Tag: Улаанбаатар гаруда

“Улаанбаатар Гаруда” Словенд ялалт байгуулж чадсангүй

Азийн наадмын 3х3 төрөлд 23 хүртэлх насны залуучуудын шигшээ баг оролцох болсноор үндсэн шигшээ болох “Улаанбаатар Гаруда” баг нь энэ сарын 18-19-нд Словенийн нийслэл Люблян хотод 20 мянган ам.долларын шагналын сантай Дэлхийн цомын цуврал тэмцээнд хүч сорьсон.

Э.Дөлгөөн,  Д.Дэлгэрням, Г.Цэнгүүнбаяр, Э.Цэрэнбаатар тэргүүтэй Монголын баг тамирчид “С” хэсэгт Словенийн “Люблян”, Сербийн “Врбас Авай” багуудтай нэг хэсэгт багтсан. “Люблян”-ы хувьд дэлхийд чансаагаар зургадугаарт бичигддэг. Энэ жагсаалтад “Улаанбаатар Гаруда” баг Ази тивээс хамгийн өндөрт буюу 15-д жагсдаг юм. Харин “Врбас Авай” клубийн хувьд сүүлийн үед чансаа нь ахиж буй баг. Тэд хамгийн сүүлд чансаа шинэчлэгдэхэд 29 байр ахиж, 22-т орж ирсэн билээ.

Энэ удаагийн тэмцээний чансаагаар доогуур бичигдсэн тул “Врбас Авай” урьдчилсан шатанд өрсөлдөж, үндсэн хэсэгт багтсан юм. Тэд эхний тоглолтод талбайн эзэн багийг 20:14-өөр, дараа нь манай тамирчдыг 21:20-оор илүүрхэв.

Ингэснээр манай багийн хувьд гол найдвар нь “Люблян”-ыг нутаг дээр нь хожих. Харамсалтай нь, талбайн эздийн холын шидэлт байндаа тусч байсан бол “Улаанбаатар Гаруда”-гийн шидэлтүүд оновчтой болохгүй байв. Эцэст нь 19:15-аар ялагдаж, хоосон хоцорлоо. Манай баг нийт 35 оноо авч, дунджаар 17.5 оноо бичүүлжээ.