Author: Д. Бямбажаргал

Спорт сонирхогч Сайтын гэрэл зурагчин

Аваргаа хамгаалах хатуу даалгавартай эрчүүд хэсгийн шатанд Катар, Тайванийн багтай өрсөлдөнө

Өнгөрсөн аравдугаар сард манай оронд болсон 3х3 сагсан бөмбөгийн Азийн АШТ-д амжилттай оролцож түрүүлсэн Монголын эрэгтэй шигшээ баг ирэх дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 1-нд БНХАУ-ын Шензен хотод болох Азийн АШТ-д оролцох билээ. Тус тэмцээнд одоогоор эрэгтэй 22, эмэгтэй 18 баг өрсөлдөхөөр бүртгүүлсэн.

Гэхдээ хэсэг тус бүрт гурван баг өрсөлдөх бөгөөд 12 баг л Азийн АШТ-д хүч сорих юм. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 1-ний байдлаар тивдээ чансаагаар эхний 10-т багтсан багууд оролцох эрхээ шууд халаасалсан бол бусад 12 баг үлдсэн хоёр эрхийн төлөө нэмэлт тоглолт хийх юм.

Аваргаа хамгаалах зорилготой Монголын шигшээ баг “А” хэсгийг тэргүүлэх бол зохион байгуулагч орон БНХАУ “B” хэсгийг толгойлох аж. Харин бусад хоёр хэсгийг Япон, Казахстаны эрэгтэй баг тэргүүлэв.

Манайхны хувьд хэсэгтээ Катар, Тайванийн багтай учраа таарах нь тодорхой болжээ. Харин БНХАУ-ын хэсэгт Киргызстан, Туркменистан багтав. Японы хэсэгт Йордан, Казахстаны хамт Шинэ Зеланд багтсан юм.

Харин “C” болон “D” хэсгийн гурав дахь эрхийн төлөө 12 баг өрсөлдөнө. Ирэх дөрөвдүгээр сарын 27-28-нд болох нэмэлт эрхийн төлөө “А” хэсэгт Шри Ланк, БНСУ, Малайз, Узбекистан, Вануату, Тайланд өрсөлдөх бол нөгөө хэсэгт Индонез, Австрали, Иран, Самоа, Гуам, Хонконгийн баг хүч сорино.

Эмэгтэйчүүдийн хувьд зохион байгуулагч орон БНХАУ “А” хэсгийг тэргүүлсэн. Тэдэнтэй Малайз, Шинэ Зеланд хэсгээсээ гарахын төлөө хүч үзнэ. Харин “B” хэсгийг Йордан тэргүүлж, Индонез, Тайванийн баг орсон юм. Харин үлдсэн хоёр хэсэгт Казахстан, Туркменистан болон Япон, Ираны баг оржээ.

Монголын эмэгтэй шигшээ багийн хувьд Казахстан, Туркменистантай хэсгийн шатанд өрсөлдөх эрхийн төлөө Узбекистан, Вануату, Хонконгтой нэмэлт тоглолт хийх бол нөгөө талд Шри Ланк, Австрали, Тайланд, Самоагийн багууд өрсөлдөнө.

 

Стив Керр: Залууст тустай шийдвэр гаргах ёстой

NCAA буюу оюутны сагсан бөмбөгийн холбоо ахлах сургуулийн шилдэг тоглогчийг мөнгөөр “зодож” коллеждоо авдаг нь тодорхой болсноор багагүй дуулиан дэгдээгээд байгаа билээ. Энэ асуудлаар нэр алдартай хүмүүс хүртэл сэтгэгдлээ илэрхийлж, эсэргүүцэж байгаагаа мэдэгдэх болсон юм. NBA-ийн удирдлагууд шилдэг залуусыг шууд хөгжлийн лигт авчрах талаар бодож байгаа юм. Тэгвэл “Голден Стэйт Уорриорс”-ын ахлах дасгалжуулагч Стив Керр энэ талаар өөрийн үзэл бодлоо хуваалцжээ.

Лигийн өнгийг тодорхойлж буй багийг удирдаж байгаа Керр залууст ашигтай шийдвэр гаргах ёстой гэж бодож байгаагаа илэрхийлэв. Түүний хувьд одоогийн дүрмийг өөрчлөх ёстой гэнэ.

