Tag: Мурат

Муратын Булбул 37 оноо авч, багаа хожилд хөтөллөө

Азийн наадмын эмэгтэйчүүдийн 5х5 төрөлд Монголын шигшээ баг эхний тоглолтоо Хонконгийн эсрэг хийж, 83:79-өөр бахдам ялалт байгуулав. Манай сагсчид тоглолтын эхнээс санаачилгыг авч, нэгдүгээр үед 22:12-оор илүүрхсэн бол хоёрдугаар үед Хонконгийн баг гаргасан алдаандаа дүгнэлт хийсэн нь илт байв. Энэ үед хоёр баг эн тэнцүү үзэж, монголчууд есөн оноогоор давамгайлсан юм.

Харин гуравдугаар үед Хонконгийн багийн хамгаалалт эрс чангарч, эсрэгээр манай тамирчид дараалан бөмбөгөө алдаж байлаа. Эхний хагаст 12 бөмбөг алдсан манай эмэгтэйчүүд богино хугацаанд гурав дараалан бөмбөгөө алдаж, нийт зургаан удаа бөмбөгөө эсрэг багт бэлэглэчихсэн. Үүний үр дүнд хонконгчууд тооны харьцааг ойртуулж, бүр тэнцүүлээд амжсан. Тооны харьцаа 58:58 болж, тун эгзэгтэй энэ үед Муратын Булбул хэрэгтэй гурван оноог авснаар багаа сэргээсэн.

Гуравдугаар үеийн төгсгөлд Баясгалангийн Солонго хурдан довтолгооны үеэр өвдгөндөө бэртэл авч, О.Баярцогт дасгалжуулагчийг багагүй сандаргасан. Хэдийгээр олон бөмбөг алдаж байсан ч эмэгтэйчүүд эсрэг багаа самбар дор илүүрхэж, хоёр дахь боломжийг цөөнгүй үүсгэсэн. Үүнд Б.Солонгын үүрэг багагүй байлаа. Тиймээс түүнийг алдвал Монголын баг тун хэцүү байдалд орох байв. Азаар түүний гэмтэл гайгүй өнгөрч, дөрөвдүгээр үед талбайд эргэн ирсэн юм.

Шийдвэрлэх дөрөвдүгээр үед дөрвөн онооны илүү эхлүүлсэн ч өнөөх л бөмбөгөө алдаж байсан нь бидэнд сөргөөр нөлөөлөв. Хонконгийн баг ч энэ боломжийг ашиглаж, дараалан дөрвөн оноо авснаар тооны харьцааг тэнцүүлсэн. Байдал хаашаа ч эргэж мэдэхээр энэ үед Б.Өнөрзаяа холын зайнаас оруулж, улмаар М.Булбул дараалан долоон оноо авснаар 10 оноогоор тэргүүлж эхэлсэн юм. Эсрэг багаас тооны харьцааг найм руу ойртуулсан ч Б.Өнөрзаяа дахин гурваас оруулж, онооны зөрүүг холдуулав. Тоглолтын төгсгөлд хонконгчууд онооны зөрүүг гурав болгон ойртуулсан ч М.Булбул хоёр дараалан холын зайн шидэлтээ оновчтой болгосноор багийнхаа ялалтыг бататгав.

Ийнхүү 38 минут талбайд өнгөрүүлсэн М.Булбул 37 оноо авч, холын зайнаас найман шидэлтээ амжилттай болгосон юм. Түүнчлэн Б.Өнөрзаяа 23 оноо, долоон оновчтой дамжуулалт, таван самбараас бөмбөг авсан бол Б.Солонго 14 оноо, 13 самбар, зургаан оновчтой дамжуулалт, таван хаалт гүйцэтгэжээ.

Эсрэг багийн лидер Ли Кван 22 оноо, По Ше Вон 16 оноогоор багаа тэргүүллээ.