Ёс зүйн алдаа гаргаж, Азийн наадмаас хөөгдсөн Японы эрэгтэй сагсан бөмбөгийн багийн гишүүд болох Такүя Хасимото, Кэйта Имамүра, Юяа Нагаяоши, Такүма Сато нарыг гэртээ ирсэн даруйд Японы сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Юко Мицүяа угтан авч, бүтэн жилээр тэмцээнд оролцохыг нь хориглосон тушаал буулгав. Эдгээр тамирчид бэлтгэлд хамрагдаж болох хэдий ч албан ёсны тэмцээнд оролцох эрхгүй аж.
Түүнчлэн тамирчдын гурван сарын цалингийн 10 хувийг суутгахаа Ю.Мицүяа мэдэгджээ.
Японы сагсан бөмбөгийн холбооны удирдах зөвлөлийн гишүүдийн хурал зохион байгуулж, хэрэг хийсэн гэх дөрвөн тоглогчоос тайлбар авсан байна. Тэд тоглолтын дараа гадуур зугаалж, наргиж цэнгэсэн, нутгийн биеэ үнэлэгч эмэгтэйчүүдтэй зугаацсан гэдгээ хүлээн зөвшөөрч, олон нийтээс уучлалт хүссэн юм.
Тоглогчид өнгөрсөн наймдугаар сарын 16-нд Катарыг 82:71-ээр хожсоны дараа ийм хэрэг үйлджээ. Шигшээ багийн зүгээс тэдний гэртээ харих зардлыг өөрсдөөр нь гаргаж, улсын зардлыг хэмнэж байгаагаа мэдэгдсэн юм.
Япончууд үлдсэн найман тоглогчтой тэмцээнээ цааш үргэлжлүүлсэн бөгөөд шөвгийн наймд Ираны багт 93:67-гоор хожигдсон.