USA Today” сонин түүнийг оны шилдэг ахлах сургуулийн тоглогчоор нэрлэсэн.
  • 1996 оны VI сарын 26: Коби Брайантыг NBA-гийн эхний тойргийн №13-аар “Чарлотт Хорнетс” баг сонгосон юм.
  • 1996 оны VII сарын 11: “Лос Анжелес Лэйкерс” баг Влад Дивачаар солилцоо хийж, түүнийг багтаа авчээ.
  • 1996-2016: “Лос Анжелес Лэйкерс” багт хамгаалагчаар зүтгэсэн.
  • 1996-1997: Бүх Америкийн шилдэг шинэ тоглогчийн хоёрдугаар багт багтав.
  • 1997 оны II сар: Бүх оддын тоглолтын тохолтын тэмцээний аварга боллоо.
  • 1998: Хамгийн залуудаа буюу19 насандаа бүх оддын тоглолтын гараанд нэрлэгдсэн юм.
  • 2000-2002: “Лос Анжелес Лэйкерс” багийн хамт гурван жил дараалан лигт түрүүллээ.
  • 2002: Дөрөв дэх удаагаа Бүх одод болж, анх удаа Бүх оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогч болсон юм. Тэрбээр энэ шагналыг 2007, 2009, 2011 онд хүртсэн билээ.
  • 2003 оны VII сарын 18: Брайантын хувьд хар өдөр. Тэрбээр 19 настай буудлын үйчлэгч бүсгүйг оролдсон хэргээр буруутгагдсан.
  • 2004 оны I сарын 19: Түүний хийсэн хэргийн улмаас түргэн хоолны “МакДоналдс” брэнд 2003 оны 12 дугаар сард дуусгавар болсон гэрээгээ сунгахаас татгалзжээ.
  • 2004 оны VIII сарын 10: Өөр нэгэн эмэгтэй Денвер хотод түүний эсрэг гомдол гаргажээ. “Жэйн Дое” хэмээх нууц нэрээрээ алдаршсан тэр бүсгүй 2003 онд зочид буудлын өрөөнд Коби түүнийг хүчиндсэн хэмээн мэдэгдэж, их хэмжээний нөхөн төлбөр шаардав.
  • 2004 оны IV сарын 1: Кобид холбогдуулсан хэргийг нотлох баримт хангалтгүй гэж үзсэн тул хүчингүй болгосон юм.
  • 2006 оны I сарын 22: Коби Брайант Торонтогийн эсрэг 81 оноо авлаа. Зөвхөн домогт Уэлт Чэймбэрлэний 100 оноо түүний урд бичигддэг билээ.
  • 2008 оны V сар: Лигийн үнэ цэнэтэй тоглогч болов.
  • 2008 оны VIII сарын 24: АНУ-ын шигшээ багийн хамтаар олимпын аварга болсон юм.
  • 2009-2010: Хоёр жил дараалан лигийн аварга болов.
  • 2010 оны II сарын 1: Жэрри Уэстийн 25,192 оноог гүйцэж, 25,208 оноогоор “Лос Анжелес Лэйкерс” багийн бүх цаг үеийн онооны лидер болжээ.
  • 2011 оны XII сарын 16: Эхнэр Ванесса Брайант салах өргөгдлөө өгөв.
  • 2012 оны VIII сарын 12: Лондоны олимпын аварга боллоо.
  • 2013 оны I сарын 11: Фэйсбук хуудсандаа эхнэртэйгээ эвлэрсэн гэдгээ мэдэгдсэн юм.
  • 2013 оны IV сарын 12: Голден Стэйт Уорриорс багийн эсрэг тоглож байхдаа шөрмөсөө тасалж, 6-9 сар талбайд гарах боломжгүй болжээ.
  • 2014 оны III сарын 12: “Лэйкерс” клуб Кобигийн сүүлийн улирал гэдгийг албан ёсоор зарлав. Түүний зүүн өвдөг бүрэн эдгэрэхгүй байгаа нь эмч нарын үзлэгээр тогтоогдсон юм.
  • 2014 оны III сарын 23: Брайант бизнест хөл тавьж, “KOBE INC” компаниа байгуулжээ. Улмаар “BodyArmor” спорт ундаа үйлдвэрлэгч брэндийн 10 хувийг эзэмших болсон юм.
  • 2014 оны XII сарын 14: Бүх цаг үеийн онооны лидерийн жагсаалтад Майкл Жорданыг гүйцэж, 32,310 оноогоор гуравдугаарт жагсах болов.
  • 2016 оны II сар: Коби дараагийн бизнесээ эхлүүлж, “Kobe Studios” байгуулжээ. Өдгөө тус студийн нэр нь “Granity Studios” болсон юм.
  • 2016 оны IV сарын 13: Лигт сүүлийн тоглолтоо хийж, Юта Жаззын эсрэг 60 оноо авлаа.
  • 2017 оны XII сарын 18: “Лос Анжелес Лэйкерс” клуб №8, болон №24 дугаарыг мөнхөлсөн.
  • 2018 оны III сарын 4: “Dear basketball” хэмээх богино хэмжээний киногоороо Оскар гардав.
  • 2020 оны I сарын 26: Онгоцны ослоор өөд боллоо.

