Category: Заавар

NBA: Фантази хэрхэн тоглох вэ?

Сагсан бөмбөг сонирхогчдод НБА-гийн улирлыг илүү амттай болгохоор олон сонирхолтой зүйл хэрэгжүүлдэг. Хамгийн түгээмэл бөгөөд эрэлт ихтэй байдаг нь ФАНТАЗИ ЛИГ юм.

Оролцогчид багийн эзний дүрд орж, өөрсдийн босгосон багаар улирлын турш өрсөлдөнө. Фантазиг олон форматаар тоглож болох бөгөөд энэ удаад “Yahoo Fantasy” -д “Head to Head” загвар дээр хэрхэн тоглох тухай заавар хүргэе.

Фантази лиг нь НБА-гийн улирал эхлэхээс дуусах хүртэлх хугацаанд үргэлжилдэг. Лигт хамгийн багадаа дөрвөн баг, хамгийн ихдээ 20 баг өрсөлдөнө. Улирлын өмнө багууд шинэ тоглогчид сонготой ижил аргаар фантазид оролцогчид одоо идэвхтэй байгаа тоглогчдын дундаас сонголт хийж, өөрийн багийг бүрдүүлнэ.

Фантази лиг нээх талбар

Зөвхөн драфт хийгээд өрсөлдөх биш улирлын турш тухайн багийн эзэн/менежер байж бусад багийн менежерүүдтэй солилцоо хийх, тоглогчдыг багаас хасах, чөлөөт агентаас тоглогч нэмэх зэрэг үйлдэл хийх боломжтой. Үүнээс гадна хоорондоо ямар зарчмаар өрсөлдөх, улирлыг хэдэн долоо хоног үргэлжлүүлэх зэргийг тухайн лигийг үүсгэсэн коммисар бүх тохиргоог тааруулдаг юм.

Хамгийн түгээмэл тохиргоо бол баг тус бүр 13 тоглогчтой байх бөгөөд тухайн өдөрт 10 тоглогч гараанд гарч, гурван тоглогчийг сэлгээнд суулгаснаар тоглогчдын тухайн өдрийн үзүүлэлтээр өрсөлдөгч багтайгаа тулна.

Гарааны тоглогчдын тохиргоо хэсэг

Тоглогчдыг өдөр болгон байршуулах, хэн ямар үзүүлэлт үзүүлснийг нягталж багтаа авч үлдэх эсвэл хасах шийдвэрээ менежер гаргах учир мэдээ мэдээлэлтэй өдөр бүр танилцсанаар таны сагсан бөмбөгийн мэдлэг ч тэр хэрээр тэлэх юм.

Заримдаа үед багаа байрлуулж амжихгүй бол долоо хоногоор нь багаа байрлуулах боломжтой билээ.

Ихэнхи лигүүд “Head-to-Head” системээр долоо хоног бүр өөр өөр өрсөлдөгчидтэй халз тоглох байдлаар явдаг. Тоглогчдын амжилтыг тооцдог үндсэн 9 үзүүлэлт:

  • FG% – довтолгооны хувь
  • FT% – чөлөөт шидэлтийн хувь
  • 3PTM – амжилттай болгосон холын зайн шидэлтийн тоо
  • Points – авсан оноо
  • Rebounds – самбараас бөмбөг авсан тоо
  • Assists – оновчтой дамжуулалтын тоо
  • Steals – бөмбөг таслалтын тоо
  • Blocks – бөмбөг хаалтын тоо
  • TO – бөмбөг алдалтын тоо

Долоо хоног бүр цуглуулсан хожил, хожигдол, тэмцээний үзүүлэлтээр эрэмбэлэгдэж Фантази улирлын төгсгөлд Плей-Оффын байранд үлдсэн багууд цааш шалгарч илүү сонирхолтой өрсөлдөөнийг үзүүлж эхэлнэ.

Анхлан сонирхогчдод зориулсан “Public” буюу нээлттэй, хүссэн хүн нь оролцох боломжтой лигүүд мөн байх бөгөөд олон улсын тоглогчидтой тоглон туршлага судлах боломжтой.

Мөн Фантази Драфт эхлэхийн өмнө лигийн гишүүд хэдээр сонгохоо шийдсэнээр “Mock” буюу хуурмаг драфт хийж нарийн судалгаа хийсний дүнд сонголтоо хийх учиртай.

Хэдийгээр солилцоо хийж, чөлөөт агентаас тоглогч нэмэх боломжтой ч бооцоотой лигүүдийн хувьд солилцоо хийх нь бага байдаг. Менежерүүдийн хувьд бүх зүйлд бэлтгэлтэй байх хэрэгтэй буюу тухайн тоглогч долоо хоногт хэдэн тоглолт хийхийг, өрсөлдөгч багууд нь ямар түвшний багууд байгааг, мөн бэртэл гэмтэл, дасгалжуулагчийн өгөх минутыг ч тооцоолох хэрэгтэй.

Мэдээж хэрэг маш их цаг хугацааг энэ зүйлд зориулж байгаа учир өөрийн орж буй лигүүдэд бусад менежерүүдтэйгээ тохирон тодорхой хэмжээний бооцоотой тоглох, мөн долоо хоног бүр өрсөлдөгч менежертэйгээ бооцоо тавин тоглох ч боломжтой. Гэхдээ БООЦОО-т тоглоом Монгол улсад хуулийн хязгаарлалттай байдаг гэдгийг хатуу анхаарах хэрэгтэй.

Хэн сайн баг бүрдүүлнэ, хэний багийн тоглогч тухайн долоо хоногт цойлно мэдээж энэ бүхэн менежерийн ур ухаан, аз ёндоо хосолж ялагч болох нь ойлгомжтой.

Энэ улирлын хувьд 2020 оны Арванхоёрдугаар сарын 22-нд улирал албан ёсоор эхэлж Фантази лигийн хувьд эхний долоо хоног эхлэх болно.

Улирал эхлэхээс өмнө найз нөхөд, ажлын хамт олон, сонирхол нэгт залуустайгаа нэгэн сонирхолтой улирлыг өнгөрүүлээрэй.

Танд Фантази спортоор хүч үзэхэд “yahoo”-д бүртгэлтэй хаяг байхад л хангалттай!

Дуртай спортоо илүү сонирхолтойгоор шимтэж үзэцгээе!

Basketpedia – фантази лиг
KOO.MN – вэбсайтын нэрэмжит фантази лиг

Бэлтгэсэн: Basketpedia