Tag: u18 ДАШТ 3х3

3Х3: U18 хүртэлх насны ДАШТ-д оролцох багууд тодорлоо

2019 оны зургадугаар сарын 3-7-нд манай улсын нийслэл Улаанбаатар хотод 3х3 сагсан бөмбөгийн 18 хүртэлх насны өсвөрийн ДАШТ болно.

Энэ тэмцээнд оролцох чансаагаар тэргүүлсэн 20 багийн нэрс тодорлоо. Аргентинийн Буэнос Айрес хотод болсон өсвөрийн олимпод хөвгүүдийн ангилалд түрүүлсэн Аргентинийн шигшээ баг болон охидын ангилалд тэргүүлсэн АНУ-ын багууд ДАШТ-д оролцох эрхээ авсан юм. Манай улс зохион байгуулагч орон тул эрэгтэй, эмэгтэй ангилалд багаа бэлдэж байгаа бол АНУ-ын хөвгүүд чансаагаар эрх авснаар 2015 оноос хойш анх удаа тус тэмцээний хоёр ангилалд хоёуланд нь эрх авлаа. 

Зохион байгуулагч Монгол, давхар эрх авсан АНУ-аас гадна БНХАУ, Румын, ОХУ болон Украин зэрэг нийт зургаан орон хоёуланд нь багаа илгээх аж.

Филиппиний охидын баг түүхэндээ анх удаа ДАШТ-д оролцох эрх авчээ. 

Эрх авсан багууд:

Эрэгтэй: Аргентин (олимпийн аварга), Беларусь, Бразил, БНХАУ, Доминикан, Эстони, Гүрж, Итали, Йордан, Казахстан, Кыргызстан, Латви, Монгол (зохион байгуулагч), Румын, ОХУ, Словен, Турк, Туркменистан, Украин, АНУ.

Эмэгтэй: Бельги, БНХАУ, Чех, Египет, Франц, Унгар, Индонез, Япон, Мексик, Монгол (зохион байгуулагч), Нидерланд, Шинэ Зеланд, Филиппин, Польш, Румын, ОХУ, Шри Ланк, Швейцарь, Украин, АНУ (олимпийн аварга)