Гэрэл зураг

1990-ээд оны эхээр Италийн Рэггио Эмилиа дахь хүүхдийн сагсан бөмбөгийн багт
Ахлах сургуулийн шилдэг тоглогч
Лос Анжелес Лэйкерс багт ирэв
1997 оны Бүх оддын тоглолт. Тохолтын тэмцээнд оролцож хамгийн залуудаа түрүүлсэн юм.
1998 онд домогт Майкл Жорданы эсрэг
1999 онд Берлин хотод NBA-гээс Европ тивд зохион байгуулдаг бэлтгэлийн үеэр
1999 онд Шак ба Коби
2000 онд NBA-гийн аварга болоод тухайн үед сүйт бүсгүй байсан Ванесса Лайнтай баяраа тэмдэглэж байгаа нь. Тэд хожим гэрлэж, дөрвөн охинтой болсон билээ.
2001 онд лигийн аварга болоод АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Бушд өмсгөлөө бэлэглэж байна. Цагаан ордоны зүүн өрөөнд Ж.Буш тэднийг хүлээн авчээ.
Хүчингийн хэрэгт холбогдсоныхоо дараах хэвлэлийн бага хурал
Том охин Натальягийнхаа хамт
Хоёр дахь охин Жианнагийн хамт
Сүүлийн тоглолт
Лос Анжелес хотын захирагч Эрик Гарсетт 2016 онд жил бүрийн наймдугаар сарын 24-ний өдрийг Кобигийн өдөр хэмээн зарласан юм
Өмсгөлөө хананд өлгөх ёслолын үеэр
Коби болон найруулагч Глэн Кийн нар “Dear Basketball” богино хэмжээний хүүхэлдэйн киногоороо Оскарын шагнал хүртэв
2019 оны ээжүүдийн баярын өдрөөр дөрөв дэх охиноо хүлээж буйгаа зарласан. Улмаар бага охин Капри нь өнгөрсөн оны зургадугаар сард мэндэлсэн юм
Талийгаач охинтойгоо хамт Атланта Хоуксын тоглолтыг үзэж байгаа нь. Түүний охин Жианна нь Трэй Янгийн шүтэн бишрэгч байсан юм

Дуулиан: Осолдсон онгоцны бусад зорчигдыг зарлав

Сагсан бөмбөгийн нэгэн үеийн суут тоглогч, Коби Брайнт орон нутгийн цагаар ням гаригт онгоцны ослоор өөд болсон талаар бид мэдээлсэн. Тэгвэл сүйрсэн онгоцонд түүнээс гадна 7 зорчигч, нэг нисгэгч сууж явсан аж.

Эх сурвалжийн мэдээлснээр Коби Брайнт болон түүний 13 настай охин Жианна Мариа Оноре Брайнт нар Мамба спорт академиас зохион байгуулдаг сагсан бөмбөгийн тэмцээнд оролцохоор нисч явсан юм. Түүний охин Жианна Брайнт тоглогчоор, харин Коби дасгалжуулахаар төлөвлөж байв.

Коби болон түүний охины хамт осолдсон өөр нэгэн гэр бүл бол бэйсболын дасгалжуулагч Жон Алтобелли. Түүний охин Алисса болон гэргий Кери нар нь хамт байжээ. Алтобелли Хьюстон их сургуулийн туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан бөгөөд охин Алисса нь Кобигийн академийн тоглогч байв. Түүнчлэн охидын багийн туслах дасгалжуулагч Кристина Маусэр цуг байсан талаар түүний нөхөр Матт Маусэр цахим хуудсандаа бичсэн гэнэ.