Тодруулбал, шинэ тоглогчийн сонгон шалгаруулалтад нэрээ өгсөн ч багт сонгогдож чадаагүй залуус оюутны лигээс хасагддаг одоогийн журмыг өөрчлөх хэрэгтэй гэж онцолжээ.

Одоогийн журмаар бол драфтад нэрээ өгсөн тоглогч цаашид мэргэжлийн агенттай болж, оюутны лигт эргэж ирэхгүй гэсэн гэрээ байгуулдаг аж. Керр энэ дүрмийг огт ойлгодоггүй бөгөөд залуусын боломжийг хаасан, болхи заалт гэж үзэж байгаа юм.

 

Ахлах сургуулийн тоглогчид G лигт тоглох уу

NCAA буюу Америкийн оюутны дээд лигийн хэд хэдэн томоохон албан тушаалтан, багийн ерөнхий менежер, ахлах дасгалжуулагч тэргүүтэй хэд хэдэн хүмүүс авилгалын хэрэгт холбогдож, холбооны мөрдөх товчооноос шалгалт явуулсан билээ. Багадаа 25 тоглогч энэ хэрэгт холбогдсон бөгөөд Мичиган их сургуулийн Майлс Брижес, Алабамагийн Коллин Секстон, Дюкийн Венделл Картер болон өнөөгийн NBA-ийн тоглогч Кайл Кузма, Деннис Смит Жуниор, Бэм Адебайо, Айзья Уайтхид, Маркель Фультц зэрэг томоохон нэрс холбогдоод байгаа юм.

Эдгээрээс Секстон болон Картер нар 2018 оны NBA-ийн драфтад нэрээ дэвшүүлсэн билээ. Өнгөрсөн жилийн сонгон шалгаруулалтаар лигт элссэн Смит, Адебайо, Фультц нар коллежийн сагсан бөмбөгт нэг жил тоглоод л дээд лигийн тамирчин болсон.

Тэгвэл их сургуулиуд шилдэг залуу тоглогчдыг урвуулахын тулд их хэмжээний мөнгө цацдаг болох нь тогтоогдсон. Томоохон их сургуулиуд тамирчдыг зөвхөн үнэгүй сургалт, шилдэг хөтөлбөр, үүх түүхээрээ урхиддаг байсан цаг ард хоцорчээ. Тэд их хэмжээний мөнгө эргэлдүүлж, ар гэрт мөнгөн тусламж, тамирчиндаа элдэв үнэтэй бэлэг өгөх зэргээр “өрсөлддөг” болсон юм.

Энэ асуудлаас болж, NBA ахлах сургуулийн шилдэг тоглогчдыг шууд “G лигт” элсүүлж магадгүй гэнэ.

“G лиг” гэж юу вэ?

“G лиг” бол NBA-ийн доод лиг гэсэн үг. Дээд лигийн баг бүр доод лигийнхээ аль нэг багтай холбоотой байдаг аж. Ингэснээр тоглогч нь гэмтсэн тохиолдолд цөөн хоногоор зарим тоглогчтой гэрээ байгуулж, гэмтлийн хүнд үеийг даван туулдаг. Түүнчлэн дээд лигт орон зай олдоогүй тамирчид энэ лигт өөрийгөө харуулах үүрэгтэй. Зарим үед их спортоо орхих цаг нь болчихсон ахмад тамирчид, хүнд гэмтлээс эргэн ирэх оролдлого хийж буй сагсчдын хувьд энэ лиг NBA рүү гарах нэг алхам болдог.

Коллежийн сагсан бөмбөгт тухайн тоглогч нэг ч ам.долларын цалин авах ёсгүй байдаг. Харин “G лиг”-ийн хамгийн өндөр цалин нь 25 мянган ам.доллар. Энэ нь Дюк болон Кентаки гэх мэт нэр хүндтэй коллежийн тоглогч байхтай харьцуулагдахгүй ч энэ лигт агент болон бусад ивээн тэтгэгчийн цалинтай байж болдог давуу талтай.

Өдгөө ахлах сургуульд тоглож буй чадварлаг тоглогчдын нэг Зион Уильямссон энэ лигт тоглохоор болвол “Adidas”, “Nike”, “Under Armour” зэрэг компаниуд ивээн тэтгэх сонирхолтой байгаа аж.

