Лэброн Жэймс, Дирк Новицки, Винс Картер, Стефен Карри, Рассел Уэйстбрук, Крис Пол, Кармэло Энтони, Дуэйт Ховард болон Грэгг Попович. Ихэнх нь Алдрын танхимд багтахад гайхахааргүй агуу түүхтэй хүмүүс. Энэ улиралд ч тэд тус бүрийн багтаа өөрийн үүргээ гүйцэтгэхээс гадна цаасан дээр бичигдэх хувийн рекордоо ч ахиулах боломжтой юм.
Лэброн болон Дирк нар бүх цаг үеийн онооны жагсаалтад дээгүүр бичигдэж байгаа бол Рассел Уэйстбрук трипл даблынхаа тоогоор Жэйсон Кидд болон “Шидэт” Жонсон нарыг гүйцэж, хоёрдугаарт жагсах боломж бий.
Лэброн Жэймс
- Оноо: Л.Жэймс 16 улирлын турш NBA-д зүтгэхдээ 31,038 оноо авсан үзүүлэлтээр бүх цаг үеийн долдугаарт жагсаж буй. Энэ улиралд тэр Д.Новицки (#6), У.Чэймбэрлэн (#5) болон М.Жордан (#4) нарыг гүйцэх боломжтой. Л.Жэймс энэ улиралд М.Жорданг гүйцэхийн тулд 1,254 оноо авах шаардлагатай. Хэрвээ замналынхаа турш дунджилсан 27.2 оноогоо энэ улиралд давтвал 46 тоглолтын дараа тэр М.Жорданг гүйцэх болно.
- Дамжуулалт: Лэброн бүх цаг үеийн жагсаалтад Андре Миллерийг гүйцэж, 10 дугаар байрт зогсохын тулд 317 оновчтой дамжуулалт хийх ёстой. Өөрийн дундаж үзүүлэлтээ хийхэд (7.2) 45 тоглолт зарцуулна.
- Амжилттай болгосон шидэлт: Шинэ улиралд 51 шидэлтээ оновчтой болгоход бүх цаг үеийн зургадугаар байрт Шакил О’Нилийг гүйцэх бөгөөд түүний урд 440 шидэлтээ оновчтой болгосон Коби Брайант бичигдэнэ. Хэрвээ дундаж үзүүлэлтээ давтахад ойролцоогоор 45 тоглолтын дараа бүх цаг үеийн тавдугаарт жагсах юм.
Дирк Новицки
- Улирал: Дирк Новицки улирлын анхны тоглолтоо хийхэд л нэг багтаа 21 улирал тоглосон анхны тоглогч болно. Одоогоор 20 улирал нэг багтаа зүтгэсэн үзүүлэлтээр Коби Брайанттай тэнцдэг. Түүнчлэн NBA-гийн түүхэнд 21 улирал дараалан тоглосон амжилтаар Роберт Париш, Кэвин Уильис, Кэвин Гарнетт нартай тэнцэх юм. (Винс Картер мөн адил 21 улирал тоглоно)
- Оноо: Д.Новицки бүх цаг үеийн онооны жагсаалтад зургадугаарт бичигдэж буй. Тэрбээр урдаа буй У.Чэймбэрлэнийг гүйцэхийн тулд 233 оноо авах ёстой юм. (Гэхдээ Л.Жэймс одоогоор Д.Новицкиг гүйцэхийн тулд 150 оноо авах ёстой)
- Ялалт: Д.Новицки “Даллас” багийнхаа хамтаар улирлын 899 тоглолтод ялалт байгуулсан. Тэр одоо ганцхан хожил авахад л 900 ялалт байгуулсан тоглогч болж, 900-тын клубт нэгдэнэ. Энэ клубт Карим Абдул Жаббар (1,074), Р.Париш (1,014), Тим Данкан (1,001), Жон Стоктон (953), Карл Малоун (952) нар бий.
- Тоглолт: Герман эр энэ улирлын 29 тоглолтод оролцоход замналынхаа турш 1,500 тоглолтод оролцсон тоглогч болно. Уг үзүүлэлтэд ердөө гурван тоглогч л хүрч байжээ. Тодруулбал, Р.Париш (1,611), К.Абдул-Жаббар (1,560), Ж.Стоктон (1,504) нар юм.