Түүнчлэн Жианнагийн багийн Пэйтон Честер, түүний ээж Сара Честер нар зорчиж явсан талаар эх сурвалж мэдээлэв.

Кобигийн ашиглаж байсан нисдэг тэрэг 1991 онд үйлдвэрлэгдсэн. Онгоц сүйрэх үеэр үзэгдэх орчин тун тааруу, өтгөн манантай байсан гэж албаны хүмүүс мэдэгдсэн юм.

Коби Брайнт эхнэр Ванесса болон гурван охиноо орхиод явлаа. Түүний том охин нь ердөө долоо хоногийн өмнө 17 нас хүрсэн бол бага нь өнгөрсөн оны зургадугаар сард төрсөн одоо 7 сартай аж.

Дуулиан: Коби Брайнт нисдэг тэрэгний ослоор өөд болов

NBA-гийн нэрт тоглогч Коби Брайнтын хувийн нисдэг тэрэг Калифорниа мужид осолдож, нас барлаа гэж “TMZ sports” мэдээлэв.

Коби болон нислэгийн багийн багадаа дөрвөн хүн тус онгоцоор зорчиж явсан бөгөөд нүдээр үзсэн гэрч нарын мэдүүлснээр онгоц Калибасагийн дээгүүр нисч явах үед осолдсон бөгөөд тухайн үед цаг агаар тааруу, үзэгдэх орчин муу, манантай байсан аж.

Осол орон нутгийн цагаар өглөөний 10:00 цагт болсон гэж “Лос Анжелес Таймс” мэдэгдэв.

Уг онгоцонд талийгаачийн эхнэр Ванесса нь байгаагүй гэж албаны хүмүүс баталсан байна. Одоогоор нас барсан өөр дөрвөн хүнийг хэн болохыг зарласангүй. Сүүлд шинэчлэгдсэн мэдээллээр нас барсан таван хүний нэг нь Кобигийн охин Жианна Мария болох нь батлагджээ.

17-хон насандаа NBA-д элсэж, ахлах сургуулиас алдрын оргилд хүрсэн Коби Брайнтын амьдрал 41 жил үргэлжлээд төгсөв. NBA-д 20 жил зүтгэхдээ “Лос Анжелес Лэйкерс”-т үнэнч байж, аваргын цомыг таван удаа өргөсөн төдийгүй өөрөө финалын үнэ цэнтэй тоглогчоор хоёр удаа тодорч, улирлын MVP-гээр нэг удаа нэрлэгдсэн. Замналынхаа турш 33,643 оноо авч, бүх цаг үеийн дөрөвдүгээрт бичигдсэн нэгэн. Түүний энэ амжилтыг дөнгөж өчигдөр Леброн Жэймс гүйцэж, 33,655 оноотой болоод байв…

NBA: Леброн Жэймс сэтгэцийн эмгэгтэй найздаа тусална

Хоёр туйлт сэтгэцийн эмгэгээсээ болоод нэгэн үе NBA-д зүтгэж явсан Делонт Уэст одоо орон гэргүй, гудамжинд амьдрах болсон юм. Саяхан түүний гудамжинд хүнд зодуулж байгаа бичлэг цахим ертөнцөд тарж, NBA-гийн ертөнцийг цочроосон. Уг бичлэг АНУ-ын Мэрилэнд мужийн нутаг дэвсгэрт болсон тул тус мужийн цагдаагийн газраас олон нийтэд цацахыг хориглосон байна. Одоогоор уг зодоонд эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөж шалгах үйл ажиллагаа үргэлжилж байгаа тул хууль сахиулагчид ийм шийдвэр гаргажээ.

Бичлэг дээр зодуулж буй этгээд Делонт Уэст мөн болохыг албаныхан баталсан. Түүнийг бие дээрх шивээсээр нь таньсан гэдгээ нэгэн гэрч мэдүүлжээ.