Коллежоос илүү “G лиг”-ийг сонгосон тоглогч NBA-д нэг бус удаа бий. Тодруулбал, Латавоус Уильямс ахлах сургуулиа төгссөнийхөө дараагаар хөгжлийн лигийн “Тулса 66” багт зүтгэж байв. Тэрбээр 2010 оны драфтад нэрээ дэвшүүлж, “Майами Хит” багт сонгогдсон билээ. Харамсалтай нь, Уильямс дээд лигт тоглож чадаагүй юм. Тэр хөгжлийн лигт дахин нэг улирлыг өнгөрүүлээд Испанийн Валенсиад мөн Пуорто Рико, Доминикан, Венесуэль, ОХУ-ын багт тоглосон билээ.

Түүнчлэн хөгжлийн лигт тоглож буй тамирчид цахимаар дээд сургууль төгсөх бүрэн боломжтой байдаг билээ.

 

 

 

 

Дирк Новицки 31 мянган онооны босго давсан зургаа дахь тоглогч

“Даллас Маверикс” багийн од Дирк Новицки NBA-ийн түүхэнд 31 мянган онооны босго давсан зургаа дахь тоглогч болжээ. Тэрбээр “Оклахома Сити Тандер” багийн эсрэг тоглолтын хоёрдугаар үед ийн түүхэнд бичигдлээ.

Ийнхүү немц эр домогт Карим Абдул Жаббар, Карл Малоун, Коби Брайант, Майкл Жордан, Уилт Чаймбэрлэн нарын шилдгүүдтэй хамт жагсах боллоо.

NBA-ийн бүх цаг үеийн хамгийн олон оноо авсан тоглогчид:

1. Карим Абдул Жаббар – 38,387

2. Карл Малоун – 36,928

3. Коби Брайант – 33,643

4. Майкл Жордан – 32,292

5. Уилт Чаймбэрлэн – 31,419

Энэ жил 39 настай герман эр  энэ улиралд холын зайнаас 42.1 хувьтай шидэж буй нь хамгийн оргил үзүүлэлт. Түүнчлэн 5.7 самбараас бөмбөг авч байгаа нь багтаа хоёрдугаарт бичигдэх үзүүлэлт  юм.

 

 

Филадельфи хотынхон Леброн Жэймсийг найрав

Филадельфи хотын нэгэн зарлалын компанийн мэдэлд байдаг самбарт өнөөдөр Леброн Жэймсийг тус хотод очиж тоглохыг урьсан нь олны анхаарлыг татав. Энэ жил 33 настай Жэймс ирэх зун чөлөөт тоглогч болох боломжтой. Түүнийг одоо багаасаа явж, шинэ хамт олонтой аваргын бөгжний төлөө зүтгэн гэж шинжээчид таамаглаж буй. Учир нь одоогийн багийн удирдлагуудтай “түр тар” хийснээс гадна багийнхаа бүрэлдэхүүнд сэтгэл дундуур байгаа гэж үзэж байгаа юм.

Тэгвэл Филадельфи хотод байдаг зарлалын компани Кливлэнд хотын төвд байрладаг I-480 хурдны зам дээрээс харагдахаар гурван самбарт Жэймсийг урьсан гэнэ.

Эхний самбарт “76” багийн гол тоглогч болох Бэн Симмонс, Жоэль Эмбийд, Роберт Ковингтон, Дарио Шарич нарын дугаар дээр Жэймсийн “23” дугаарыг нь тавьж, ирээдүй цагт ийм гарааны тавт бүрдэх боломжтойг харуулсан аж.

Сонирхуулахад, Леброн Жэймс багтаа үлдвэл таван жилийн 205 сая “ногоон”-ы цалин авах боломжтой. Энэ нь бусад багтай гэрээ байгуулснаас дор хаяж 50 саяар илүү хөлс юм. Саяхан Лос Анжелес хотод байшин худалдаж авснаас үүдэлтэй түүнийг “Лэйкерс” юм уу “Клипперс”-ийг сонгох боломжтой гэж үзэж байгаа юм. Мөн “Филадельфи 76”, “Сан Антонио Спэрс” баг түүний цалинг төлөх чадвартай багийн тоонд ордог.

 

NBA-ийн хамгийн удаан үргэлжилсэн цуврал төгсөх үү

NBA-ийн нэрт төвийн тоглогч Шакил О’Нил сагсан бөмбөгийн талбайгаа орхиод долоон жил болсон ч нэгэн сонирхолтой цуврал нь үргэлжилсээр байгаа аж. Учир нь түүнтэй хамт тоглож байсан тоглогчид аваргын цом хүртсэн цуврал нь 34 жил үргэлжилсэн гэнэ.

