Tag: Энэтхэг

Олимпийн эрх олгох тэмцээн Энэтхэгт болно

Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос өчигдөр “Токио 2020” олимпийн эрх олгох тэмцээнийг Энэтхэг улсад зохион байгуулах болсныг албан ёсоор зарлав.

Олимпийн эрх олгох эхний тэмцээн ирэх оны гуравдугаар сард болно. Тус тэмцээнд медаль хүртсэн эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван баг Токиог зорих эрх юм.

Токиог зорих эрхийн төлөө эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг энэ тэмцээнд хүч сорино. Өнгөрсөн зургадугаар сард Нидерландын Амстердам хотод болсон 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-д эхний гурван байр эзэлсэн АНУ, Латви, Польшийн эрэгтэй сагсан бөмбөгчид энэ тэмцээнд оролцох эрх авсан билээ. Түүнчлэн ирэх арваннэгдүгээр сарын 1-ний байдлаар дэлхийд чансаагаар эхний гурав юм уу, дөрөвдүгээр байр эзэлсэн баг олимпод оролцох эрхээ шууд авах юм.

Зохион байгуулагч улс болох япончууд эрэгтэй, эсвэл эмэгтэй нэг баг оролцох эрхтэй аж. Одоогоор Японы эрэгтэй шигшээ баг эмэгтэйчүүдээс чансаагаар ахиу байгаа тул олимпод улсаа төлөөлөх магадлал илүү өндөр байгаа юм.

Ингэснээр дэлхийд чансаагаар тэргүүлж буй эрэгтэй гурван баг болох Серб, ОХУ, БНХАУ-ын баг оролцох эрхээ авч, харин манай эрчүүд эрх олгох тэмцээнд найдахаас өөр аргагүй болох юм. Харин Японы эрэгтэй баг эрх олгох тэмцээнд амжилттай оролцвол дөрөвдүгээрт бичигдэж буй Монголын эрэгтэй шигшээ багт боломж бий болно.