Tag: Энтони Дэвис

NBA: Энтони Дэвисийн солилцоо юуг өөрчлөх вэ

Холливудын цуврал кино хийх шахсан Энтони Дэвис өөрийнхөө хүсч байсан багтаа очлоо. “Лос Анжелес Лэйкерс” түүнийг өөрийн болгохдоо Лонзо Болл, Брэндон Инграм, Жош Харт болон драфтын нэгдүгээр тойргийн гурван эрхийг “Нью Орленс Пеликанс” руу шилжүүллээ. Тэд 2019 оны драфтын №4 болон 2021, 2024 оны драфтын нэгдүгээр тойргийн эрхтэй болсон юм.

Энэ солилцоо хоёр талд ашигтай боллоо гэхэд буруудахгүй болов уу. Кэвин Дюрант болон Клэй Томпсоны бэртэл “Голдэн Стэйт”-ийн ноёрхол унах дохио болж өгсөн бол Өрнөдийн бусад багуудад ашигтай. Нэгэнт лигийн шилдэг хоёр тоглогчтой болсон тул “Лэйкерс” багаа илүү сайжруулахыг хүсч буй нь лавтай.

Кэвин Дюрант, Клэй Томпсоны бэртэл энэ жилийн “хүн зах”-ын барааг ч эрс өөрчилсөн. Нэгэнт тэд хуучин багтаа үлдэх магадлалтай болсон тул “Нью Йорк Никс”, “Лос Анжелес Клиппэрс” зэрэг том зах зээлтэй багууд Кавай Леонард руу анхаарлаа төвлөрүүлж байна.

Харин “Лэйкерс” гурав дахь од тоглогчоо хайж сууна. “The New York Times”-ын сэтгүүлч Марк Стейний мэдээлснээр бол Кэмба Уолкерийг эгнээндээ элсүүлэхийг хүсч байгаа аж. Харин К.Уолкерийн хувьд “Чарлотт Хорнетс”-ийг орхиж явбал 80.7 сая ам.доллар алдах юм.

Кэмба Уолкер

К.Уолкерт хоёр боломж бий. Эхнийх нь “Хорнэтс” багтайгаа таван жилийн 221.8 сая ам.долларын гэрээ байгуулж, ирэх жил хасагдах шатанд өрсөлдөх эрхийн төлөө тэмцэх, эсвэл “Лос Анжелес Лэйкерс”-тай дөрвөн жилийн 140.6 сая “ногоон”-ы гэрээ үзэглэж, аваргын төлөө тэмцэх.

Харин К.Уолкер “Лэйкерс”-ийг сонговол тус багийн цалингийн цэсэнд дундаж гэрээ буюу 4.76 сая ам.долларын гэрээ үлдэнэ.

“Лэйкерс” аваргын төлөөх эхний дайралтаа хийсэн бол “Пеликанс”-ын ирээдүй гэрэлтэж байна.

Зайон Уильямсон

NBA-гийн драфтын нэгдүгээр бүсийн эхний эрхийг авсан “Пеликанс” энэ драфтын онцгой сонголт гэгдэж буй Зайон Уильямсоныг авчрах магадлалтай. Довтолгоонд Лонзо болон Зайоны хослолыг хараад зогсохгүй хүчирхэг хамгаалалттай баг бүрдэх юм. Л.Болл бол хэдийнэ лигийн шилдэг хамгаалагчдын тоонд орох болсон. Энэ багийн лидер Жруй Холидэй лигийн шилдэг хамгаалагчдын нэг билээ.

Мөн энэ жил тэд драфтын №4-өөр сонгоно. Одоогоор шинжээчид Виржиниагийн их сургуулийн довтлогч Де’Андре Хантерыг сонгох болов уу гэж таамаглаж байна.