Өдгөө 36 настай Д.Уэст Сэйнт Жосефийн их сургуулиас NBA-гийн драфтад нэрээ дэвшүүлж, 2004 оны драфтын нэгдүгээр тойргийн №24-өөр сонгогдсон юм. Түүнээс хойш найман жил NBA-д зүтгээд Хятадын лигт тоглосон. Улмаар 2015 онд “Техас Лежендс” багт тоглоод сагсан бөмбөгөө орхисон билээ.

Хоёр туйлт сэтгэцийн эмгэг нь түүнийг ид тоглогч байх үед ч илэрдэг байжээ. Тэрбээр шалтгаангүйгээр бэлтгэлээ таслах нь ихэсч, зарим үед учир нь ойлгогдохгүй ааш авир их гаргадаг байсныг тухайн үед ажиллаж байсан спортын сэтгүүлчид онцлох болов. 2009 онд замын цагдаа түүнийг саатуулах үеэр биеэс нь цэнэглэсэн гурван галт зэвсэг илрүүлж байв.

Түүнтэй холбоотой бас нэгэн том дуулиан бол багийнхаа хамтрагч Лэброн Жэймсийн ээжтэй явалдсан гэх цуурхал. Хамгийн сүүлд Д.Уэсттэй холбоотой дуулиан бол банкинд 108 мянган ам.долларын зээлээ төлөөгүй явдал юм.

Ийм нэг тоглогчдод туслах хүсэлтэй хүн NBA-гийн ертөнцөд цөөнгүй гарч иржээ. Түүнийг анх драфтаар авч байсан “Бостон Селтикс” багийн менежер Дэнни Эйнж түүнд скаутын ажил санал болгохоор төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Түүнчлэн Лэброн Жэймс нэгэн үе хамтрагч байсан Д.Уэстэд мөнгөн тусламж үзүүлэхээр төлөвлөж байгааг мэдээлсэн. “Хаан” Жэймс бизнес хамтрагч болох Маверик Картерт энэ тухай ярьсан бөгөөд Д.Уэстийг Лос Анжелес хотод авчирч, хуучин хамтрагчаа хөл дээр нь босох хүртэл шаардлагатай бүх мөнгийг зарцуулна гэж ярьсан гэнэ.

WNBA: Эмэгтэй тамирчдын үнэлгээ өсөв

WNBA буюу эмэгтэй сагсан бөмбөгийн холбоо, тоглогчдын холбоотой зөвшилцөлд хүрч, 2027 он хүртэл шинэ гэрээ байгууллаа. Уг гэрээгээр эмэгтэйчүүдийн цалин хөлс, ээж болсны тэтгэмж зэргийг нэмэх олон чухал шийдвэр гаргасан юм.

Тоглогчдын холбооны тэргүүн, “Лос Анжелес Спаркс” багийн довтлогч Ннека Огвумике шинэ гэрээнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Тамирчдын цалинг нэмэх нь энэ гэрээний хамгийн чухал сэдэв байлаа. WNBA-гийн тамирчдын жилийн дундаж цалин 130 мянган ам.доллар. Энэ нь NBA-гийн шинэ тоглогчдын цалингаас ч бага тоо. Эрчүүдийн лигт дөнгөж элссэн шинэ тоглогч хамгийн багадаа 900 мянган “ногоон”-ы цалин авдаг баримт бий.

Зөвхөн цалинг ч бус нийгмийн бусад асуудлыг ч шийдвэрлэхэд анхаарсан гэдгээ холбогдох хүмүүс нь мэдэгдэв. Тамирчид бие давхар болсон ч цалингаа бүрэн авах төдийгүй хүүхдийн асрамжид зориулж, санхүүгээр дэмжихээр болжээ. Түүнчлэн хүүхэдтэй тамирчдад зориулж, орон байраар хангах, үйчлэгч хөлслөх, ахмад тоглогчдод тэтгэмж тогтоох зэрэгт жилд 60 мянган ам.доллар төсөвлөхөөр болсон аж.

2020 онд биднийг хүлээж буй 10 чухал тэмцээн

Сүүлийн үед манай улсад эрчимтэй хөгжиж буй багийн спорт бол 3х3 сагсан бөмбөгийн төрөл. Энэ төрлөөр олимпод оролцох эрх авч, багийн спортын түүхэнд шинэ хуудас нээсэн билээ.

Тэгвэл энэ онд болох 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний томоохон 10 тэмцээний хуваарийг танилцуулья.