Винс Картер
- Улирал: NBA-гийн түүхэнд 21 улирал дараалан тоглосон амжилтаар Р.Париш, К.Уильис, К.Гарнетт нартай тэнцэх юм. (Дирк Новицки мөн адил 21 улирал тоглоно)
- Оноо: В.Картер одоогоор бүх цаг үеийн онооны жагсаалтад 22 дугаарт жагсдаг. Тэрбээр 132 оноо авахад 25,000 онооны босго давах аж.
Стефен Карри
- 3 онооны шидэлт: С.Карри бүх цаг үед гурван онооны шидэлтээ оруулсан үзүүлэлтээр долдугаарт бичигдэж буй. Энэ улиралд 15-ыг оруулахад Пол Пирсийг, 24-ийг гүйцэтэхэд Жамал Крауфордыг гүйцэж, “айргийн тавдугаарт” жагсах боломжтой.
Рассел Уэйстбрук
- Трипл дабл: Нэг тоглолтод үзүүлсэн трипл даблаараа Р.Уэйстбрук дөрөвдүгээрт бичигддэг. Энэ улиралд дөрвийг хийхэд Ж.Киддийг гүйцэх бол 35 трипл дабл гүйцэтгэхэд “Шидэт” Жонсоныг хойноо оруулах аж. Одоогоор Оскар Робертсон (181), “Шидэт” Жонсон (138), Ж.Кидд (107), Р.Уэйстбрук (104) удаа трипл дабл хийсэн юм.
Крис Пол
- Дамжуулалт: К.Пол одоогоор бүх цаг үеийн есдүгээрт бичигддэг бөгөөд энэ улиралд хоёроор ахиулах боломжтой. 259 дамжуулалт хийхэд (Карьерийн дундажаар 27 тоглолтод) Гэри Пэйтоныг, 354 дамжуулалт өгөхөд (Карьерийн дундажаар 37 тоглолтод) Айзья Томасыг гүйцэх боломжтой.
- Бөмбөг таслалт: Одоогоор бүх цаг үеийн 12-т байгаа ч улирал дуусахад ТОП – 10 руу багтах боломж бий. 68 удаа бөмбөг “хулгайлвал” Мооки Блайлокыг, 78-ыг гүйцэтгэвэл Карл Малоуныг хойноо оруулах юм.
Кармэло Энтони
- Оноо: Бүх цаг үеийн онооны жагсаалтад 19 дүгээрт бичигдэж буй К.Энтони урдаа яваа Алекс Энглишийг гүйцэхэд 197 оноо авах шаардлагатай байгаа аж. Тэрбээр энэ улиралд Оскар Робертсон эсвэл Хакеем Олажувоныг гүйцэж, 11, 12-т жагсах магадлалтай. Ингэхийн тулд Кевин Гарнетт (17), Пол Пирс (15), Тим Данкан (13) нарыг гүйцэх ёстой юм.
Дуэйт Ховард
- Самбар: Д.Ховард бүх цаг үеийн жагсаалтад самбараас авсан үзүүлэлтээр 14-т зогсдог. Түүний урд 648 самбараар илүү Х.Олажуван, 669 самбараар илүү Уэс Анселд нар бий. Нэг тоглолтод дунджаар 12.7 самбар авдаг үзүүлэлтээ хийж, багадаа 50 тоглолтод оролцвол Д.Ховард тэдний урд гарах болно.
- Хаалт: Нийт замналынхаа турш 2,047 хаалт гүйцэтгэсэн “Суперман” энэ үзүүлэлтээр бүх үеийн 17-д эрэмбэтэй. Гэмтэл бэртлээс хол байж чадвал Жорж Жонсон, Манут Бол, Шон Брэдли, Бэн Уоллес нарыг ардаа орхиж, 13-т очих боломжтой юм.
Грэгг Попович
- Ялалт: Г.Поповичид багийнхаа хамтаар 1,200 ялалт байгуулсан тав дахь дасгалжуулагч болоход гуравхан хожил хэрэгтэй. Тэрбээр ирэх улиралд 14 ялалт байгуулвал Пат Рэйлиг, 25 хожвол Жэрри Слоаныг ардаа орхиж, бүх үеийн гуравдугаарт жагсана.
- Плэй-оффын цуврал: Түүний удирдлага дор “Спэрс” 21 улирал дараалан (1997-98 -аас 2017-18) хасагдах шатанд шалгарсан нь “Портлэнд”-ийн (1982-83 -аас 2002-03) үзүүлсэн амжилттай тэнцээд буй. Харин ирэх улиралд хасагдах шатанд шалгарвал “Филадельфи 76” багийн 22 жил дараалан (1949-50-аас 1970-71) плей-оффт өрсөлдсөн амжилтыг давтах юм.