Тийм ээ, та зөв харсан. 1984 онд “Бостон Селтикс” баг аваргалахад Жорж Найт энэ багт байв. Ж.Найт хожим 1994 онд “Орландо”-д байхдаа залуухан Шактай хамтарч байв. Тэгвэл хамгийн сүүлд “Голден Стэйт Уорриорс” баг түрүүлэхэд Мэтт Барнс бүрэлдэхүүнд нь байлаа. Түүнийг 2009 онд “Финикс Санс”-т байхдаа аварга эртэй нэг багт байсныг нь мэдэх байх.

Ингээд уг жагсаалтыг сонирхуулья:

1984 (Селтикс) – Жорж Найт (Орландо Мэйжик, 1994)

1985 (Лэйкерс) – Байрон Скотт (Л.А Лэйкерс, 1997)

1986 (Селтикс) – Жорж Найт (Мэйжик, 1994)

1987 (Лэйкерс) – А.С Грин (Лэйкерс, 2000)

1988 (Лэйкерс) – А.С Грин (Лэйкерс, 2000)

1989 (Пистонс) – Деннис Родман (Лэйкерс, 1999)

1990 (Пистонс) – Жон Соллей (Лэйкерс, 2000)

1991 (Буллз) – Хорас Грант (Лэйкерс, 2004)

1992 (Буллз) – Хорас Грант (Лэйкерс, 2004)

1993 (Буллз) – Хорас Грант (Лэйкерс, 2004)

1994 (Рокетс) – Роберт Орри (Лэйкерс, 2003)

1995 (Рокетс) – Роберт Орри (Лэйкерс, 2003)

1996 (Буллз) – Стив Керр (Мэйжик, 1993)

1997 (Буллз) – Рон Харпер (Лэйкерс, 2001)

1998 (Буллз) – Рон Харпер (Лэйкерс, 2001)

1999 (Спэрс) – Стив Керр (Мэйжик, 1993)

2000 (Лэйкерс*) – Коби Брайант (Лэйкерс, 2004)

2001 (Лэйкерс*) – Тайрон Лю (Лэйкерс, 2001)

2002 (Лэйкерс*) – Рик Фокс (Лэйкерс, 2004)

2003 (Спэрс) – Стив Керр (Мэйжик, 1993)

2004 (Пистонс) – Линдсей Хантер (Лэйкерс, 2002)

2005 (Спэрс) – Роберт Орри (Лэйкерс, 2003)

2006 (Хит*) – Дуэйн Уэйд (Хит, 2008)

2007 (Спэрс) – Роберт Орри (Лэйкерс, 2003)

2008 (Селтикс) – Пол Пирс (Селтикс, 2011)

2009 (Лэйкерс) – Дерек Фишер (Лэйкерс, 2004)

2010 (Лэйкерс) – Люк Уолтон (Лэйкерс, 2004)

2011 (Маверикс) – Саша Павлович (Селтикс, 2011)

2012 (Хит) – Удонис Хаслем (Хит, 2008)

2013 (Хит) – Рэй Аллен (Селтикс, 2011)

2014 (Спэрс) – Борис Диав (Санс, 2009)

2015 (Уорриорс) – Леандро Барбоса (Санс, 2009)

2016 (Кавальерс) – Леброн Жэймс (Кавальерс, 2010)

2017 (Уорриорс) – Мэтт Барнс (Санс, 2009)

Тэгвэл энэ улиралд түрүүлэх магадлалтай гэгдэж буй “Голден Стэйт Уорриорс” баг түрүүлвэл энэ цуврал нь тасрах аж. Өнгөрсөн жил түрүүлсэн М.Барнс зодог тайлснаар Шактай хамт нэг багт байсан тоглогч Дайчдад байхгүй болсон юм.