Олимпын эрх олгох тэмцээн

III сарын 18-22 (Энэтхэг)

Эрэгтэй шигшээ баг энэ тэмцээнд оролцоно

Ирэх гуравдугаар сард Энэтхэгт болох тус тэмцээнийг ДАШТ-тэй зүйрлэж болно. Эрэгтэй, эмэгтэй тус бүр эхний гурван байрт шалгарсан гурван баг “Токио 2020”-ын эрх авах юм. Тус бүр 20 баг өрсөлдөх тус тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Монголын шигшээ баг “А” хэсэгт багтсан билээ.

Доха Мастерс

IV сарын 2-3-нд

Энэ жил 9 дэх удаагаа зохион байгуулагдах Доха Мастерс дөрөвдүгээр сарын 2-3-нд зохион байгуулагдах болжээ. Энэ нь өмнөх жилүүдээс харьцангүй эрт болж буй онцлогтой.

Олимпын эрх олгох сүүлийн тэмцээн

IV сарын 24-26-нд (Унгар)

Олимпын эрх олгох сүүлийн тэмцээн Унгарт болно. Уг тэмцээнд түрүүлсэн баг л “Токио 2020”-ын тийзээ авах учир багуудын дунд ширүүн өрсөлдөөн өрнөнө. Манай улсаас эрэгтэй шигшээ багийн тамирчид эхний тэмцээнд эрхээ авч чадаагүй тохиолдолд оролцох юм. Энэ тэмцээнд сүүлийн хоёр олимпод сагсан бөмбөгийн төрлөөр оролцоогүй улсын тамирчид оролцож байгаагаар онцлогтой.

Азийн АШТ

V сарын 13-17-нд (БНХАУ)

БНХАУ-д дөрвөн өдрийн турш үргэлжлэх Азийн АШТ-д Австралийн шигшээ баг аваргаа хамгаалах эсэх нь олны анхаарлыг татаж буй. Дөрвөн удаа зохиогдсон тус тэмцээний эрэгтэй, эмэгтэй төрөлд ногоон тивийн сагсан бөмбөгчид тус бүр хоёр удаа түрүүлсэн билээ.

Европын АШТ

VI сарын 25-27-нд (Бельги)

Өнгөрсөн жил эрэгтэйд Серб, эмэгтэйд Франц Европын аварга болсон билээ. Бельгид олимпын өмнө зохиогдох томоохон тэмцээн гэдгээрээ тивийн аварга олны анхаарлын төвд байх нь гарцаагүй.

Олимп

VII сарын 25-29-нд (Япон)

Японы Токиод болох олимпын наадамд 3х3 сагсан бөмбөгийн төрөл анх удаа багтсан. Энэ удаагийн олимпод эрэгтэй, эмэгтэй төрөлд тус бүр найман баг өрсөлдөнө. Монголын эмэгтэй шигшээ баг чансаагаар эрхээ авсан бол эрэгтэй шигшээ баг эрх олгох тэмцээнд өрсөлдөж байгаа билээ.

18 хүртэлх насны ДАШТ

VIII сарын 25-30-нд (Унгар)

Унгарын Дебрецен хот таван жилийн дараа дахин 18 хүртэлх насны ДАШТ-ийг зохион байгуулна. 2015 онд хөвгүүдийн ангилалд Шинэ Зеланд, охидын төрөлд Франц түрүүлж байсан юм. Өнгөрсөн жил манай улсад зохиогдсон тэмцээнд АНУ-ын баг анх удаа хоёр төрөлд түрүүлж, түүхэнд шинэ хуудас нээсэн билээ.

Эмэгтэй финал

IX сарын 5-6-нд (Канад)

Өнгөрсөн жилээс хойш эмэгтэйчүүдийн цуврал тэмцээнийг зохион байгуулах болсон юм. Анхны тэмцээнд канадчууд түрүүлсэн. Энэ тэмцээнд оролцохын тулд нийт 28 баг 14 тэмцээнд цувралаар оролцоод хамгийн өндөр оноотой 12 баг тунаж үлддэг. Монголын эмэгтэй шигшээ багийн хувьд 235 оноогоор 14-т жагссан билээ.