NBA-ийн зарим тоглогчдын дугаар ямар учиртай вэ

Таны шүтдэг, бидний мэддэг тоглогчдын дугаар ямар далд утга агуулдаг юм бол гэж бодож үзсэн үү. Зарим тоглогчийн хувьд өмсгөлийн дугаараа ямар ч шалтгаангүй сонгодог бол бусад нь багаас шаардлагатай арга хэмжээ авсан байх нь бий. Тэгвэл доорх 15 тоглогч дугаараа ямар шалтгаанаар сонгосон бол…

15. Энтони Дэвис #23

Кентаки их сургуулиас NBA-д элссэн цагаасаа хойш “Хөмсөг” хочит Энтони Дэвис олны анхаарлын төвд буй. Энэ цаг үеийн шилдэг төвийн тоглогчдын нэг Дэвис Чикагогийн уугуул. Тиймээс түүнийг 23 дугаараа авахад гайхах зүйлгүй гэж бодож болно. Алдарт “Чикаго Буллз” багт домогт тоглогч Майкл Жордан тоглож байсан шүү дээ. Гэхдээ Дэвис “Нисдэг Жордан”-ыг бус Леброн Жэймсийг дэмждэг учир ийм дугаар сонгосон гэнэ.

14. Пол Жорж #13

Пол Жорж хүүхэд байхаасаа л “Лос Анжелес Лэйкерс” багийн хөгжөөн дэмжигч байв. Тиймээс Коби Брайантын #24 дугаарыг лигт элссэн эхний хэдэн жилдээ “ашигласан” удаатай. Гэвч дугаараа сольж, #13 дугаартай тоглох болсон нь “PG-13” шинэ хочтой болж, замналаа шинээр эхлүүлэх хүслээс нь үүдэлтэй.

13. Ражон Рондо #9

Р.Рондо лигт тоглохоосоо өмнө 4# дугаартай талбайд гардаг байв. “Бостон Селтикс” маш олон дугаарыг мөнхөлсөн, арвин түүхтэй багийн нэг билээ. Рондо тус багт ирэх үеэр энэ багт ашиглах боломжтой ганц оронтой тоонууд нь 8 болон 9 байсан бөгөөд тэр сонголтоо хийсэн юм.

12. Кевин Гарнетт #21

Кевин Гарнетт замналынхаа турш хэд хэдэн дугаар сольсон. “Миннесота”-д анх гялалзаж байхдаа #21 дугаарыг алдаршуулсан бол “Бостон Селтикс”-т аваргын цом хүртэх үедээ #5 дугаартай тоглож байв. Хожим “Бруклин Нетс” багт солилцоогоор очихдоо #2 дугаартай талбайд гарах болжээ. Түүний дотны найз, “Миннесота”-д зүтгэж байсан Малик Сили #2 дугаартай тоглодог байсан бөгөөд Гарнеттын 34 насны төрсөн өдрийн шоунаас буцаж харих замдаа осолдож нас барсан харамсалтай түүхтэй.

11. Дирк Новицки #41

Герман довтлогч Дирк Новицки АНУ-д ирэхээсээ өмнө #14 дугаартай тоглодог байв. Түүнийг “Даллас”-т очсон хойно тус багт энэ дугаарыг Роберт Пак эзэмшиж байжээ. Р.Пак шинэ тоглогчид дугаараа өгөхөөс татгалзсан тул немц эр шинэ дугаар авахаас өөр арга байсангүй.

10. Стив Нэш #10

Канад холбогч Стив Нэш “Финикс Санс”-т #13 дугаартай тоглож байсан ч хожим “Лос Анжелес Лэйкерс”-т очиход хуучин дугаараа авах боломжгүй байжээ. Учир нь домогт Уилт Чаймбэрлэн ийм өмсгөлтэй талбайд гардаг байсан бөгөөд Нуурынхан нэрт тоглогчийн дугаарыг нь мөнхөлсөн аж. Тиймээс хөлбөмбөг их сонирхдог канад эр нэрт тоглогч Зинедин Зидан, Леонал Месси нарын адил #10 дугаарыг сонгож, их спортоо орхих хүртлээ өмссөн билээ.

9. Гилберт Аренас #0

Гилберт Аренас гэж авьяаслаг тоглогч байлаа. “Вашингтон Визардс”-т байхдаа нэг тоглолтод 60 оноо авч байсан Аренасыг коллежийн дасгалжуулагч нь NBA-д нэг ч минут тоглохгүй гэж наргиа хийснээс л ийм дугаар сонгох шалтгаан болсон юм.

8. Кевин Дюрант #35

Кевин Дюрантын амьдралд нөлөө үзүүлсэн дасгалжуулагч Чарлес Крайг 35 насандаа бусдад алуулсан учир КД коллежийн тоглогч байсан хэдий ч түүнд хүндэтгэл үзүүлж, ийм дугаартай талбайд гарах болжээ.

7. Дуэйн Уэйд #3

Д.Уэйд шүтлэгтэй залуу. Христийн шашинд гурвын тоог ихэд дээдэлдэг учир тэр ийм дугаар сонгосон аж.

6. Рассел Уэйстбрук #0

Сэтгүүлчид яагаад ийм дугаар сонгосныг тодруулахад Р.Уэйстбрук “UCLA-д дөнгөж элсээд бүхнийг шинээр эхлүүлэх хүсэлтэй байсан учир” гэж хариулжээ.

5. Крис Пол #3

К.Пол аав болон ахдаа хүндэтгэл үзүүлэх үүднээс энэ дугаарыг сонгосон гэнэ.

4. Метта Уолд Пийс #37

Өмнө нь Рон Артест нэрээр тоглож байсан ч хожим Метта Уолд Пийс болгон өөрчилсөн энэ эрхэм “Лос Анжелес Лэйкерс” багт ийм дугаартай зүтгэж байв. Дэлхийн энхтайван маань попын хаан Майкл Жексоны “Thriller” цомог 37 долоо хоногийн турш борлуулалтаар тэргүүлж байсныг бэлгэдэсэн гэдэг.

3. Дамиан Лиллард #0

 

Д.Лиллард 0 тоог бус О үсгийг бэлгэшээж, дугаараа сонгосон. Тодруулбал, тэр Оаклэнд хотод өсөж торнисон, Юта мужийн Огден хотын их сургуульд суралцаж, одоо Ореган мужийн багт тоглож буй.

2. Деннис Родман #70

Деннис Родман бол дугаараа их сольсон тоглогчийн нэг. Тэрбээр “Даллас Маверикс” багт солилцоогоор ирээд #69 дугаартай тоглохыг хүссэн ч лигийн комиссар Дэвид Стерн ийм дугаартай тоглохыг нь хоригложээ. Тиймээс Родман 70 дугаарыг сонгосон юм. Д.Стерн юуны учир 69 дугаарыг хориглосон нь тодорхойгүй ч цагтаа сексийн бэлгэ тэмдэг болж явсан Родманд энэ дугаар зохихгүй гэж үзсэн бололтой.

1. Майкл Жордан #23

Майкл Жордан бол #23 дугаарыг алдаршуулсан эрхэм. Нэрт хөлбөмбөгчин Дэвид Бекхэм Испанийн “Реал Мадрид” багт очихдоо түүнийг хүндэтгэж, ийм дугаар сонгосон бол өнөө цагийн шилдгүүдийн нэг Леброн Жэймс гэх мэт олон тоглогчид түүнийг шүтдэг байсан учир #23 дугаартай талбайд гардаг. Тэгвэл Жорданы хувьд энэ дугаарыг сонгосон нь учиртай. Түүний ах Ларри Жордан 45 дугаартай тоглодог байсан юм. Тиймээс домог маань ахынхаа авьяас чадварын талд нь хүрдэг гэж үзэж байсан учир 23 дугаарыг сонгожээ.

Жинхэнэ эр хүн Жон Уолл

NBA-гийн “Вашингтон Визардс” багийн холбогч Жон Уолл энэ зун их сургуульдаа буцаж суралцахаар болжээ.  

Тэрбээр Кенттакигийн их сургуульд суралцаж байхдаа 2010 онд лигт элсэхээр нэрээ дэвшүүлсэн билээ. Тэгвэл бизнесийн чиглэлээр их сургуулиа төгсөхийн тулд энэ зун их сургуульдаа эргэн орохоор төлөвлөж байгаа аж. Өнөө жил 27 нас хүрсэн Уолл балчир байхдаа аавдаа заавал их сургуулиа төгсөнө гэж амлалт өгсөн гэнэ. Түүний эцэг хүүгээ найман настайд нь хорвоог орхисон билээ.

Сонирхуулахад, өнгөрсөн зун түүний Ж.Уоллын төрсөн эгч нь их сургуулиа төгсөж, гэр бүлийнхнээсээ коллежоо төгссөн анхных нь болсон юм. Энэ явдал нэрт тоглогчид ихийг бодогдуулсан бололтой.

Тэрбээр энэ талаар “Бидний сагсан бөмбөг дэх замнал дуусах үеэр ямар нэг зүйл хийх хэрэгтэй болно. Ерөнхий менежер, доктор эсвэл бизнесмэн ч байж болох юм. Гэхдээ бүх зүйлд бэлэн байх ёстой” гэж Ж.Уолл сэтгүүлчдэд ярьжээ.