Эрэгтэй финал

XI сарын 14-15-нд

Ес дэх удаагаа зохиогдож буй тус тэмцээнд Сербийн Нови-Сад багийн давамгайллыг хэн зогсоох вэ гэх асуулт сагсан бөмбөг сонирхогчдын дунд үүссэн болов уу. Дусан Булут тэргүүтэй энэ баг дөрвөн удаа түрүүлээд буй.

Африкийн цом

XI сарын 19-22-нд (Уганда)

Угандагийн Кампала хотод болох тус тэмцээнд өнгөрсөн жил Египетийн шигшээ баг эрэгтэй, эмэгтэй төрөлд түрүүлсэн.

Эмэгтэй тамирчид “Токио 2020”-д оролцох эрх авлаа

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 1-нд 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр олимпод оролцох эрх авсан эхний дөрвөн багийг танилцууллаа.

Эмэгтэйчүүдийн ангилалд ОХУ, БНХАУ, Монгол болон Румыний шигшээ баг ирэх оны долдугаар сарын 25-29-нд Японы Токио хотод болох олимпын наадамд оролцох нь тодорхой болов.

Харин эрэгтэйд чансаагаар тэргүүлсэн Серб, ОХУ, БНХАУ-ын баг шууд эрхээ авсан бол зохион байгуулагч орон болох Японы эрэгтэй шигшээ баг цагаан хуудсаар оролцох боллоо. Манай эрэгтэй шигшээ баг чансаагаар дөрөвдүгээрт бичигдсэн боловч Японы эрэгтэй шигшээ баг цагаан хуудсаар оролцох болсон тул чансаагаар эрх авах боломжгүй болжээ.

Энэтхэг улсад олимпын эрх олгох хоёрдугаар шатны тэмцээн болно

Гэхдээ манай эрэгтэй багт найдвар бий. Ирэх оны гуравдугаар сарын 18-22-нд Энэтхэг улсад олимпын эрх олгох тэмцээн болно. Энэ тэмцээнд эхний гурван байрт орсон баг Токиог зорих болно. Манай эрэгтэй шигшээ баг “A” хэсэгт Польш, Бразил, Турк, Испанитай нэг хэсэгт оржээ.

Олимпын эрх олгох сүүлийн тэмцээн

Хоёрдугаар шатны тэмцээнээс эрх авч чадахгүй бол Унгарын Будапешт хотод болох сүүлийн тэмцээнд хүч сорино. Сагсан бөмбөгийн төрлөөр эрэгтэй, эмэгтэй аль ч ангилалд сүүлийн хоёр олимпод оролцож байгаагүй зургаан улс энэ тэмцээнд оролцож, түрүүлсэн нь Японыг зорих юм.

3х3: Элсний спортын анхдугаар наадамд ХҮРЭЛ медаль хүртлээ

Энэ сарын 11-16-нд Катарын Доха хотод элсний спортын анхдугаар наадам боллоо. Тус тэмцээнд манай улсаас зөвхөн 3х3 сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэй, эмэгтэй баг өрсөлдсөн юм.

Таван өдрийн турш үргэлжилсэн тус наадамд 97 орны 1240 тамирчин хүч сорилоо. Манай улсаас 3х3 сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэй, эмэгтэй баг буюу нийт найман тамирчин хүч сорив.

Эрчүүдийн ангилалд ОХУ алт, Бразил мөнгө, Монгол хүрэл медаль хүртэв
Медаль хүртсэн багуудын бүрэлдэхүүн

Монголын эрэгтэй баг хагас шигшээд ОХУ-д хожигдсон ч хүрэл медалийн төлөө Украиныг 20:16-гаар буулган авснаар анхдугаар элсний наадмаас медаль хүртсэн 40 орны нэг боллоо.

Сонирхуулахад, энэ удаагийн наадамд Испани улс долоон алтан медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн. Тэд нийт 10 медаль хүртсэн юм. Харин медалийн тоогоор Бразил (12 медаль, 5 алт) манлайлжээ. 14 улс алтан медаль хүртжээ.

Триатлоны олон улсын шүүгч Б.Цагаанбаатар анхдугаар элсний наадамд шүүгчээр ажилласан юм

Түүнчлэн анхдугаар элсний наадмын триатлоны төрөлд олон улсын 11 шүүгч ажилласны нэг нь монгол хүн байлаа. Монголын триатлоны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цагаанбаатар энэ 11 дотор багтаж, тэмцээнийг дэнсэлсэн юм.